Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймгийн Бүрд суманд хоёр өдөр ажиллалаа. Энэ нь түүний он гарсаар орон нутагт хийж байгаа анхны томилолт байсан юм. Ерөнхийлөгчийн цуваа энэ сарын 24-ний ням гаригт Улаанбаатараас 09:30 цагт хөдөлсөн юм. Төв аймгийн Замын цагдаагийнхан Улаанбаатараас хөтөлж өөрийн аймгийн газар нутгийг дуусгаж, Булган аймгийн Рашаант сумын заагаас тус аймгийн Замын цагдаагийнхан дагуулан хөтөлсөөр бидний цувааг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Элсэн тасархайд хүргэж өгсөн юм. Элсэн тасархайд Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй тус аймгийн удирдлагууд Ерөнхийлөгчийг угтаж авав. Мөн өврийн сайхан хангайд тэртээ 1990 онд ардчилсан хувьсгалыг өрнүүлж явсан ардчилагчид ч ирсэн байлаа. Ийн Ерөнхийлөгчийг дагах цуваа улам л уртассаар байлаа. Бараг л 20-иод машин болсон биз. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон нутагт ажиллах томилолтын хөтөлбөрт Өвөрхангай аймгийн Бүрд сумын хоёрдугаар багийн малчин Т.Дагвынд зочилно гэж бичиж.
Хөтөлбөрийн дагуу Бүрд сумын Хөөвөрийн гүүрийн Үзүүр овоонд хаваржиж байгаа хоёрдугаар багийн малчин Т.Дагвын хотонд зочилж хаваржилтын байдалтай танилцлаа. Ерөнхийлөгчийг ирэх сургаар голынхон тэр чигтээ л цуглаж. Хөгшин, залуу, хүүхэд багачуул гэлтгүй бүгд Т.Дагва гуайнд иржээ.
Малчин Т.Дагвын морины уяа битүү. Машин, мотоцикль л угтах болов уу гэсэн бодол байсан хэдий ч жинхэнэ монгол ахуй тэнд бүрджээ. Т.Дагва гуай аймгийн сайн малчдын нэг. Тэдний хотонд төлийн дуу цангинаж байна. Мал нь төллөөд 10-аад хонож байгаа гэнэ. Одоогоор малынх нь 30 гаруй хувь нь төллөж байгаа гэдгийг малчин Т.Дагва Ерөнхийлөгчтэй хуучлах үеэрээ хэлж байв.
Энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд хэд хэдэн суманд зуд болж, гамшгийн байдалтай өвөлжсөний нэг нь Бүрд сум. Хэдийгээр өвлийг хүндхэн давсан ч цаг эрт тавирч, цас хайлсан болохоор мал төдийлэн ядарч турсангүй, тарган сайхан хаваржиж байна. Гэхдээ хаврын тэнгэр хартай. Малчид бид цаг сайхан байна гээд тайвшрах болоогүй. Таван сар гарчихаад байхад цасаар шуурч л байдаг болохоор тэр болтол нойроо хугаслах л болно гэж хашир малчин Т.Дагва ярьж байлаа. Төрийн өндөрлөгүүдийг орон нутагт ажиллахад малчид хурдан удмын адуу бэлэглэдэг бичигдээгүй “хууль”-тай. Эл заншлаар Ерөнхийлөгчид Т.Дагва гуайнх соёолон насны хонгор морь бэлэглэсэн юм.
Ерөнхийлөгчийн тэднийд зочилсон өдрийн өглөө адуун сүрэгт нь анхны унага гарсан гэнэ. Шинэ мэндэлсэн унагыг харахаар Ерөнхийлөгч Т.Дагва гуайтай хамт адуун сүрэг хураасан юм.
Хонгор гүүнээс саарал унага төржээ. Энэ явдлыг бэлгэшээж Ерөнхийлөгч шинэ мэндэлсэн унагатай зургаа татуулсан юм. Ийн малчин айлд зочилж, амьдрал ахуй, өвөлжөө хаваржаатай танилцаж, энгийн дотно яриа өрнүүлээд хөтөлбөрийн дагуу дараагийн газар руу хүлгийн жолоо залсан юм.
Харин биднийг хөдөлсний дараа Т.Дагвын эр саарал унаганд “Элбэг саарал” нэр хайрласан гэдгийг Бүрд сумын Засаг даргын тамгын газрын нэгэн ажилтан дамжуулсан юм.
Хавар болж өдөр уртассан болохоор Бүрд сумын ойр хавийн малчид маань гэр рүүгээ яаралгүй, Ерөнхийлөгчтэй хэсэг ч болов хамт байж, зургаа татуулах гэсэн хүсэл их л байлаа. Хэдийгээр орон нутагт ажиллаж байгаа ч төрийн ажил болсон хойно цаг нартай уралдана.
