Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын тэмдэг, тэмдэглэгээнд тэрбум төгрөг зарцуулна


Манайд замын тэмдэг тэмдэглэгээ нүдний гэм болсон гэхэд хилсдэхгүй. Яахав, хотын төвийн замуудад хэдэн тэмдэглэгээ бий. Уг нь, зам барилгын компаниуд замаа хүлээлгэж өгөхдөө тэмдэг тэмдэглэгээг хийдэг ч,  төд удалгүй будаг нь ховхорч, бүдгэрдэг. Энэ нь, нэг талаар муу будаг хэрэглэсэнтэй холбоотой. Мөн тэмдэг, тэмдэглэгээний арчлалт хамгаалалт хийгдэхгүй байгаа нь ч нөлөөлсөн хэрэг.

Авто замд тэмдэг тэмдэглэгээг хийж өгснөөр гарах зам тээврийн ослын 20 хувийг нь урьдчилан сэргийлдэг гэсэн статистик бий. Тиймээс зам барилгын ажил эхлэх гэж байгаа энэ үед Нийслэлийн Авто замын газар, Монголын авто замчин залуучуудын холбоо “Монгол орны нөхцөлд тохирсон авто замын тэмдэг тэмдэглэгээ, хөдөлгөөний аюулгүй байдал, хотын өнгө үзэмжид нөлөөлөх нь” сэдэвт уулзалт семинарыг зохион байгууллаа. Хуралдаанд оролцогчид хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний будгийн стандарт, чанар, төрөл, хэрэглэх аргачлал манай цаг уурын нөхцөлөөс шалтгаалж бэрхшээл их гардаг гэдгийг дуулгаж байлаа. Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “2013 онд Улаанбаатар хотын 450 км гол гудамж замуудын хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажилд тэрбум төгрөг зарцуулна. Тэмдэг, тэмдэглэгээний ажилд өрсөлдөөн бий болгож, материалын болон тоног төхөөрөмжийн чанар, стандартад бид өндөр хяналт тавьж ажиллана” гэлээ.

Зам барилгын компаниуд тэмдэг тэмдэглэгээг хийхдээ ихэвчлэн хямдыг нь бодоод БНХАУ-д үйлдвэрлэсэн будгийг хэрэглэдэг гэнэ. Тэгвэл уулзалтын үеэр БНСУ-ын “КСС” группийн будгийн үйлдвэр өөрийн бүтээгдэхүүнээ санал болгож байлаа. Тус үйлдвэрийн будаг нь хальтиргаа гулгаанаас хамгаалах чадвараараа маш сайн бөгөөд орчны температураас хамааралгүй цагийн дотор бүрэн хатаж бэхждэгээрээ давуу гэсэн. Монголд тэмдэг, тэмдэглэгээг цагаан, шараар хийдэг бол улаан хүрэн өнгө нь гэрэл даах чадвар сайн байдаг хэмээн тус компанийнхан сануулсан. “КСС” группийн Эрдэм шинжилгээний төв лабораторын авто замын будгийг мэргэжилтэн Им Ху Сон “Жолооч нарыг хөдөлгөөнд соёлтой оролцуулдаг зүйл бол хэвтээ тэнхлэг. Монголын нөхцөлд өдөр ирэх тутамд машин нэмэгдэж, замын бөглөрөл үүсч буй энэ үед тэмдэг тэмдэглэгээг сайн, тод хийж өгөх хэрэгтэй. Ингэснээр замын хөдөлгөөний ачааллыг ч бууруулах эерэг талтай. Ачааллаасаа шалтгаалаад өөр өөр өнгөтэй  байх ёстой. Монголын компаниуд машин техникээ сайжруулах хэрэгтэй” хэмээв. 

Харин ЗЦГ-аас тэмдэг тэмдэглэгээнд хэрхэн хяналт тавьж буйг тодруулахад  “Манай улсад тэмдэг тэмдэглэгээ тавих стандарт гэж бий. Үүний дагуу л шаардлага тавьдаг. Тэмдэг  тэмдэглэгээг зургаан мм-ээс ихгүй тавина гэж заасан байдаг. Шинээр баригдаж байгаа замуудад  шаардлага тавьдаг. Аж ахуйн нэгж, байгууллагын хашаа, зогсоолын тэмдэг тэмдэглэгээг жолооч нарт мэдэгдэхээргүй стандартын бусаар хийсэн тохиолдол бий. Манайхаас тэмдэглэгээг тодруулах эсвэл арчилгаа хийх шаардлагатай талаар Нийслэлийн авто замын газарт захиалга өгдөг. Үүний дагуу тус газраас Улаанбаатар зам засвар арчлалт компанид хүсэлтийг нь явуулдаг юм” хэмээн ярилаа. Ямартай ч, Нийслэлийн авто замын газраас тэмдэг тэмдэглэгээний эдэлгээг уртасгахын тулд гурав хоног тутамд цэвэрлэж байна гэдгээ мэдээлсэн.


Ж.Эрдэнэбаяр: Туршлагатай компанид ажлыг нь шууд гэрээгээр өгөх хэрэгтэй

 “Монгол сата интэрнэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Зам барилгын компаниуд замын тэмдэг, тэмдэглэгээг чанаргүй муу хийж байна гэлээ. Танайх будгаа хаанаас авдаг вэ?
-БНХАУ-д үйлдвэрлэсэн будаг хэрэглэдэг. Гэхдээ арчлалтаа сайн хийх хэрэгтэй л дээ. Манайх эрс тэс уур амьсгалтай болохоор амархан арилдаг. 

-Үндэсний үйлдвэрлэгчид зам барилгын ажил хийхэд хүчин мөхөстөж байна гэдэг. Ер нь, хөнгөлөлттэй зээл, тусламжинд хамрагддаг уу?
-Шинэчлэлийн Засгийн газар хөнгөлөлттэй зээлд хамруулна гэж ярьсан. Өнөөдрийн байдлаар шийдсэн юм алга. Бид бор зүрхээрээ явж байна.

-Өнөөдрийн нөхцөлд зам барилгын ажил хийхэд бэрхшээлтэй асуудал юу байна вэ?
-Замын хөдөлгөөнийг хааж, зам барилгын ажил хийх ёстой байдаг. Гэтэл бусад замд үүсэх ачааллыг ихэсгэхгүйн тулд зам хаах боломж байдаггүй. Иймээс замчид машин явж байхад зэрэгцээд л замаа барьдаг. Өдөр, шөнөгүй. Яг ажлын үеэр хэцүү. Үүнийг зохицуулах хэрэгтэй.

-Танай компани энэ жил хаана замын ажил гүйцэтгэх вэ?
-Тендер нь зарлагдаад явж байна. Ер нь, туршлагатай, олон жил ажилласан найдвартай  компанидаа шууд гэрээгээр өгөх хэрэгтэй. Гэтэл одоогийн тендер янз бүрийн байдлаар л өгдөг. Улсын хэмжээнд албан ёсоор 300 гаруй аж ахуйн нэгж байна гэсэн тоо байдаг.

-Замын  компаниудад ажилчид олдохгүй байна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Манайх 75 ажилчинтай. Монгол Улсын хэмжээнд нийт 600 гаруй авто замын инженер байдаг. Эндээс яам, тамгын газарт хэд нь ажиллаж байгаа билээ дээ. Ингээд бодохоор яалт ч үгүй мэргэшсэн ажилчин дутмаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан