Интернэтгүйгээр өдөр тутмын амьдралыг төсөөлөхөд бэрх болж байгаа өнөө үед вэб сайт, блог, “Facebook” ба “Twitter” нь олон мянган хүний амьдралд шууд нөлөөлдөг болж хувирлаа. Эв нь таарвал сайт, блогуудын нөлөөгөөр ямар ч хүчирхэг төрийг эргүүлж болдгийг Египет, Ливи, Тунист болсон үйл явдал харуулсан. Ийм үед дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй блогчноор тодроод байгаа Арианна Хаффингтоны үзэл, бодлыг сонирхоход илүүдэх зүйл огт байхгүй биз.
Арианна Хаффингтон нь 2005 онд үүсгэн байгуулсан улс төрийн шүүмж ба санал, олон нийтийн мэдээний “The Huffington Post” нэртэй блогийг огцом хурдтайгаар интернэт компани болгож чадсан юм. Тэрээр өөрийн “The Huffington Post” блогоо 2011 онд 315 сая ам.доллараар “AOL” медиа группт зарсан. Гэхдээ зүгээр ч нэг зарсангүй, өөрийн сайтаа удирдах эрхээ авч үлдсэн билээ. Өнөөдөр дэлхийн хэмжээнд хамгийн олон хүн зочилдог сайтын тоонд “The Huffington Post” блог орж байна. Мөн тэрээр 2012 онд Пулитцерийн шагнал авсан билээ. “Forbes.com” сайтаас гаргасан рейтингээс үзвэл өдгөө 62 настай Арианна Хаффингтон нь дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйн жагсаалтад 29 дүгээр байранд орж байсан юм. Ингээд бизнес, мөнгө, бүсгүй хүний амьдралын талаар энэ эмэгтэйн хэлсэн үг, бас өвөрмөц санааг уншигч танд сонирхуулж байна.
• Ажлаас өөр юу ч тоохгүй болсноор бид чухлыг золиослон, яаралтайг хөөцөлдөж эхэлдэг. Амьдралын тэнцвэр алдагддаг.
• Өөрсдөө хийсэн эсвэл хувь тавилан бидний өмнөөс хийж байгаагаас үл хамаараад ямар ч шийдвэр алдаатай байж болно.
• Бусдыг өөртөө татах чадвар, хошин шогийн мэдрэмжээ алдалгүйгээр тууштай, шаргуу байж болдог. Тууштай, шаргуу зангаас болж бусдад төрдөг таагүй сэтгэгдлийг хошин шогийн мэдрэмж зөөллөдөг. Өөрийгөө хэт дөвийлгөж, өөрийгөө хэт чухалчлахгүй байж чадвал илүү үнэмшилтэй, итгэлтэй харагддаг.
• Хамгийн таагүй таамаг, зайлсхийхийг хичээсэн зүйл боллоо ч нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж чадна гэсэн итгэл нь айдсыг давах хамгийн сайн аргын нэг.
• Урагшлах замд олон ч саад бий, бүр эрсдэл ч үүснэ, бүтэлтгүйтэл ч тохиолдох бөгөөд амжилтын амтыг мэдэрч баярлан бахдахын тулд бүр ч нөлөөтэй, жинтэй болох ёстой гэдгийг ойлгодог нь юунаас ч айдаггүй эмэгтэйчүүдийг нэгтгэж байдаг юм.
• Айдсыг ялахад туслах байх гэсэндээ бид эд баялгийг хөөцөлддөг ч заримдаа мөнгөний төлөөх эцэс, төгсгөлгүй гүйлт нь ердөө л өөр бусад олон төрлийн айдсын илрэл төдий зүйл байдаг.
• Хангалуун амьдралыг хүсэн давж гарахад хэцүү хүсэлд авталгүй, санхүүгийн байдлаасаа үл хамааран өөрийн зорилго, сонирхлоороо амьдардаг хүмүүс л мөнгө гэж толгойгоо гашилгахгүй байж чаддаг.
• Чиг шулуун бөгөөд эрх мэдэлтэй, ил тод эмэгтэйчүүдийг өнөөгийн соёл хүлээж авахгүй хэвээр байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид эрх мэдлийг эрэгтэй төрх, эрэгтэйлэг байдал, заримдаа бүр хэрцгий зантай адилтган үздэг бөгөөд эмэгтэйчүүд өөрсдийгөө эдгээр үгээр тодорхойлогдох вий, тодорхойлогдчихоод “бүдүүлэг”, “нойтон хамуу шиг” гэж хэлэгдэх вий гэхээс эмээж байдаг юм. Ийм байхад эмэгтэй хүн санаачлагыг гартаа аван бие даан урагш алхаж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс эмээдэгт гайхах зүйлгүй.
• Хүчтэй, шийдэмгий, бусдад анхаарал тавьдаг, үнэнийг хэлэх чадвараа алдалгүйгээр эелдэг, бусдад урам зориг ба эрч хүч өгсөн нэр хүндтэй гэсэн орчин үеийн манлайлагч нарт үгүйлэгдэж байгаа онцгой чанарууд өнөөдөр эмэгтэйчүүдэд л байна.
• Бусдыг ойлгон мэдрэх чадвар нь ямар ч төвшний удирдагчид заавал байх ёстой чанар юм.
• Дор байгаа хүмүүс биднээс, бид дээр байгаа хүмүүсээс айх. Энэ тоглоомонд хэн ч ялахгүй. Гэвч аз болж ийм тоглоомоор заавал тоглох албагүй юм. Зиндаа, шатлал дээр тогтсон эрх мэдлийг бид хэдий хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна тэр хэмжээгээр л тэр бүхэн оршин тогтнож байдаг.
• Хувийн харилцаанд ч ямар ч таагүй нөлөө үзүүлж магадгүй байсан бид чухал зүйлсийн талаарх үзэл бодлоо илэрхийлж байх ёстой. Өнөөдөр дэлхий ертөнцөд хэзээ хэзээнээс илүүтэйгээр эмэгтэй удирдагчдыг үгүйлж байна.
• Өнөөдөр “дураараа” эмэгтэйчүүдийг шулам гэж үзэн ядахаа болиод “хий өвчтэй, хийрхэгч” гэх болжээ. Ингээд ийм эмэгтэйчүүд нь олонхийн хувьд таагүй, ээдрээтэй эсвэл аюултай гэж үзсэн зүйлсийг нэхэж эхэлбэл бүгд тэр үзэл бодлыг ямар ч үндэслэлгүй, амьдралгүй эсвэл хэт их сэтгэлийн хөөрөлтэй гэж ад үздэг.
• “Huffington Post” нь бодитой байдал, баримтын шалгагдсан байдал, зөв бичих дүрэм гээд сэтгүүлчдийн заавал мөрдөх ёстой бүх л үнэт зүйлсийг дагадаг. Гэхдээ үүнтэй зэрэгцээд болж байгаа үйл явдалд өөрийн гэсэн үнэлэлт, дүгнэлт өгдөг.
• Удирдагч, дарга байхын тулд заавал Нью-Йорк, Вашингтон руу нүүх шаардлагагүй. Хүн болгон өөрийн гэр бүл, ойр орчимдоо манлайлагч болж болно. Учир нь өөрчлөлтүүд дээрээс эхэлдэггүйн дээр манлайлагч нарт заавал байх ёстой зан чанар нь хамгийн өндөрлөгт улам л ховор тохиолдох болсон.
• Эрчүүд хүүхнүүдэд дуртай. Эрчүүд мөнгөнд ч бас дуртай. Гэхдээ мөнгөтэй эмэгтэй хүнд эрчүүд дургүй.