Нөхөр нь хуулийн хариуцлага ч хүлээж магадгүй байгаа хүнд өдрүүдэд ч Карла Бруни сэтгэл өөдрөг байгаагаа харуулж “Echo Music Awards”-т оролцохоор Берлинд ирсэн байна. 1990-аад оны топ моделиудын нэг Карла Бруни одоо загварын ертөнц, бас тэргүүн хатагтайн завгүй үүрэгт ажлаас холдоод байгаа учир уран бүтээлдээ илүү анхаарах болсон юм. Тэрээр хөгжмийн шагнал гардуулах ёслолд “Mon Raymond” дуугаа дуулжээ.
Карла Бруниг Берлинд байх хооронд Николас Саркози шүүхэд дуудагдсан хууль зүйн асуудлыг хэрхэн шийдэх талаар өмгөөлөгчидтэйгөө хэлэлцээд завгүй байна. Түүнийг 2007 оны сонгуулийн өмнө дэлхийн хамгийн баян эмэгтэй, L’Oreal-ын эзэн Лилиан Бетенкуртээс кампанит ажилдаа хандивын мөнгө авсан нь хууль бус байсан хэмээн хэрэг үүсгэж, одоо энэ хэрэг шүүхийн шатанд хүрээд байгаа юм.
Тэрбумтан Л.Бетенкурт Н.Саркозигийн дэмжигчдийн нэг юм.