Гэтэл тэнд цугласан олон Ерөнхийлөгчтэй ах дүү хамаатан саднаараа зураг татуулах гэж багагүй хоргоосон шүү.
Ц.Элбэгдорж: Даргын эрх мэдэл, иргэдийн мэдэлд шилжих ёстой
Ерөнхийлөгч 17 цагт Бүрд сумын төвд иргэд хөдөлмөрчидтэй уулзах учиртай. Болзсон цагаасаа хоцорч үл болох учир энэ нутаг усныхантай дахин уулзахын ерөөл өргөөд маршрутын дагуу дараагийн газар руу хүлгийн жолоо заллаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Дээр үед дарга, сайд ирлээ гэхээр ирсэн дарга нь янз бүрийн зүйл ярьж, хэн нэгэнд үүрэг өгдөг байсан бол одоо асуудлыг дарга шийддэг бус, хамтарч хэлэлцэж, харилцан ярилцсаны үндсэн дээр шийдвэр гаргадаг тийм систем рүү шилжих учиртай. Тиймээс олон зүйл нурших хэрэггүй байх. Иргэд мэдээллийг цаг алдалгүй авдаг болсон болохоор би ярих нь илүүц. Тиймээс та нар сонирхсон асуултаа асууж, би хариулах зарчмаар уулзалт, ярилцлаа хийе. Энэ бол бидний яриад, хэрэгжүүлэх гээд зориод байгаа “Шууд ардчилал-Иргэдийн оролцоо” юм гэснээр уулзалт эхэлсэн юм.
Бүрд сумын нутагт Монгол орны төв цэгт оршдог. Монгол орны төв цэгийг үзэх гэж гадаад, дотоодын жуулчид зундаа нэлээд ирдэг гэнэ. Тиймээс Улаанбаатар, Өвөрхангайг холбосон хар замаас 18 км-т орших Бүрд сумын төвийг хатуу хучилттай замаар байг гэхэд сайжруулсан шороон замтай болгох тал дээр Ерөнхийлөгчийг анхаарал хандуулаач гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байлаа. Мөн Өвөрхангайчуудын хүсэн хүлээж байгаа зүйл нь УИХ дахь төлөөллөө баталгаажуулах. Энэ мэтчилэн ёстой л малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг шиг төрөл бүрийн асуулт, санал хүсэлт Монгол Улсын төрийн тэргүүнд хэлж байлаа. Хэл бичиг, залуу боловсон хүчний чадамж, мэдлэг гээд уулзалтад ирсэн буурлуудын санааг зовоосон зүйл олон байгааг Ерөнхийлөгчийн сонорт хүргэсэн юм. Харин Ерөнхийлөгч иргэдийн асуултад хариулахдаа “Би зам тавьж өгнө гэж амлахгүй. Үнэхээр сумын төвийг хар замтай холбох хэрэгтэй үзэж байгаа бол сумын төвөө бус Монгол орны төв цэг болсон газраа холбож өгөх хүсэлтээ гаргах хэрэгтэй. Ингэвэл танай сумын төвөөр зам дайрах нь дамжиггүй. Энэ нь зөв гарц байж болох юм гэв. Мөн тэрээр “Хууль аль ч шатанд тэгш үйлчилдэг байх ёстой” гэдэг өгүүлбэрээр Өвөрхангайчуудын УИХ дахь төлөөллийг баталгаажуулах тухай асуултад хариулт өгсөн.
Мөн Ерөнхийлөгч хэлэхдээ, “Төсвийн хуулиар орон нутагт эрх мэдэл нь шилжсэн. Ингэлээ гээд төсвийн эрх мэдэл сумын Засаг даргад шилжээгүй, тухайн сумын иргэдэд шилжсэн. Сум хөгжүүлэх сангийн мөнгөөр Бүрд суманд юу хийж болох вэ гэдгийг Засаг дарга шийдэх бус иргэдээрээ хэлэлцүүлээд түүний үндсэн дээр ажил хэрэг болгох ёстой. Ингэж байж Монгол орны хөгжил урагшлах юм” гэдгийг иргэдэд учирлаж, иргэдийг төр засгийн ажилд идэвхтэй оролцож байхыг уриалсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол орны төв цэгээс нар харав
Бүрд сумын иргэдтэй хийх уулзалтаа Ерөнхийлөгч өндөрлөөд Ар хөшөөтөд хаваржиж байгаа дөрөвдүгээр багийн малчин Д.Төмөрбаатарынд зочилж тэндээ хонон айл саахалтын малчидтай уулзаж амьдрал ахуйтай нь танилцан хууч яриа дэлгэсэн юм.
