Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын баатрууд тэтгэмжээ гардан авлаа

Монгол Улс 1964 оны Токиогийн олимпоос Лондон-2012 зуны XXX олимп хүртэл 12 удаагийн олимпод оролцжээ. Энэ хугацаанд Монгол Улсын баг тамирчид хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон зуны олимпын наадмаас 24 медаль хүртсэн байна. Үүнээс Лондон 2012 зуны спортын их наадмаас Монголын тамирчид түүхэнд байгаагүй амжилт үзүүлж, олимпын таван цагирагын тоогоор медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн билээ. Хэдийгээр энэ олимпоос алтан медаль хүртээгүй ч алтын дайтай хоёр мөнгөн медалийг Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин Н.Төгсцогт нар мөнгөн медаль хүртсэн. Энэ бахдам сайхан амжилтыг Монголын төр соёрхож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 151 дүгээр зарлигаа буулгаж, олимп, дэлхийн аваргын тэмцээнд уралдаанаас медаль хүртэж байсан үе үеийн тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн тэтгэмж өгөхөөр болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн буулгасан зарлиг өнөөдөр биелэлээ олж үе, үеийн ахмад тамирчид, ид гялалзаж яваа тамирчид маань Ерөнхийлөгийн батламж, мөнгөн тэтгэмжийн алтан картаа гардаж авлаа. Батламж гардуулах ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Зарлиг ёсоор олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн, мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшууллыг сар бүр олгож байх юм.
Олимпын медальт 11, олимп, дэлхийн хос медальтан 11, паралимпын медальт 1, дэлхийн аваргын 25 медальт тамирчин өнөөдөр нэгэн дор цугласан юм. Олимп, дэлхийн мадаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн тэтгэмж олгоход нэг удаадаа 106 сая төгрөг болж байгаа аж. Тамирчдад тэтгэмжийн алтан карт гардуулах ёслолыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Хүний амьдралын гол утга учрын оргил нь алдраа дуурсгаж, ард түмнийхээ өмнө мөнхийн гавьяа байгуулах явдал байдаг. Энэ нь хүн болгонд тохиолдоод байдаг аз биш. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2012 оны наймдугаар сарын 16-ны өдөр 151 тоот зарлигаараа Олимпийн наадам, паралимп, олимпийн наадмын төрлийн зай, жинд багтдаг сонирхогчдын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь мөнгөн урамшуулал олгох чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон билээ. Монголчуудын итгэл, сэтгэлийн сонголтоор байгуулагдсан шинэчлэлийн Засгийн газар цаг алдалгүй тогтоол шийдвэрээ гаргаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг өнөөдөр бүрэн утга агуулгаараа биеллээ олсонд баяртай байна. Баярлалаа, Засгийн газарт. Төр иргэдээ, тэр дундаа баатруудаа мартах ёсгүй. Утга учиртай амьдрал, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хувийн жаргалыг хойш тавьж, зон олныхоо төлөө хүч хөдөлмөр, ажил, амьдралаа зориулсан хэн бүхнийг зөвхөн спортынхон гэлтгүй урамшуулж хөхиулэх нь төрийн үүрэг. Энэ шагнал урамшуулал Монголын ирээдүй үед өгч байгаа итгэл найдварын гал юм. Та бүхэн нөр их хөдөлмөр, байгуулсан гавьяагаараа монголчуудаа баярлуулсан” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хэлсэн үгэндээ, “Залуу тамирчдын карт өөрчлөгдөх болно. Ингэхийн тулд энэ тамирчид маань илүү их амжилт гаргах хэрэгтэй гэсэн үг” хэмээв.

Тамирчдаас одоогийн байдлаар хамгийн өндөр урамшуулал хүртэж буй нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин З.Ойдов бөгөөд тэрээр сар бүр 7,5 сая төгрөг хүртэх юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр сар болгон долоон сая төгрөгийн урамшуулал авч байхаар боллоо.





0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан