Говийн ноён хутагтын ес дэх дүр Дорноговь аймгаас тодорсныг сэнтийд нь залах ёслол өнөөдөр тус аймгийн Хамарын хийдэд болж байна.
Говийн тавдугаар Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий нээсний 210 жилийн ой тохиож буй түүхэн үетэй давхцан V ноён хутагтын төрсөн нутаг, Хөвсгөл сумаас тодорсон ес дэх дүр нь Отгоннамжилын Угтахбаяр гэдэг, 26 настай юм байна.
Тэрээр Улаанбаатарт Шашны дээд сургууль дүүргээд, Хамарын хийдэд шавилж, улмаар Энэтхэг улсад номын дуу сонсож, бурхан шашны номд нэвтэрсэн нэгэн бөгөөд 400 гаруй хүнээс дээрхийн гэгээн XIY Далай лам шигшин тодруулжээ.
Өнөөдөр говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Хамарын хийдэд хутагдын ес дэх дүрийг сэнтийд нь залсны дараа тэрээр сүсэгтэн олондоо хандаж сургааль айлдан ном хурах юм байна.