Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын начин Сугаржаргал нарыг сэргээш хэрэглэсэн хэмээн МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж олон нийтэд мэдээлсэн. Харин Х.Мөнхбаатар арслангийн хувьд сэргээш хэрэглээгүй гэдгээ хэлж, харин ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж өөрийн хүү Н.Ганбаатарыгаа 2007 оны наадмаар заан болгох гээд “Чамд 70 сая төгрөг өгье. Миний хүүд буугаад өгчих” гэж хэлсэн хэмээн олонд зарласан. Энэ үйл явдлаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч энэ асуудал ямар шатандаа явж байгааг олон нийт сонирхож байна. Тэгвэл МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, “Мөнхбаатар арсланг надаас уучлал гуйх болов уу гээд одоо болтол харж байна. Хэрэв надаас уучлал гуйвал би энэ асуудлыг цагдаа, шүүх гэлгүйгээр өнгөрч болно. Харин надаас уучлал гуйхгүй бол би түүний хэлсэн гүтгэлгийг нотлох болно. Наадмыг зохион байгуулах комисс гэж байдаг. Үүнд яамны сайд дарга нар, цэргийн дарга нар ордог. Бид хамтдаа асарт сууж байсан. Тэгээд ч тунасан бөхчүүдийг барилдахын хооронд 70 сая төгрөг бариад явж байх зав байхгүй шүү дээ. Энэ бол гүтгэлэг. Зүлэг ногоон дэвжээнээ барилдаж байгаа үеийн нөхрөө доромжиллоо, миний удам угсааг доромжилж, гүтгэлээ. Тиймээс би үүнийг нотлуулах болно” хэмээн мэдэгдэв.