Японы мэргэжлийн сүмогийн холбооноос шинэ аварга тодруулж үндэсний бөхөө улам сонирхолтой болгохоор болжээ. Үүний дагуу ирэх сарын башёд хоёр бөхийг сайн барилдаж, 13-аас дээш давбал их аварга цол олгох тухай ярьсан гэнэ. Тэдний нэг нь Японы бөх Кисеносато бол нөгөөх нь Какүриү М.Ананд юм. Озэки цолтой хоёр сүмоч өнгөрсөн сарын Хацү башёд амжилтаараа их аваргуудын ард бичигдэж байсан. Тэгвэл ирэх сарын барилдаанаас нь харгалзаж, хэн нэгийг нь их аварга болгох бололтой.
Сүмогийн спорт нэг хэсэг идэвхжиж, үзэгчдийн сонирхлыг татаж эхэлсэн боловч япон бөхчүүдийн даваа наймаалцах хэрэг, ёс зүйгүй зан авираас болж нэр хүнд нь унасан юм. Энэ хүнд байдлаас гарахын тулд их аваргын тоог нэмэгдүүлж, улам ширүүн өрсөлдөөнтэй болгох гарц олсон нь энэ. 68, 69, 70 дахь их аваргаар монгол бөх тодорсон учраас дараагийн аваргаар япон бөх Кисеносатог тодруулж магадгүй. Гэсэн ч М.Ананд барилдаан, амжилтаар түүнээс илүү байж чадвал Японы сүмог эзэгнэсэн монгол аваргуудын улбааг үргэлжлүүлэх боломжтой гэж олон хүн харж байна.