Ертөнцийг хүлээж авах онцлогоос болоод биедээ оруулдаг элдэв өөрчлөлтүүд нь соёлын ялгаа гэж юу байдгийг хамгийн тодоор харуулдаг билээ.
Дэлхийн түүхэнд хамгийн анх ямар соёлтой, ямар үндэстэн чихний гэдсийг сунгаж эхэлснийг хэлэхэд хэцүү. Олон мянган жилийн өмнө эхэлсэн нь гарцаагүй байгаа энэ өвөрмөц үзэгдэл өнөөдөр ч тасраагүй хэвээр. Жишээлэхэд, Кени дэх Масаи омгоос эхлээд Амазон мөрний дагуу амьдардаг Уаорани үндэстэн хүртэл чихний гэдсээ сунгах нь заавах байх ёстой зүйл болж тархаад олон мянган жил болсон. Барууны соёлоор хүмүүжсэн залуус дуртай салон руугаа ороод чихний гэдэс энэ тэрийг сунгах, сэтлэх дурын ээмэг, чимэг сонгож авч болдогтой адилаар хмонг омгийн залуус ч мөнгөн гуурс сонгон авдаг нь хүн төрөлхтний соёлын ялгаа ямар олон төрөл янз байдгийг харуулсан тод жишээ юм.
Энэтхэгийн Аруначал-Прадеш мужид амьдардаг Апатани үндэстэний бүсгүйчүүдийг дэндүү царайлаг гэж үздэг байжээ. Тиймээс бусад омог, үндэстэнтэй дайн тулаан хийх үед олзлогдон булаалгахаас сэргийлэх үүднээс хамраа цоолон үйсэн бөглөө хийдэг уламжлалтай болжээ. Өдгөө нийт 26 мянган хүнтэй энэ үндэстэн эртний энэ сонин уламжлалаа дагахаа больсон байна.
Суданд байдаг Динка омгийн охид, хөвгүүдийг насанд хүрлээ гэж үзвэл бөө нь духан дээр нь улайсгасан хутгаар зүсэлт хийх ёслол үйлддэг. Ингэж зүсч байхад айх, өвдөж байгаагаа харуулах, уйлах зэрэг сэтгэл хөдлөлөө харуулбал насанд хүрсэн гэж тооцохгүй, тооцсон ч омог дотроо зиндаа, чансаа доогуур нэгэн болж хувирдаг.
Динка омгийн эрэгтэйчүүд нь эр зоригоо харуулахын тулд тухан дээрээ гурван зэрэгцээ сорви гаргадаг. Ингэснээр эрэгтэй хүүхэд эрийн цээнд хүрсэн гэдгээ бусдадаа харуулдаг байна.
Энэ зураг дээрх зарим хүнд аймаар санагдаж байж болох ч тайчуудын хувьд жирийн юм гэнэ. Тэд насанд хүрсэн гэдгээ харуулахын тулд өвдөлтийг тэвчдэг. Жил болгон энэ ёслолыг хийдэг байна.
Пхукеттэд болдог цагаан холтоны их наадамд шашны олон зан үйлийг гүйцэтгэдэг. Онгод нь орон элдэв зүйлээр арьсаа цоолох нь эдгээр зан үйлийн нэг. Энэ их наадмыг Пхукет арал дээр аравдугаар сар болгонд явуулдаг. Энэ наадмын үеэр янз бүрийн бурхадын тахилч гэгддэг хүмүүс хацараа элдэв зүйлээр сүвлэн хатгаж ухаан санаагаа бие махбодиосоо бүрэн салгасан гэдгээ харуулдаг. Үүний дээр нүцгэн хөлөөр улайсгасан нүүрсэн дээгүүр явах гээд олон “ид шид” үзүүлнэ.
Арьсаа элдэв зүйлээр сүвлэх үед үүсэх өвдөлтийг давахын тулд хүн манайхаар бол онгод орохтой адил байдалд ордог. Ингээд л жил болгон нүүрэндээ нэг сорви нэмээд байна.
