Диснейн од Селена Гомез өчигдөр үдэш Дэвид Леттерманы ток шоунд оролцохдоо удтал чимээгүй явсан салалтынхаа тухай ам нээжээ. Тэрээр чухам юунаас болж Жастин Биберээс салснаа яриагүй ч тэд салах үед Жастин Бибер уйлж байсан гэдгийг нуулгүй хэлжээ. Тэрээр өсвөр үеийнхний шүтээн болсон дуучин залуугаас салсан ч сэтгэлээр унаагүй, амьдрал сайхан байна хэмээн ярьж, багагүй хошигнож байсан гэнэ.
Селена Гомез, Жастин Бибер нар хоёр тийш болсноос хойш Жастин охидтой зугаалж яваа нь хэвлэлийн дуранд цөөнгүй өртсөн бол Селена Гомез ганц бие хэвээр байгаа юм. Тэрээр хамгийн сүүлийн шинэ уран бүтээл болох “Spring Breakers” киноныхоо сурталчилгааны ажлаар олон улсаар аялж яваа. Түүний залуу ододтой хамтран тоглосон тус кино хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх юм.