Америкийн “New York Times” сонины сайт, компьютерийн систем рүү Хятадын хакерүүд сүүлийн дөрвөн сарын туршид дайрч, хууль бусаар нэвтрэн сэтгүүлчид, ажилтнуудын нууц үгийг хулгайлж байгаа тухай тус сонины төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн. Тус сонин компьютерүүдээ хамгаалуулахаар мэргэжлийн хүмүүс хөлслөн аваад ч тусыг олоогүй бололтой. Тэдгээр мэргэжилтэн нь бүх дайралтыг Хятадаас хийж байгааг бас “New York Times” сонины бүх ажилтны нууц үгийг хулгайлж амжсан гэдгийг нь тогтоож. Хакерүүд гэхдээ эдгээр нууц үгээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга байсан Вэн Зябаогийн талаарх шинэ нийтлэл, мэдээлэл хайхад ашигласан ямар ч эх сурвалжийг олж авч амжаагүй байж.
Мэдээж бөөн дуулиан дэгдээж, Хятадын эрх баригчид ямар ч хакер хөлсөлж аваагүй гэсэн мэдэгдэл дөнгөж хийж дуусав уу үгүй юү өөр нэг дуулиан дэгдэв. Дуулианыг “Wall Street Journal” сонин буухиаллаа. Тэд Хятадын хакеруудын дайралтад өртсөн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. “Манай компьютерүүдэд хууль бусаар нэвтэрсэн зорилго нь Хятадад болж байгаа үйл явдлын талаарх нийтлэлүүд гэдгийг кибер дайралт хийснээр баталж байна. Хакерууд олсон мэдээллээ цаашид зарах, сүрдүүлэх эсвэл захиалагчдын талаарх хувийн шинжтэй мэдээллийг огт сонирхоогүй нь ажиглагдсан” гэв.
Хакерууд уншигчдын хүртээл болж амжаагүй байгаа мэдээлэл, нийтлэлийг олж авах гэж дайралт хийсэн байна. Зүйрлэвэл та банкны дансанд ихээхэн хэмжээний мөнгө хийгээд ойр дотны хүмүүстээ цаг нь ирэхээр хэлнэ гээд хадгаламжийн дэвтрээ, мөнгө авах нууц үгийн хамтаар авдрандаа хийсэн байтал муу санаатнууд түлхүүр тааруулж онгойлгон нууц үг, дансны дугаарыг чинь хулгайлсантай адил. Ингэж бусдын авдрыг хууль бусаар онгойлгон нэвтэрч байгаа хүмүүсийг хулгайч гэдэг бол интернэт, кибер ертөнцөд хакер гэж нэрлэдэг. 1960-аад онд энэ нэр анх бий болсон бөгөөд тухайн үедээ олноос өвөрмөц, онцгой сэтгэлгээтэй, ямарваа нэг асуудлын талаар маш өндөр зэрэглэлтэй мэргэжилтнүүдийг хэлдэг байв. Бүр тодорхой хэлвэл хакер гэдэг нь англи хэлний “to hack” буюу цавчих гэсэн утгатай үгнээс гаралтай компьютерийн систем ажиллах хамгийн үндсэн, гүн зарчмыг ойлгодог, маш өндөр зэрэглэлийн IT мэргэжилтнийг хэлдэг. Тэд анхандаа программ хангамжид гарсан алдаа, элдэв асуудлыг маш богино хугацаанд мэргэжлийн үүднээс хориотой, зөвшөөрдөггүй аргаар засдаг хүмүүс байв. Энэ нь явсаар олон компьютерийн систем, интернэт орон зайд хууль бус үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн оноосон нэр болж хувирсан.
Компьютер, интернэтгүйгээр өдөр тутмын амьдралыг төсөөлөх боломжгүй болсон үед хакеруудын нөлөө асар их. Тэдний гэмт үйлдлээс мэдээллийн нууцлалыг хадгалах нь хувь хүнээс эхлээд том корпораци, улсын хэмжээний асуудал болсон гэвэл хэтрүүлэг болохгүй. Наад захын жишээ нь сургуулиудын мэдээллийн сан. Цөөнгүй хакерууд өөрийн сурдаг сургуулийн сүлжээнд хууль бусаар нэвтэрснээр ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Сургуулийнхаа мэдээллийн санд нэвтрэх хэрэг юу байна гэсэн асуулт гарч байна уу. Хариулт тун энгийн. Одоо сургууль болгон өөрийн мэдээллийн сантай, сайттай. Сурагч болгон тус санд өөрт нь олгосон нууц үгээр нэвтрэн сурлагын үзүүлэлттэйгээ, хичээлийн хуваарь гэх мэт зүйлтэй танилцдаг. Зөвхөн танилцана. Тэгвэл хууль бусаар засвар хийх эрхтэйгээр нэвтрэн орсноор өөрийн дүнгээ илүү сайн болгож, таалагдаагүй хүүхдийн дүнг буруулах, шалгалтын үр дүнг өөрчлөх боломжтой юм. Энэ бол ердөө эхний шат.
