Чехийн Брно хотын амьтны хүрээлэнгийнхэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд цагаан баавгайнаасаа ихэр хоёр эр эм бамбарууш хүлээн авч мундахгүй их ажилтай болоод байгаа.
Өнгөрсөн долоо хоногт хоёр бамбаруушийг эмнэлгийн үзлэгт оруулж бүх төрлийн шинжилгээ хийгээд эв эрүүл гэжээ. Тэгэхдээ тэдэнд дохиоллын чип бас суулгасан байна. Одоо тэд ээжтэйгээ өөрийн гэсэн хиймэл “мөсөн тив”-дээ тааваараа зугаалах болсон.
Энэ хоёр өхөөрдөм амьтандаа нэр өгөх гэж амьтны хүрээлэнгийнхэн бас багагүй хөл болжээ. Тэд бүр хамгийн сайхан нэр өгөх уралдаан зарлаж арваад нэрнээс 21 хувийн санал авсан “Нанук” нэрийг эрд нь, 20 хувийн санал авсан “Белла” гэдэг нэрийг эмд нь өгсөн байна.
Чехийн Брно хотын амьтны хүрээлэн 1953 онд байгуулагдсан, нийтдээ 65 га талбайтай юм. Энд манай гарагийн 800 гаруй амьтан байдаг байна.