Ар хөшөөт хавийнхан мал хуйгаа хотлуулчихаад Ерөнхийлөгчийн яриаг сонсохоор Д.Төмөрбаатарынд цуглажээ. Тэднийх энэ өвлийг тун давгүй, малын хорогдолгүй давж. Өвөлд сайн бэлдсэн болохоор ажралгүй давлаа. Халуун намраар цас орж, цасан доор өвс байсан болохоор мал одоо ч ядрахгүй байна” гэж хуучилсан юм.
Ийн Ерөнхийлөгчийн орон нутгийн томилолтоор дагалдан яваа хүмүүс Д.Төмөрбаатар гуайн айл саахалтынхаар хоноглоцгоож, маргааш өглөө нь Монгол орны төв цэгийн хойд өндөрлөг болох Уяа уулын оройд цуглалаа. Энэ бол Монгол орны төв цэгээс ургахын улаан нарыг харах явдал байв.
Адуундаа мордсон малчид ч Ерөнхийлөгчтэй хамт уулын оройгоос нар харсан юм. Энэ нутагт насыг элээж байгаа ч өглөөний нарыг ингэж зорьж харж байсангүй гэх хүн ч таарав. Уяа уулын зэргэлдээх уулын оройд сүрэг буга өглөөний наранд биеэ ээн зогсохыг харах нь биширмээр сайхан.
Ерөнхийлөгч үүний дараа Монгол орны төв цэгт очиж, суварганд сүү өргөж хүндэтгэл үзүүлж, нутгийн иргэдтэй зургаа татуулсан юм.
Багийн иргэд ч өөрсдөө шийдвэр гаргадаг байх хэрэгтэй
“Шууд ардчилал-Иргэдийн оролцоо”. Энэ үгийг бид сонсоод багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч иргэд ардчилалд шууд оролцож чадаж байна уу. Үүнтэй танилцахаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүрд сумын Ир боргидой хоёрдугаар багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон юм. Бүрд сумын сум хөгжүүлэх санд 280 гаруй сая төгрөг хуваарилагджээ. Энэ мөнгийг юунд, хэрхэн яаж зарцуулахаа иргэдээрээ хэлэлцүүлээд, 10 гаруй ажил хийхээр төлөвлөж. Харин Их боргидой багт 40 гаруй сая төгрөг ногджээ. Энэ мөнгөөр тус багт юу хийхийг иргэдээрээ хэлэлцүүлсэн юм. Сумын Засаг даргын хувьд Их боргидой булгийнхаа эхийг хашиж хамгаалах, гүний худаг гаргах, малчдыг малжуулах төсөл, хадлангийн талбайгаа хамгаалах зэрэг ажилд зарцуулах саналтай байгаагаа хэлсэн. Гэхдээ энэ бол зөвхөн Засаг даргын дэвшүүлж байгаа санал. Үүн дээр иргэд саналаа хэлэх учиртай. Иргэдийн хувьд янз бүрийн санал гаргаж байсан болохоор эцсийн байдлаар шийдэж чадалгүй дараагийн хуралдаанаар шийдэхээр хойш тавьлаа.
Их боргидой багийн хувьд тун онцлогтой. Багийн сан байгуулж айл бүрээс нэг борлон авдаг гэнэ. Цуглуулсан борлонгоо мал цөөтэй, амьдрал нь тааруу айлдаа өгч хоёр жил маллуулдаг байна. Тухайн айл нь хоёр жил маллаад төлийг нь аваад анх авсан ямаагаа буцаан өгдөг аж. Харин энэ жил багийн сангийн хөрөнгөө үргэлжлүүлэх үү гэдгээ бас шийдвэрлэж чадсангүй хуралдаанаа өндөрлөв. Эл хуралдаанд оролцсон Ерөнхийлөгч хуралдааны дараа үг хэлэхдээ, “Хүний нийгэмд нэг нэгэндээ л туслах хэрэгтэй. Бүрд сумын хувьд мянгат малчин 42 бий гэдгийг сонслоо. Энэ хүмүүс бусаддаа үлгэрлэж, тусалж амьдрах ёстой. Заавал нэг борлон бус, мянган малтай нь 10 борлон өгч бусаддаа дэмжлэг болдог байх хэрэгтэй. Ингэж байж бидний амьдрал хамтаа хөгжинө, сайжирна” гэсэн юм. Мөн шууд ардчилалтай байх ёстой. Дарга асуудлыг шийдэж, түүнийг иргэдэд танилцуулдаг бус, иргэд нь өөрсдөө шийддэг байх хэрэгтэй. Ингэхийн тулд та бүхэн дор бүрнээ тунгааж, аль зөв гэсэн асуудлаа шийдвэрлэдэг, түүнээс нь олон хүн ашиг шим хүртдэг байх учиртай гэдгийг захиж хэлсэн юм. Ийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол орны төв цэг Бүрд суманд хийсэн томилолт өндөрлөсөн юм.