Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав бүтээн байгуулалтын баатруудын ажилтай танилцлаа

Засгийн газраас иргэдээ ажилтай орлоготой байлгах үүднээс мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилго тавьсан. Үүний хүрээнд Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж богино хугацаанд 7000 залууг эх орны бүтээн байгуулалтад оролцуулахаар бэлтгэж байгаа билээ. Хөтөлбөрийн эхний ээлжийн 5827 суралцагч хоёр сар танхимд суралцаж, дадлагадаа гараад байгаа юм. Энэ үед Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав суралцагчдаа эргэн, дадлага хийж байгаа газартаа хэрхэн ажиллаж, дадлагажиж байгаатай танилцлаа. Тэрээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон гурван аж ахуй нэгжээр зочилж, дадлага хийж байгаа суралцагчдаа эргэв. Эрчим хүчний угсралт засварын “МЭЗ” компанид Хөдөлмөрийн сайд саатаж, суралцагчдынхаа ажилтай танилцсан юм. Энэ компанид 15 суралцагч гэрээ байгуулан, дадлага хийж байгаа аж. Тус компанийн хувьд IV цахилгаан станцын засварын цехийн үндсэн бүрэлдэхүүнд ажиллаж байгаад хувьд шилжжээ. Өөрийн байгууллагад дадлага хийж байгаа суралцагчдийг, “Хүүхдүүд суралцах хүсэл эрмэлзэлтэй, хичээл зүтгэлтэй байгаа” гэж компанийн удирдлагууд сайшааж байлаа. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав энэ үеэр “Шинэчлэлийн Засгийн газраас анхаарал хандуулж байгаа Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж ажиллаж, хөдөлмөрлөх хүсэл зориг дүүрэн байгаа залуусыг ажлын байраар хангаж, дадлагажуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууддаа талархаж байна. Цаашид манай суралцагчдыг улам сайн дадлагажуулж, сайн мэргэжилтэн болгоорой” хэмээн захив.

Сайдын дараагийн газар нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Моннис сервис саппорт” компани байв. Тус компанид Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн 12 суралцагч ажиллаж байгаа аж. Тэд бүх төрлийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралтыг хэрхэн хийдгийг өөрийн биеэрээ үзэж байгаа аж. “Моннис Сервис Саппорт” нь ажиллагсдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажилчдаа гадаадын томоохон үйлдвэрлэгч компанийн сургалтад тогтмол хамруулдаг байна. Мөн гадаадын мэргэжилтнүүдийг урьж авчирч ажилчиддаа сургалт явуулдаг юм байна. “Хүнд машин, техникийн мэс засалч бэлтгэдэг танай компани хүний нөөцөө Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн суралцагчдаас бүрдүүлж байгаа нь сайшаалтай байна. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажил олгогчдын идэвхи санаачилга чухал” гэдгийг салбарын сайд хэлж байлаа.

Үндэсний мэргэжилтэй ажилтнуудыг дадлагажуулж, чанартай сайн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд гар бие оролцож байгаа дараагийн нэг компани бол үндэсний үйлдвэрлэгч “Ган хийц” компани юм. “Ган хийц” ХК нь 1985 онд Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харъяа Барилгын Төмөр Хийцийн Үйлдвэр нэртэйгээр анх байгуулагдсан. Жилдээ 6000 тн төрөл бүрийн төмөр хийц  эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай . Тус үйлдвэрийн газар 1992 оноос үйлдвэрлэл худалдааны "Ган хийц" хувьцаат компани болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан. Өнгөрсөн онуудад 60000 тн төмөр хийц эдлэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн манай улсын ууган компани аж. Энэхүү түүхэн том үйлдвэрт 15 залуу чадварлаг боловсон хүчин болохоор суралцаж байна. “Монголчууд өөрсдөө юм хийж чаддаг болсон. Алийн болгон монголчууд юм хийж чаддаггүй гэж цоллуулах вэ. Харин ч илүү чармайлттай хийж чаддаг болсон. Манай компаний хувьд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр"-ийн суралцагчдаас хүний нөөцөө бүрдүүлж, цаашид ч энэ мэтээр бэлтгэсэээр байна” гэв.

Ийнхүү Хөдөлмөрийн сайдын үндэсний мэргэжилтэн бэлтгэх ажилтай танилцаж, дадлага хийлгэж байгаа, дадлажиж байгаад нь хандаж “Дадлагад гарсан компанидаа идэвхи чармайлттай ажиллаж байгааг харлаа. Цаашид ч сайн суралцаарай” хэмээн захисан юм. Дашрамд дурьдахад, дээрх суралцагчид Засгийн газраас сар бүр 190 400 төгрөгийн тэтгэлэг авч байгаа  юм. Суралцагчдын эхний ээлж ирэх есдүгээр сард төгсч, дадлага хийж байгаа компанидаа үндсэн ажилтнаар үлдэх юм. Одоогийн байдлаар нийслэл хотод 1277, хөдөөд 3308 суралцагч гэрээ байгуулсан компанидаа дадлагажиж байна. Харин “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хоёрдугаар ээлжинд 7283 иргэн бүртгүүлснээс 1968 иргэн ажил олгогчтой гэрээ байгуулан хичээлдээ оржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан