Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуулиант тэрбумтны амьдрал ба үхэл


Англид улс төрийн цагаачийн статустай амьдарч байсан Оросын дуулиант тэрбумтан Березовский бямба гаригт Беркшир гүнлэг дэх хувийн байшиндаа нас барсан байсныг илрүүлжээ. Энэ мэдээ нь дэлхийн бүх том хэвлэлүүдийн хамгийн дуулиантай мэдээ болоод байна. Тэрбумтан Березовский нь хэдийгээр цагтаа Путинийг төрийн өндөрлөгт гарахад шийдвэрлэх биш юм гэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж, 2000 оны сонгуульд нь идэвхтэй оролцож, одоо Орост эрх барьж байгаа “Нэгдсэн Орос” намыг үүсгэн байгуулахад гар бие оролцож байсан хэдий ч удалгүй Путинтэй түнжин хагарч, 2001 оноос Англи руу гарч удалгүй, өөрийгөө Оросын Ерөнхийлөгчийн гол өрсөлдөгч, эсэргүүцэгч гэж зарласанд хэргийн учир байгаа юм. “Би чамайг гаргаж ирсэн” гээд Березовский төрийн хэрэгт дураар оролцож, зааж шийдэх гээд нөгөө талаас Путин “Чи ОХУ-ын Ерөнхийлөгчид заадаг хэн бэ” гээд ер нь, тун ч халуухан маргаан өрнөсөн нь  бие биенээ нэг нүдээр үздэггүйн гол шалтгаан нь гэх.


Энэ хүн адал явдалтай кино шиг л амьдралыг туулжээ. 1941 онд төрсөн Березовский нь өөрчлөн байгуулалт эхлэх хүртэл шинжлэх ухааны салбарт, тодорхой хэлбэл математикийн салбарт хүчээ үзсэн эрдэм шинжилгээний ажилтан байжээ. Зарим нь түүнийг тун ч муугүй математикч байсан гэцгээдэг. Ингээд математикч эрдэмтэн маань өөрчлөн байгуулалттай хөл залгаад зах  зээлийн систем нь хүнд ямар их боломж олгож байдгийг асар хурдан ойлгож, нарийн тооцоо хийжээ. Ингээд тэрээр өөрчлөн байгуулалт эхэлсний дараагаар эзэнгүй, улмаар борлуулалтгүй болж дампуурахаа шахаад байсан Оросын авто машины хамгийн том үйлдвэр “АвтоВаз”-ын бүтээгдэхүүнийг нь борлуулах “ЛогоВаз” компанийг үүсгэн байгуулж амжилттай ажилласнаар тэрбумтан болох гараагаа эхэлсэн юм. Удалгүй хямдхан бөгөөд чанартай ард түмний машин үйлдвэрлэх зорилгоор “Бүх Оросын авто машины эвсэл” гэгч төсөл санаачлан ард иргэдээс мөнгө цуглуулсан ч энэ нь төслөөс хэтрээгүй.


Ингээд 1992 онд Зөвлөлт холбоот улс задран унахад тэрээ чамгүй хөрөнгөтэй болсон байлаа. Удалгүй “Сибнефть” –ийг өөрийн болгоод, “Аэрофлот” компанийн валютын мөнгийг өөрийн мэдлийн компани руу шилжүүлсэн гэх мэт бизнестэй холбоотой маш нарийн зохион байгуулалттай овжин алхам хийснээр мөнгө санхүүгийн хувьд хэр баргийн хүнтэй зүйрлэхээргүй болсон аж. Гэвч их мөнгө хамгаалалтгүй бол удалгүй балардаг болохоор эхлээд хэвлэл мэдээллийн салбарт нөлөөгөө нэмэгдүүлэх маш эрчимтэй алхам хийж эхэлжээ. Ингэснээр 2000 он гэхэд тэрээр «Коммерсантъ», «Московская комсомолка», «Независимая газета», «Новые Известия», «Свежий номер» сонинууд, «Автопилот», «Власть», «Деньги», «Молоток», «Домовой», «Огонёк» сэтгүүлүүд, «Наше радио» радио станц, ОРТ, ТВ-6 гээд тухайн үедээ Оросын холбооны улсын хамгийн нэртэй, хамгийн олон уншигч, үзэгч, сонсогчтой хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бүрэн хянаж байлаа. Үүний дүнд улс төрийн ямар ч өрсөлдөгчөө хэвлэл мэдээллээр юу ч үгүй болтол нь устгаж чаддаг болов. Ельцины охиноор нь дамжуулан түүний бодлогод асар их нөлөөлдөг хүн байсан гэдэг. Тухайн үед Орост явагдаж байсан зэрлэг хувьчлалд маш идэвхтэй оролцон олон арван компанийг санаанд оромгүй хямд хүнээр авах, дамлан худалдах, мөнгө угаах зэрэгт ихэд гаргшсан хүн гэж үздэг. Ингээд хөрөнгө мөнгө, хэвлэл мэдээлэл, улс төрийн нөлөө нь оргил цэгтээ хүрсэн гэж болно. Түүний албан ёсны хөрөнгийг 1997 онд гурван тэрбум ам.доллараар үнэлж байсан бөгөөд дэлхийн хамгийн баян зуун хүний тоонд ороод байлаа.


