Тельман Исмайлов 1956 онд Азербайжаны нийслэл Бакуд арван хоёр хүүхэдтэй айлын арав дахь хүү болж төрсөн. 14 наснаасаа эхлээд л худалдаачин эцэгтээ тусалж тун удахгүй Бакугийн анхны хувийн дэлгүүрийн эзэн болж байсан.
1973-76 онд азербайжаны Улс Ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж 1980 онд Москвагийн Плехановын нэрэмжит УААДС-ийг төгссөн. Худалдааны яаманд эдийн засагчаар ажиллаж байгаад 1989 онд “АСТ” групп байгуулж байж. Тэр анхнаасаа л Москвагийн мэр Юрий Лужковтой ойр дотно байсан гэдэг. Өнөөдөр энэ группт зочид буудал, барилга, зорчигч тээвэр, зоогийн газар, үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа гээд 31 компани багтаж байна. Хамгийн гол нь тэрээр Москвагийн Черкизовын захын эзэн.
Туркт түүний бизнесийн ихээхэн хэсэг бий. Тэнд “Мардан Палас” зочид буудлын цогцолбор барихад нэг тэрбум хагас доллар зарцуулсан гэдэг. Зочид буудлын нь нээлтэд Ричард Гир, Шэрон Стоун, Пэрис Хилтон, Иосиф Кобзон нар оролцож туузыг нь Юрий Лужков хайчилсан.
Тэрээр 2007 онд оросын баячуудын жагсаалтад 76 дугаарт орж байсан түүний хөрөнгийг Форбес сэтгүүл 620 сая доллар гэж үнэлсэн. Гэхдээ одоо бол нэг тэрбум долларын хөрөнгөтэй. Эхнэр хоёр хүүхэдтэй.
Түүний эзэмшдэг Черкизовын зах бол Москва хотноо 200 га талбай эзэлж оршдог, Оросын худалдааны танхимын мэдээгээр 100 мянга орчим хүн, үүн дотроо хятадын 60 гаруй мянган худалдаачин ажиллаж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын худалдаачдыг бараагаар хангадаг гол зах.
Энэ зах гэмт хэргийн гол цөм болж байгаа нь Тельман Мардановичийн гол толгойны өвчин.
2006 онд энд дэлбэрэлт болж 14 хүн амь алдан 61 хүн бэртэж гэмтсэн. 2009 оны зун эрх баригчид энэ захыг хаах шийдвэр гаргасан ч улсын төсөв эндээс жил бүр 650 тэрбум рубль алдах болсон юм. Гэхдээ л энд худалдааны наад захын норм, хэм хэмжээ, эрүүл ахуйн дэглэм зөрчигдөж байгааг албаныхан хүлээн зөвшөөрдөг. Москвагийн хэрэглэгчийн төлөө газрын тэргүүн Владимир Малышев энэ зах дээрх бараа эргэлтийн 40 хувь нь хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч ярьсан байдаг. Өнөө л хуурамч, эрүүл мэндэд хортой, хүүхдийн тоглоом, хүнсний зүйл чинь энд үүрлэсэн газар. 2009 онд өнөөх АСТ группын агуулахаас 58 контейнер ийм хуурамч бараа илрүүлж байсан удаа бий.
Ер энэ захыг 2001 оноос хойш гурван ч удаа хаахаар шийдвэр гаргаж байсан ч янз бүрийн шатны шүүхээр ороод тэсч үлдээд л байдаг байна.
Нөгөө талаас нь гадаад орнууд ч энэ захыг хаахад дургүй байдаг юм. Хятадууд гэхэд л орос дахь худалдааны гол түшиц гэдэг бол Киргиз гэхэд л өөрийнх нь хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 40 хувь нь энэ зах дээр борлуулагддаг гэж тооцдог.
Хууль бус наймаа, гэмт хэргийн үүр болсон энэ газрыг хаана гэхэд тэгээд юу садаа болоод байна аа. Яг үнэнийг хэлэхэд бизнес их гүрэн, төрийн машин хоёрын энэ тулаанд хэн нь ялах бол. Таван жил үргэлжилж байгаа энэ асуултад ердөө л төрийн бүх шатны байгууллагын түшмэлүүд, хүчний байгууллагын ажилтнууд болон захын эзэн Тельман Исмайловын хоорондох яриа хэлэлцээ, авлига, хээл хахууль садаа болоод байгаа хэрэг.
