Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Г.Өсөхбаяр анх 2005 онд Эверестийн оргилд гарч, эх орныхоо төрийн далбааг дэлхийн дээвэрт мандуулж байсан билээ.
Тэгвэл тэрээр хойд туйл руу аялахаар болжээ. Энэ бол монгол хүн анх удаа мөсөн далайг гаталж, Хойд туйлын эрэгт хүрнэ гэдэг түүхэн үйл явдал билээ. Аяллын талаар түүнтэй ярилцлаа.
-Дэлхийн дээвэрт анх эх орныхоо далбааг мандуулж байсан бол одоо дэлхийн зулай гэгддэг хойд туйлд төрийн далбаагаа мандуулах нь?
-Монгол хүн сансарт ниссэн, монголчууд маань олимпын аваргатай болсон. Монгол хүн дэлхийн дээвэр дээр гарсан, бас өмнөд туйлд очсон. Одоо хойд туйлд очих цаг нь боллоо гэж үзээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн аяллыг санаачилсан. Хойд туйлд монголчуудыг төлөөлөн мөрөө гаргах эрхийг надад өгсөнд их баяртай байна. Миний өчүүхэн жаахан туршлагад найдаж ийм шийдвэр гаргасан болов уу. Хойд мөсөн далайг туулж, дэлхийн бөмбөрцөгийн хамгийн хойд цэг болох хойт өргөргийн 90 хэмд хүрэх 14 хоногийн аялалд оролцох болоод, бэлтгэлээ базааж байна.
-Аялал тань яг хэзээнээс эхлэх вэ. Аяллын маршрут гарсан болов уу. 14 хоног аялахдаа хэдэн км зам туулах бол?
-Ирэх дөрөвдүгээр сарын 10-аас аялал маань эхэлнэ. Цаг агаарын болон өөр хүндрэлээс болоод хугацаа нь сунгагдаж магадгүй. Хойт өргөргийн 89 хэмээс 110 км замыг нь цанаар туулж 90 хэмд хүрнэ.
-Энэ удаагийн аялал хэр эрсдэлтэй аялал вэ?
-Эрсдэлээрээ нэлээд дээгүүр бичигддэг. 1956 оноос хойш Эверестэд 4400-аад хүн авирсан. Өмнөд туйлд одоогийн байдлаар 300 гаруй хүн очсон. Харин хойд туйлд бол 200 гаруй хүн л аялаад байгаа. Энэ статистик тооноос л хэр хэцүү аялал гэдгийг нь мэдэж болно.
-Хойд туйл гэхээр маш хүйтэн цаг агаар, цас мөс л төсөөлөгдөж байна. Мөсөн дээгүүр аялна гэсэн үг шүү дээ. Бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?
-Аяллыг зохион байгуулагч газраас бидэнд мэдэгдэхдээ хэрэв цаг агаар тогтуун байвал -25, салхи, шуургатай бол -35-45 хэмийн хүйтэн байна гэсэн. Сарын өмнөөс бэлтгэлдээ гарсан. Аялалд зориулж Аляскад очиж бэлтгэл хийсэн. Аляскын цаг агаар хойд туйлынхтай ойролцоо учраас энэ аяллыг хийж чадна гэсэн итгэл найдвар төрсөн. Хүйтэн уур амьсгалд дасан зохицохын тулд цаашид Хөвсгөл далай, Байгаль нуур орчмын газруудад очиж бэлтгэлээ хийнэ. Дөрөвдүгээр сард аялалд гарталаа Улаанбаатарт ирэхгүй л болов уу.
-Аяллын багт танаас өөр ямар хүмүүс багтаж байгаа вэ?
-Хоёр хөтөчтэйгөө нийлээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Сарын дараа ямар орны хүмүүстэй нэг групп болох нь тодорхой болох байх.
-Хойд өргөргийн 90 хэм мөн гэдгийг хэрхэн мэдэж очих вэ. Зах хязгаар нь харагдахгүй мөсөн дундуур л аялах байх гэж төсөөлөөд л байна?
-Хамгийн сонирхолтой нь мөс байнга хөдөлгөөнд байдаг учраас үргэлж нэг газраа 90 хэмийг зааж байдаггүй. GPS-ээр л олохгүй бол түрүү жил аялал хийгээд тавьсан тэмдэг аль хэдийнэ хөдлөөд явчихсан байдаг учраас жил болгон 90 хэмийн тэмдэг мөсөн дээр шинээр тавигддаг.
-Мөсөн дээр аялал хийх учраас авч явах зүйлүүдэд нь тодорхой жин заасан байх. Бас ямар хувцас өмсөх вэ?
-Анх өөрийнхөө ууланд авирахдаа өмсдөг хувцастайгаа явах байх гэж бодож байсан ч үгүй юм билээ. Ууланд авирахад өмсдөг хувцас бол аль болох салхи нэвтрүүлэхгүй байхаар хийгддэг. Тэгвэл хойд туйлын аялалд өмсөх хувцас маань ус нэвтрэхгүй байхаар хийгддэг юм билээ. Уулын хувцаснаас хоёр дахин өндөр үнэтэй.
Мөсөн дээр нэг хүнийг дунджаар 50 кг ачаа авч явж болно гэсэн. Ачаагаа үүрэхээс гадна чарган дээр чирээд явах юм билээ. 14 хоног аялах учраас хоол хүнс, майханаас эхлээд авч явах зүйл их бий.
-Хүнс гэснээс хэрэглэх хоол хүнс нь өөр байдаг байх?
-Бид угаасаа хоол хүнсээ бэлтгэж авч явдаг. Хэцүү аялалд явж байхад хоол таарахгүй бол аялал амжилтгүй болно гэсэн үг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хэрэглэх санаа их байдаг. Борц, шар тос зэрэг хүний биед хэрэгтэй, хэрэглэхэд хялбар хүнс бий шүү дээ.
-Энэ удаагийн аяллын талаар өөр ямар төсөөлөлтэй байгаа вэ. Нэлээд судалсан байх. Ууланд авирахаас ондоо зүйлүүд нь юу юм бол?
-Хойд туйлын 90 хэмийн өргөрөг дээр зогсоход баруун, зүүн, хойд, урд гэсэн зүг байхгүй. Хаашаа ч харсан зөвхөн урд зүг л байдаг. Тэгээд Эверестийн орой шовх, хойт туйлын оргил хавтгай л гэсэн төсөөлөл байна даа.