Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн В.Мөнгөнчимэг биеэсээ бурхан болон чулуу гаргадаг тухай мэдээлэл улс даяар шуугиан тарьж байна. Нүдээрээ үзээгүй ч цахим хэрэгсэл болон телевизээр үзсэн хүмүүс энэ мэдээлэлд төдийлэн итгэлгүй байгаа юм. Итгэх ч аргагүй сонин хачин мэдээлэл ёстой л нийгмийн сэтгэл зүйг өөрийн эрхгүй татаж байна.
Тэгвэл энэ мэдээлэл хэр бодитой болохыг Хөвсгөл аймгийн Галт сумын ИТХ-ын төлөөлөгч Даваанямтай утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Танай сумын иргэн Мөнгөнчимэг гэдэг эмэгтэй биеэсээ бурхан гаргасан тухай мэдээлэл Улаанбаатарт шуугиан тариад байна л даа. Энэ үнэхээр үнэн юм уу?
-Би бол төдийлэн итгэхгүй байгаа. Нүдээр хараагүй болохоор тийм гэж хэлж болохгүй байх. Саяхан Мөрөнгөөс /аймгийн төв/ сэтгүүлчид ирж бичлэг хийсэн юм гэсэн. Наадахыг чинь үзсэн хүмүүс л шуугиж байгаа биз.
-Энэ хүний үйлдэл хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Өнгөрсөн жилээс л яригдаж эхэлсэн.
-Ер нь, нутгийн иргэд харсан байна уу?
-Ганц нэгхэн хүн л харсан юм гэсэн. Тэр хүмүүс нь энэ хүнийг анхааралдаа аваач сумаас ажлын хэсэг томилж өгөөч гэж явсан. Ажлын хэсэг томилж очсон ч тухайн үед нь ямар нэгэн зүйл болоогүй юм билээ.
-Одоо яг энэ асуудлаар сумын удирдлагуудыг анхаарал хандуулаач гэсэн санал хүсэлт гарч байна уу?
-Сайн мэдэхгүй байна. Сумын Засаг даргад хандсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан үнэхээр гайхалтай юм гэж шагширсан хүнтэй тааралдаагүй л байна. Ер нь, үүнийг бид нотолж чадахгүй шүү дээ" гэсэн хариулт өгсөн юм. Түүний хувьд үүнийг бараг худлаа болов уу гэсэн янзтай тайлбар өгч байлаа. Тэгвэл сумын Засаг дарга энэ сонин хачин зүйлд ямар байр суурьтай байгааг бид эргэн мэдээллэх болно.