Ний нуугүй үнэнийг хэлэхэд хамгийн хямдхан, хуурамч бүтээгдхүүн, хятадын хямд хог новшийг Черкизовт хулгайгаар заруулдаг энэ хүний дэргэд оросын металлургийн болон нефтийн магнатууд ёстой “балчир жаал” л гэсэн үг. Үнэндээ энэ зах, энэ хууль бус наймааны эсрэг, исмайловын бизнесийг хөндсөн дайралт бүхэн мөрдөн байцаагч, бүр генералууд, төрийн албан хаагчдыг баривчилснаар төгсдөг. Энэ ажил Путины үед ч, Медведевийн үед ч яг ийм л байгаа.
Эцэст нь юу болж байна гээч. Орост мөрдөгдөх ёстой тэр хүн өдгөө гадаадад хөрөнгө оруулаад тэндээ байршаад, дэлхийгээр нэг тэнээд яг туулай шиг хууль ёсноос гадуур явж байна хэмээн оросын хэвлэлүүд бичиж байна. Түүнийг баривчилж байцаана гэдэг алганы хонхорхой хазахтай адил байж болох ч ямартай ч Черкизовын захтай холбоотой мөрдөн шалгах тусгай штаб байгуулсан байдаг юм. Энд нь Оросын хууль сахиулах бүхий л байгууллага Мөрдөн байцаах алба, Дотоод явдлын яам, Холбооны мөрдөх товчоо, Холбооны гаалийн газар, Ерөнхий прокурорын газраас хүмүүс оржээ.
Тельман Марданович Исмаилов чухам энэ захын хөрөнгөөр л тэр Туркийн Антальед таван одтой, долоон давхар Мардан Палас зочид буудлын цогцолборыг босгосон хэрэг.
Одоо Тельманыг туркийн иргэншил авах гэж байгаа тухай ярьдаг болж. Туркт өөр бас томоохон хөрөнгө оруулах тухай ч яриа бий. Амралт аялал жуулчлалын салбарт дахиад л тэрбумаар яригдах долларын хөрөнгө оруулна гэнэ. Гэхдээ туркийн Антальяагийн эрх баригчид, хотын нь дарга Мустаф Акадын түүний Мардан Палас цогцолборын барилга барих зөвшөөрлийг шалгаад эхэлчихсэн гэсэн яриа байна. Зөвшөөрлийг хууль бусаар өгсөн байж магадгүй тухай Азербайжаны АРА агентлаг нэг удаа мэдээлсэн. Туркийн радио ч бас амралтын газрын өмнөх удирдлага энэ зөвшөөрлийг өгсөн тухай мэдээлж байсан. Энэ нь өмнөх Шударга ёс, хөгжлийн намынхан гэнэ. Гэтэл энэ нам одоо сонгуульд ялагдсан. Одоо ялаад байгаа Ардын Бүгд найрамдах нам үүнийг шалгана.
Оросын хэвлэлүүд болохоор Тельман Марданович Исмаиловыг Черкизовын зах, хууль бус наймаа, авлига хээл хахуулийн хэргээсээ зугтаахаар хөрөнгөө гадаадад гаргаж эхэлж байгаа нь энэ хэмээн шуугьж байна. Оросын ийм нэгэн баян эр байна аа, гэхдээ одоо оростоо биш.
Түүний тухай ингэж шуугих, тэр одоо оросоос зугтаахын гол учир нь түүний найз Юрий Лужков албан тушаалаа өгөөд одоо бас Орост багтаж шингэх эсэх нь тодорхойгүй байгаатай холбоотой ч байж мэдэх.
Мардан Палас бол зүгээр нэг зочид буудал, нэг барилга биш. Бүхэл бүтэн хотхон, цогцолбор. Энэ бол 600 хавтгай дөрвөлжин метрээс эхлээд 28 хавтгай дөрвөлжин метр талбайтай нийт 644 өрөө, 10 ресторан, 7 баар, кафе, нээлттэй бассейн, дасгалжуулалтын танхим, хурлын 15 танхим, 1200 хүний хүлээн авалтын танхим, бизнес төв, кинотеатр, шөнийн клуб бүхий зочид буудлын цогцолбор. 24,0 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай усан бассейн дээгүүрээ гоёмсог гүүртэй.
800-1200 хүний бүжгийн хоёр танхим, яриа хэлэлцээрийн 50-150 суудалтай 17 өрөө бас бий. Хүүхдийн тоглоомын талбай, бассейн, бага насны хүүхэд асрах газар, дасгалжуулах танхим, өсвөр насны хүүхдийн өрөө гээд юм бүхэн бий.
Түүний Туркэд барьсан зочид буудал хэр зэрэглэлийнх болохыг эндээс үзэж болно
http://www.assa.mn/video/387.shtml?a=yellow
http://www.assa.mn/video/386.shtml?a=yellow
http://www.assa.mn/video/385.shtml?a=yellow