Чечений нэгдүгээр дайны үеэр өөрийн нэр хүндээ өсгөх, хууль бусаар олсон мөнгөө угаахын тулд Оросын олзны цэргүүдийг идэвхтэй ашигладаг байж. Үүний тулд Чечений босогчид олзны цэргүүдийг суллахын төлөө их хэмжээний барьцааны мөнгө нэхнэ. Офицер, байлдагчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байсан тухайн үеийн Оросын Засгийн газарт мэдээж тийм мөнгө байхгүй. Энэ үед босогчидтой урьдчилаад тохиролцоо хийсэн Березовский гарч ирээд тэр их мөнгийг төлнө. Үр дүнд бүгд сэтгэл хангалуун. Оросууд олзны хүнээ суллуулчихсан, босогчид барьцааны мөнгөө авчихсан, Березовскийн нэр хүнд өснө. Улмаар 1997 онд ОХУ ба Чечений Бүгд Найрамдах Ичкер улсын хооронд энх тайвны гэрээ байгуулахад голлох үүрэг гүйцэтгэжээ. Энэ мэт арга хэмжээ авах замаар тэрээр тэр жилдээ Нобелийн энх тайвны шагнал авахаар нэр дэвших гэж байсан гэж зарим эх сурвалж дурддаг.


Тэрээр эдгээр хугацаанд ОХУ-ын Аюлгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ТТХН орнуудын гүйцэтгэх нарийн бичгийн дарга,  Думын гишүүн гэх мэт нөлөө бүхий албан тушаал хашиж байсан юм. Гэвч  математикч эрдэмтэн маань зарим газар буруу тооцоо хийж, өрсөлдөгчдөө хэт дутуу үнэлснээс 1997 оноос эхлэн хууль хяналтын байгууллагууд өмнөх жилүүдэд түүний явуулж байсан үйл ажиллагааг нарийвчлан шалгаж эхэлсэн билээ. Иймд мань эр баривчлагдахгүйн тулд арга буюу Англи руу зугатаж тэндээ улс төрийн орогнол хүссэнийг тус улсын Засгийн газар ёсоор болгосон юм.


Улс төрийн цагаач хийж байхдаа Березовский зүгээр суусангүй. Орост ардчиллыг сэргээх зорилготой сан гэгчийг байгуулж асар их хөрөнгөөр санхүүжүүлэх болсноо зарлав. Оросын тусгай албаны ажилтан байгаад Березовскийд хүчин зүтгэх болсон Литвиненког санхүүжүүлж байгаад 1999 онд Москва, Волгодонск хотод алан хядагчдын дэлбэлсэн байрыг тусгай албаныхан санаатайгаар дэлбэлсэн гэх ном бичүүлж, түүгээр нь кино хийсэн. Украйнд гарсан өнгөт хувьсгалын үеэр Ющенког ихээр дэмжин 30 сая ам.долларын тусламж үзүүлж байжээ. Хожим Украйны харилцаа холбооны том компанийг дахин хувьчлахад хувь авах зорилготой байсан ч Ющенко хүссэнийг нь өгөөгүй хандив өргөж байснаа гэрчлэх чек үзүүлсэн билээ.


Путиний эсрэг түүний зохион байгуулсан хамгийн дуулиантай хэрэг нь 2006 онд амиа алдсан Литвиненкогийн хэрэг байлаа.

Путин, түүний Засгийн газрыг удаа дараа хатуу шүүмжилж, буруутгадаг байсан Литвиненко зөвхөн Оросоос гаралтай цацраг идэвхит бодисонд хордож болохыг шинжээчид нотолсноор дуулиан эхэлсэн юм. Путиний захиалгаар ардчиллын төлөө тэмцэгчийг аллаа гэж өрнөдийн хэвлэлүүд дуу дуугаа авалцан дуулиан дэгдээж, Литвиненко нь Березовскийн дотны хүн, түүнээс цалинждаг байсан болохоор мань тэрбумтан нэлээд удаан хугацаанд дэлхийн хэвлэл мэдээллийн баатар болсон юм. Энэ дуулиант хэргийг мөрдсөн Английн цагдаагийн байгууллага Оросын хоёр иргэнийг гол буруутан гэж үзээд нэн даруй Англид шилжүүлэн өгөхийг шаардав. Гэвч Оросын Үндсэн хуулиар иргэнээ гадаад улсад шилжүүлэн өгөх хориотой байдаг. Английн дээд удирдлага нь Оросын талыг Үндсэн хуулиа өөрчлөхийг шаардсанаар маргаан нь улс хоорондын хүйтэн дайн болж хувирсан билээ. Оросын сөрөг хүчин ба Путинд талгүй байдаг дэлхийн улс төрийн элит энэ дуулианыг маш чадварлагаар ашигласан. Даа ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Литвиненкогийн үхэл маапаантай, Березовский санаатай зохион байгуулсан байж ч магадгүй болж хувираад, Литвиненкогийн аав нь шууд буруутгаад эхэлсэн болохоор энэ талаар дурсахаа больсон юм.  Энэ бүхэн Березовскийн нэр хүнд сөргөөр нөлөөлсөн нь ойлгомжтой.

