Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөт бөхийн төлөө уриа лоозон барьж, дэлхий нийтэд сонордуулна

Олимпын төрлүүдээс чөлөөт бөх хасагдахад хүрсэн нь дэлхий дахинд эсэргүүцэл өрнүүлсэн үйл явдал болоод байна. Энэ спортын хөгжлөөр сайн, муу гэлтгүй бүх л улс орны бөхийн холбооноос ОУОХ болон Чөлөөт бөхийн дэлхийн холбоо ФИЛА-д байр сууриа илэрхийллээ. Үүний дотор АНУ, Иран, Орос, Азербайжан, Белорусь, Болгар, Грек, Иран, Казахстан, Канад, ОХУ, БНАСАУ, Өмнөд Солонгос, Энэтхэг, Япон, Турк, Украйн гээд маш олон орон багтаж байгаа. Гэвч Монголын чөлөөт бөхийн холбоо албан ёсоор мэдэгдэл хийгээгүй нь асуудлыг үл тоосон мэт харагдахад хүргэсэн юм. Гэвч бодит байдал дээр МЧБХ зүгээр суусангүй, ФИЛА болон ОУОХ-нд хандан мэдэгдэл, байр сууриа аль хэдийнэ илэрхийлжээ. Өнгөрсөн баасан гарагт холбооны Удирдах зөвлөл болон ахмад тамирчид хуралдаж, уг асуудлаар зөвлөлдсөн байна. Гэхдээ бусад орны адил зөвхөн эсэргүүцэж байгаагаа хэлээд зогсохгүй тодорхой санал дэвшүүлж, уриалга болгохоор шийджээ. Тодруулбал, спортын нэр бүхий 10 төрлийг цаашид зуны олимпын наадам бүрт байнга оруулж байхаар тусгасан аж. Тэдний уриалгад л 17 жилийн өмнө буюу 1896 онд болсон орчин үеийн анхны олимпын наадамд багтсан есөн төрлөөс гадна Пьер де Кубертэний бий болгосон таван төрөлт спортыг оруулсан байна. Дээрх есөн төрөл нь бөх, буудлага, дугуй, спортын гимнастик, туялзуур жад, талбайн теннис, усанд сэлэлт, хүнд ба хөнгөн атлетик байдаг аж.
МЧБХ-ноос ФИЛА болон ОУОХ-нд хандан байр сууриа илэрхийлэн чөлөөт бөхөө олимпод авч үлдэхийн тулд идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон гэнэ. Энэ талаар холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэртэй уулзаж ярилцлаа. Тус холбоо удахгүй олон улсын тэмцээн байгуулах гээд уулзаж, зөвлөлдөх хүнээр тасрахгүй, завгүй сууцгаасан юм. Энэ долоо хоногт буюу хоёрдугаар сарын 27, 28-ны өдөр эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэлнэ. Үүгээр дамжуулж олон улсын төвшинд ОУОХ-ны шийдвэрийн эсрэг уриалгаа сонордуулах гэнэ. Саяхан Иран улсын Тегеран хотод эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом” болж өндөрлөсөн. Тэмцээний үеэр нийт тамир­чин, дасгалжуулагч, үзэгч хөгжөөн дэмжигчид чөлөөт бөхийн төлөө уухайлан хашгирчээ. Түүнчлэн чөлөөт бөхийн нэр хүндтэй тамирчид “Олимп хэзээ ч, хэзээ ч чөлөөт бөхгүйгээр болохгүй” гэсэн лоозон барьжээ. МЧБХ-ны хамт олон эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын явцад иймэрхүү байдлаар эсэргүүцэл илэрхийлж, уриалгаа уншихаар бэлтгэж байна. Уг тэмцээнд Дэлхийн бөхийн холбооноос тогтоосон бөхийн шилдэг найман орны тамирчин хүч үзнэ. Нийт 100 гаруй хүн оролцохоор болоод байгаа аж. Хоёр өдрийн турш тэмцээн үзэх тасалбар нь 15 мянган төгрөгийн үнэтэй. 2013 онд манайд болох олон улсын тэмцээнүүдээс хамгийн том нь нөгөөдөр эхлэх эмэгтэйчүүдийн тэмцээн юм. Хэдий “Дэлхийн цом” гэсэн нэртэй боловч багийн өрсөлдөөний шугамаар өрсөлдөх гэнэ.
