Өнгөрсөн оны 12 дугаар сард Оросоос АНУ-д өргүүлсэн хүү амиа алдсан нь бөмбөрцгийн хоёр бөөрөнд буй хоёр их гүрний харилцаанд сэв үүсгэх юм гэж хэн санах билээ. Өргөж авсан эцэг эх нь зүгээр л нас барсан гээд байдаг. Гэтэл биен дээр нь зодуурын ул мөр, хөхөрсөн сорви байсан гээд...
Үүнээс болж ОХУ-ын Төрийн ДУМ америк гэр бүлд хүүхэд үрчлүүлэхийг зогсоох шийдвэр гаргасан. Гэтэл Анастасия болон Светлана Климова гэдэг хоёр охиныг өргөж авсан америк гэр бүл саяхан тэднээс татгалзахаа мэдэгдлээ. Хэргийн гол нь тэд өргөж авсан охиддоо хэрцгий хандсан гэж охид мэдэгдсэн, хоёр охины ах Алексей-Закари өнгөрсөн онд гэрээсээ зугтаасныг өнөө хэр нь хайж байгаад л буй юм. Пенни Декерт гэх эр хүүхдүүдийг өргөж авахын тулд 45 мянган доллар зарсан. Өнгөрсөн 10 жилд өчнөөн удаа далай руу амралтад авч явсан, оросын бохир жаалуудыг хүн болгож сайхан амьдруулах гэж өчнөөн оролдсон гэв. Хоёр хүүхэд одоо Техасын нийгмийн хамгааллын байранд амьдарч байгаа.
Яагаад орос жаалуудыг америкчууд өргөн авч, амьдрал нь үлгэр шиг сайхан үргэлжилж болохгүй, аажимдаа бүр хоёр улсын хоорондын асуудал дээрээ тулж байна. ОХУ хүүхэд багачуудаа яагаад улс гүрэн дамжуулан, далайн чанадад үрчлүүлэх болов.
Хүүхэд гадаадад үрчлүүлэх түүх ингэж эхэлсэн
ОХУ олон улсын хүүхдийн эрхийн тунхаглалын хүрээнд 1990 онд олон улсын хэмжээнд хүүхэд үрчлүүлэх талаар шийдвэр гаргасан юм байна. Гэхдээ энд хүүхэд үрчлэн авах хүмүүс нь ямар байх болон бусад зарчмыг яг л хүүхдийн эрхийг хамгаалах конвенцийн хүрээнд шийдвэрлэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Нөгөө нэг зүйл нь өнчин хүүхдийг хоёр дахь гэр бүлд төлөвлшүүлэх нь хожмын амьдралыг нь бас ч бодсон тун нааштай шийдвэр гэж байжээ.
Ингээд 1993 оноос хойш ОХУ 80 мянга гаруй хүүхдээ гадаадын иргэнд үрчлүүлсэн байдаг. Мэдээж харж асрах хүнгүй өнчин хүүхдийг шүү дээ. Гэтэл үүнийг дагаад асуудал гарч эхлэх нь тэр. Москва дахь Хүүхдийн эрхийг хамгаалах бүрэн эрхт шинжээч Галина Семьи “1991 оноос хойш гадаадын иргэнд үрчлүүлсэн таван хүүхэд амиа алдаж, 16 хүүхэд золгүй явдлын золиос болсон” гэсэн байна.
Пенсильванийны иргэн Крейверийн гэр бүлд үрчлүүлж очсон долоон настай Ивана Скоробогатова биен дээрээ 80 гаруй шарх сорвитой өөд болсон. Гэтэл Крейверийнхнийг ердөө л 16 сар хорих ялаар шийтгэсэн байдаг.
2010 оны гуравдугаар сард Майкл Гризмор гэгчийг өргөж авсан охин Ксения Антоноваг хүчиндсэнийх нь төлөө баривчилсан. Кемерова мужаас хүүхэд үрчлэн авсан америк иргэн Марта-Аннет Бленфорд хэсэгхэн хугацааны дараа хүүхдээсээ татгалзахаа мэдэгдсэн. Ингээд 2010 оны дөрөвдүгээр сард Оросын багачуудыг АНУ-д үрчлүүлэх эсэх асуудал босч ирсэн байна. Гэхдээ үүнд Артём Савальевын эргэн тойрны асуудал нөлөөлсөн юм.
8 настай хүүг өргөж авсан Торри Энн Хансен хагас жил болоод Орост нь түүнийг эргүүлж өгсөн. Төрийн Думын гишүүн Павел Астахов 2012 оны арванхоёрдугаар сард АНУ-д орос хүүхэд үрчлэхийг хориглох тухай хуулийн төсөл өргөн барилаа. Ингээд 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд ОХУ-ын Төрийн дум АНУ-д хүүхэд үрчлүүлэхийг хориглох тухай хууль баталсан юм. Гэхдээ зөвхөн АНУ-д үрчлүүлэхийг шүү дээ.
АНУ-д хүүхэд багачуудаа үрчлүүлэхийг ч яахав хорьчихлоо. Гэхдээ бас асуудал байна. Одоо оросуудын хувьд тэнд өмнө нь үрчлэгдээд очсон хүүхдүүд яажшуухан амьдарч байна вэ, дахиад ийм асуудал үүсэхгүй гэх баталгаа байна уу гэдэг толгойны өвчин болоод байна. Бүгдээрээ аав аа, ээж ээ, хүү минь, үр минь гээд хачин сайхан амьдарч чадаж байгаа юу. 80 орчим мянган хүүхэд шүү дээ. За яахав олон оронд байгаа гэдэг ч ихэнх нь АНУ-д бий. Эхэндээ ч яахав нэг ч гэсэн өнчин, нэг ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харж асрах хүнтэй, өөрийн гэсэн гэр бүлтэй болж сайхан амьдраг гээд өргүүлээд л байсан. Гэтэл ийм үр дагавар дагуулсан байдаг. Хүүхэд өргөж авсан хэнийх хүүхдээ яаж харж асарч байна гэж тэр бүрий айлд очоод харж хянаад байж чадахгүй, өөрийнхөө улсад чадахгүй байгаа юм чинь хилийн чанадад бүр ч худлаа.
Гэхдээ аль юмыг муугаар бодох вэ дээ. Ганц нэг нь ингэж байгаа ч ерөнхийдөө гайгүй байгаа даа гэж л сэтгэлээ тайвшруулдаг байх оросууд.
ОХУ-ын дотоодод гэхэд л зөвхөн 2009 онд гэхэд л 8774 хүүхдийг үрчилж авсан гэр бүл нь буцааж өгсөн баримт байна. Гэтэл энэ нь ердөө л хоёр дахь өнчрөл дагуулдаг. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн гэр оронгүй балчир хүүхэд дөнгөж гэр бүлтэй болж эхэлж байгаад дахиад л өнчирч хүүхэд асрах газартаа эргэн очиход хүрдэг. Ийм хүүхдийн сэтгэл санаа ямар байхав.
Ер нь умард хөршид маань өнчин хүүхдийн асуудал хүнд л байгаа юм.