Шүлээ, ялангуяа үүдэн шүдээ шовхлон үзүүрлэх нь мөн л түгээмэл ажиглагддаг зан үйл. Бали арал дээр шүдийг муу муухай, хардалт гэх мэт сөрөг зүйлстэй адилтган үздэг байсан болохоор тайрдаг байж. Мөн зарим омогт насанд хүрсэн гэдгийг тэмдэглэхийн тулд шүдийг үзүүрлэдэг байж. Вьетнам ба Суданы омгуудад энэ зан үйлийг ихээр гүйцэтгэдэг. Майя омогт шүдийг үзүүрлэдэг төдийгүй нийгмийн дээд давхаргын төлөөлөгч гэдгийг илтгэх тусгай тэмдэг тавьдаг байж. Зарим соёлд амьтадыг дуурайлган шүдийг үзүүрлэх нь бий. Жишээлэхэд, Африкийн Вапаре омгийнхон акулыг дуурайлган шүдийг үзүүрлэж байгаад насанд хүрэх үед доод шүднүүдийг нь цөмлөдөг.
Санаатайгаар сорви үүсгэх нь дэлхийн олон үндэстэн, омгууд насанд хүрсэн ёслол тэмдэглэхдээ үйлддэг зан үйл юм. Жишээлэхэд, Папуа Шинэ Гвинейн Сепик гол орчмын омгуудад хөвгүүдийн насанд хүрсэн баярыг тэмдэглэн ёслол үйлдэх үед омгийн ахлагч нар нь эрчүүдийн арьсанд зүсэлт хийн сорвижуулж арьсыг нь матарынхтай төстэй болгодог. Ингэснээр матар хүүхэд наснаас үлдсэн дутуу юм болгоныг идэснээр өсвөр насны хүүхэд насанд хүрсэн эр болдог гэж үздэг аж.
Уруулдаа тэлэгч хийх зан үйл мөн л их сонирхолтой гэж болно. Шавар эсвэл модоор хийсэн дугуй хэлбэртэй тэлэгчийг дээд эсвэл доод уруулд гаргасан сэтэрхий рүү хийж тэлдэг. Археологийн олдворуудаас үзвэл уруулын ээмэг гэж болохоор энэ өвөрмөц хэрэглэлийг Судан, Этиоп, Эквадор, Эртний Америк тивд бие биенээсээ огт хамааралгүй соёл, омог, үндэстнүүд зургаан ч удаа нээж хэрэглэж байсан байх юм. Одоогоор энэ зан үйлийг Африк тив ба Амазон мөрний дагуу амьдардаг зарим омгуудад хийдэг.
Африкийн омгуудад доод уруулын сэтэрхий руу тэлэгч хийхийн өмнө дээд хоёр, заримдаа дөрвөн шүдийг хуга цохидог. Сара ба Лоби омгуудад тэлэгчийг дээд уруулд ч адил хийдэг. Маконде гэх мэтийн бусад омгуудад болохоор тэлэгчийг зөвхөн дээд уруулдаа зүүдэг.
Тайланпын Падаунг омгийн хүүхнүүд хүзүүндээ олон тооны цагираг зүүдэг гэдгээрээ алдаратй. Тэднийг анааш, гуурсан хүзүүт гэх мэтээр элдэвээр дуудах нь бий. Эмэгтэй хүн 25 хүртэлх цагираг зүүдэг бөгөөд зарим нь цагирагаараа насанд туршдаа авалгүй зүүдэг.
Олны дунд тарсан цуу яриагаар цагирагаа авбал хүзүүний сулраад толгойгоо даах чадваргүй болсон булчин нугараад хүзүү нь хугаран үхдэг гэдэг. Бодит байдал дээр тийм биш юм. Энэ зураг дээр гарсан Маененг гэгч эмэгтэй нь тосгоны тэргүүн бөгөөд 25 цагираг зүүж явдаг цорын ганц эмэгтэй.
Зарим хүүхдэд таван наснаас нь эхлэн цагираг зүүдэг. Эхний цагирагууд нийт 2 кг орчим байдаг байдаг дараа дараагийн шинэ цагирагууд илүү хөнгөн бөгөөд бага багаар аажмаар нэмдэг. Үнэн хэрэг дээрээ Падаунг эмэгтэйчүүдийн хүзүү нь урт биш юм. Цагираганы жингийн нөлөөгөөр эгэм аажмаар доошилж эхэлдэг бөгөөд шинэ цагираг нэмэгдэн хүндрэх тусам доошилсоор цээжийг шахдаг. Ингэсээр мөр доош унжихад эмэгтэйн хүзүү нь уртассан мэт харагддаг.