2007 онд тэрээр Путинийг зэвсгийн хүчээр түлхэн унагах тусгай ажиллагааг санхүүжүүлж байгаа гэж мэдэгдсэн нь Английн эрх баригчдын дургүйцлийг ихэд хүргэсэн билээ. Удалгүй Бразилийн Засгийн газар нь Березовскийг мөнгө угаасан хэргээр эрүү үүсгэн Интерполоор эрэн сурвалжилсан. Швейцарь нь түүнийг мөнгө угаасан хэрэгт сэрдээд өөрийн улсад хөл тавихыг хориглосон. Латви улс нь түүнийг мөнгө, холбоо сүлбээгээ ашиглан дотоод хэрэгт нь хэт их нөлөө үзүүлэх гэлээ гээд бас л нутагт нь орж ирэхийг хориглосон юм.

Товчхондоо сүүлийн үед тэрбумтан эр ихээхэн хүнд байдалд орсон. Санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд Литвиненкогийн ар гэрт өгдөг байсан тэтгэлгээ зогсоосон. Мөн Абрамовичаас таван тэрбум фунт нэхэмжлэн шүүхэд хандсан ч ялагдсан. Зүгээр ч нэг ялагдсангүй шүүхийн зардал гэж Абрамовичийн гаргасан бараг зуугаад сая ам.долларыг төлөх ёстой болсон юм. Үүний дээр түүний гурав дахь эхнэр нь өөртөө болон хүүхдүүддээ асар их тэтгэлэг шаардаж, шүүхээр дамжуулан түүний дансуудыг түгжээд авсан юм. Үүнээс болоод тэрээр сэтгэл санааны маш хүнд байдалтай байсан бөгөөд зүрх нь удаа дараа хүчтэй өвдөж байсан аж.


Тэгэхээр нэр хүндээ алдсан, санхүүгийн хямрал зэргийн улмаас сэтгэл санааны хүнд байдалд ороод зүрх дийлээгүй байж ч болох талтай. Гэхдээ л түүний үхлийг бас л Путинтэй холбоод шуугиад эхлэх нь гарцаагүй. Магадгүй ийм болоод ч тэр үү Березовскийн нас барсан өрөөнд Английн хими ба цөмийн зэвсэг, цацраг идэвхит бодис илрүүлэх тусгай мэргэжилтнүүд ирж ажиллаж байж магадгүй юм. Ингэснээрээ түүний үхлийн цацраг идэвхит бодисонд хордож нас барсан Литвиненкогийн хэрэгтэй ямар нэг байдлаар холбож байгаагаа харуулж буй хэрэг. Английн тал мэргэжилтнүүд ажиллан ямар ч хоргүй гэсний дараа л цагдаагийн шинжээч нар орж ажиллах боломжтой хэмээн тайлбар хийсэн билээ. Тэгэхээр удахгүй Путинтэй холбоотой дуулиан гараад эхэлбэл гайхах зүйлгүй. Путин ч үүнийг урьдчилан таамагласан болохоор хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэл хийж “Березовский нь хэсэг хугацааны өмнө өөрийн гараар бичсэн захидлаа Путинд дамжуулан өгсөн бөгөөд түүндээ маш олон алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд Путинээс уучлал гуйж, эх орондоо эргэж ирэх боломж олгох хүссэн” гэжээ. Тэгээд эцэст нь “Ямар ч хүн байсан түүнийг нас барсан тухай мэдээлэл нь эерэг сэтгэл хөдлөл төрүүлэх боломжгүй гэдгийг л хэлье” гэжээ.

Амьдрал үхэл бүх зүйл нь дуулианаар дүүрэн хүн гэж ийм л байх юм.

0 Сэтгэгдэл
Goe niitlel baina, mash ih taalagdlaa. Amjilt husie, iluu olon goe niitlel bicheerei
Saihan niitlel baina gehdee ene hunii talaar buren todruulj bichsengui dee
uudgui luivarchin lbaisan yum baina.munguu avaad uhsen uu.
Хамгийн их уншсан