Цаашлаад том корпораци, банкуудын төвшинд ийм үйл ажиллагаа явуулбал ямаршуу таагүй сөрөг нөлөө гарах талаар төсөөлөхөд ч бэрх. Жишээлэхэд, банкны мэдээллийн санд хакердан нэвтэрснээр тухайн банкны бүх
харилцагчдын талаарх мэдээллийг хуулбарлан авч болно. Үүнд гэрийн хаяг, утасны дугаараас эхлээд дансан дахь мөнгө, авсан зээл, зээлийн төлөлт, барьцаалсан эд зүйлс гээд бүх төрлийн мэдээлэл байж болно. Ийм мэдээллийг сүрдүүлэх, заналхийлэхэд ашиглахаас эхлээд бусдад худалдах хүртэл янз бүрээр ашиглах аюултай.
Том компаниуд зах зээлийн өрсөлдөөнд ялахын тулд хакеруудыг хөлслөн өрсөлдөгчдийнхөө мэдээллийн санд нэвтрэх, тэдний шинэ төлөвлөгөө, бүтээлийн талаарх мэдээллийг хулгайлахад ашигладаг. Их хэмжээний мөнгө тогтмол эргэлдэж байдаг мөрийтэй тоглоомын ертөнц ч хакеруудын дайралтын золиос болж байсан. Английн морин тойруулгыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг бооцоо тавих конторууд хакеруудын дайралтад өртсөн байдаг. Дайралт хийгсэд интернэтээр дамжуулан цаг, минут тутамд хэдэн арван мянган хүнээс бооцоо авдаг системийг өөрийн мэдэлдээ оруулаад хоногт 10-40 мянга хүртэлх ам.доллар төлөөгүй тохиолдолд системийг олон хоногийн турш бүрэн ажиллагаагүй болгож хэдэн саяар тоологдох хохирол учруулна гэж сүрдүүлжээ. Хакеруудыг цагдаа нар баривчлах хүртэл бооцоо тавигч конторын эзэд энэ хэмжээний мөнгө төлж байсан юм.
Тэгвэл энэ нууцыг нь хэн нэгэн хакер хууль бусаар олж аваад олон нийтэд хүргэвэл тухайн улс ямар байдалд орох нь ойлгомжтой. “WikiLeaks” сайт үүний тод жишээ. Энэ сайт дээр АНУ-ын Төрийн департаментын маш нууцын зэрэглэлтэй и-мэйлүүдийг дэлгэсэн. Ингэснээр Америк нь өнгөн дээрээ холбоотон гэж мэдэгдэн найрсаг ханддаг улсуудын талаар үнэн хэрэг дээрээ ямаршуу бодолтой явдаг, дэлхийн олон орны төрийн тэргүүний талаарх нууж хаалгүй элдвээр хочилж гоочилсон нь ил болж олон улсыг хамарсан дипломат хэрүүл дэгдсэн билээ. Улмаар АНУ нь холбоотнуудаасаа уучлалт гуйх, тайлбар өгөх, зарим дипломатаа татаж авах шаардлагатай болсон. Энэ бол нэр хүндийн төдийгүй мөнгө хөрөнгөний асар их хохирол. Тиймээс ч энэ сайтыг үүсгэн байгуулагч Жуллиан Ассанжийг эрэн сурвалжилж, баривчлахаар шаргуу ажиллаж байгаа. Зарим улсыг өндөр мэргэжлийн хакер тусгайлан хөлслөн авч ажиллуулдаг гэх яриа сүүлийн үед газар аваад байгаа. Ялангуяа манай хойд ба урд хөршийн эрх баригчдыг үүнд хамгийн ихээр буруутгадаг. АНУ нь Хятадын Засгийн газарт ажилладаг хакеруудыг Батлан хамгаалах яам, өндөр нарийвчлалтай зэвсгийн үйлдвэрийн мэдээллийн санд удаа дараалан халдаж, цөөнгүй мэдээлэл хулгайлсан гэж буруутдаг. Мэдээж Орос, Хятадын эрх баригчид энэ бүхнийг үгүйсгэдэг.
Энэ мэтээр тэдний учруулсан хохирол, аюул асар их. Тиймээс компаниуд мэдээллийн аюулгүй байдлыг хангахад маш их анхаарал тавихаас өөр аргагүй болоод байгаа билээ. Ер нь, цаашдаа мэдээллийн технологийн аюулгүй байдалд анхаарал тавиагүй компани, улс, хүн нь орчин үеийн өрөвдөхийг үл мэдэх хатуу ширүүн өрсөлдөөнд ялагдагч болох нь гарцаагүй.