2020 оны олимпын наадамд 25 спортын төрөл оруулахаар баталчихсан. Нэмэлт төрөлд багтахаар найман спорт тунаж үлдээд байгаа нь бэйсболл, каратэ, роллер-спорт, хаданд авиралт, сквош, вэйкборд, ушу болон чөлөөт бөх юм. Үүнийг Украйны чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Руслан Савлахов шүүмжлэхдээ “Нэрийг нь ч мэдэхгүй шахам спортуудтай чөлөөт бөхийг өрсөлдүүлж байна. Үүнтэй бид хатуу тэмцэнэ” гэж хэлсэн. Тэгвэл МЧБХ-ны хамт олонд ч бас ийм сэтгэгдэл төрсөн бололтой. Ц.Сэрээтэр XXXII зуны олимпын наадмын 26 дахь спортын төрлөөр чөлөөт бөх сонгогдоно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэрээр “АНУ, ОХУ тэргүүтэй олон орны төрийн удирдлага энэ асуудалд анхаарлаа хандуулчихсан. Нөгөө талаас дэмжигч, үзэгчээрээ, спортын агуулгаараа ч өрсөлдөж буй спортуудаасаа чөлөөт бөх хавьгүй илүү” гэсэн юм. Урьд нь чөлөөт бөхийн спорт зуны их наадмаас ийнхүү хасагдах дээрээ тулж байсангүй. Гэтэл менежмент, сурталчилгааны ажил тааруу байсан учраас одоогийн нөхцөл байдал үүссэн гэж тэрээр дүгнэжээ.
Хүн төрөлхтний дунд анхлан 4-5 үндсэн спорт хөгжиж байжээ. Тэдний дотор чөлөөт бөх багтдаг аж. Манай улсад ч цөөн төрлийн спорт анхлан нэвтэрсний дотор чөлөөт бөх орж байжээ. Үүний араас бокс, гимнастик, жүдо үүсч хөгжсөн. Олимпод огт байгаагүй таеквондо гэх спорт эдүгээ чөлөөт бөхөөс илүүд тооцогдож байна. Япончууд бүр сүмогоо ч оруулахаар оролдож байсан түүхтэй. Ер нь, улс орон хөгжөөд ирэхээр өөрийнхөө спортын сурталчилгааг сайн хийдэг байна. Тэр хэрээр спортоо олонд таниулаад, олимпод багтаахаар зүтгүүлдэг болж. Дэлхий нийтэд ямар ч сурталчилгаагүй явдаг хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спорттой чөлөөт бөхийнхөн барьцахгүй. Гэтэл олимпын анхдагч төрлийг шинээр орж ирж буй спортын төвшинд үнэлсэн нь олны эсэргүүцэл төрүүлж байгаа юм.
Хүн төрөлхтний зуны спортын 32 дугаар олимпын наадмаас чөлөөт бөх хасагдах дээрээ тулж байгаа нь энэ төрлийг цаашид сэргээх боломж гэж мэргэжилтнүүд харж байна. Нэг удаа цочроо өгчихвөл цаашид алдаа дутагдлаа засаад, үйл ажиллагаа нь жигдрээд явчих аж. Хэрэв энэ спорт 2020 оны олимпоос хасагдчихвал одоо чөлөөт бөхөөр хичээллэж буй залууст хамгийн их хохиролтой гэж Ц.Сэрээтэр хэллээ. 2016 оны олимпод шигшээ баг, тамирчид бэлтгэлээ хийгээд, урьдын адил өрсөлдөнө. Гэтэл дараагийн дөрвөн жилд нь олимпын эрхийн төлөө өрсөлдөх тамирчид өнөөдөр л чөлөөт бөхийн спортод хөл тавьж байгаа хүүхдүүд юм. ОУОХ-ны ташаа шийдвэр тэрхүү залуу бөхчүүдэд хүнд цохилт болж очих тухай мэргэжлийн хүмүүс шүүмжлэн хэллээ.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан