УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга С.Бат-Очиртой цөөн хором ярилцлаа.
-Цагаан сар болох гэж буйтай холбоотой нэмэлт вагон гаргасан гэсэн үү. Урд хөршийг зорих зорчигч хэр олон байгаа бол?
-Сар шинийн баяртай холбоотойгоор зорчигчдын тоо нэмэгдэж байгаа. Жирийн үед өдөрт 1500 зорчигч зорчдог байсан бол Цагаан сар, шинэ жил, улсын баяр наадмын үеэр 2500-3000 болж нэмэгддэг. Жил бүр ийм ачаалалтай байдаг учраас манай байгууллагын зүгээс эртнээс зохион байгуулалтын арга хэмжээ авдаг. Өдөр бүр 16:30 минутаас 276 дугаар галт тэрэг, оройны 20:00 цагт нэмэлт галт тэрэг зорчигчдод үйлчилж байна. Хоёр галт тэргэнд 2500 орчим зорчигч тээвэрлэж байгаа. Улаанбаатар-Бээжингийн чиглэлд олон улсын вагон долоо хоногт хоёр удаа явж байна. Тэгэхээр зарим өдөр гурван вагон явж байх жишээтэй. Амралтын өдрүүдэд тааруулаад буюу тав дахь өдрийн билет дуусчихдаг тал бий. Гэхдээ өнгөрсөн бямба гарагаас эхлэн хоосон суудалтай вагонууд Замын-Үүдийг зорьж байна. Ачаалал гайгүй байгаа.
-Замын-Үүдээс нийслэлийг зорих зорчигчдын хувьд ачаалал хэр байна вэ?
-Хүндрэл Замын-Үүдэд л байна. Нэг хэсэг бөөндөө яваад ачаа бараагаа дарсан хүмүүс одоо наашилж байгаа. Тийм учраас тэндээс наашаа ирэхэд билет олдохгүй байх тохиолдол бий. Мэдээж, зорчигчдыг тээвэрлэхийн тулд Улаанбаатараас хоосон вагонууд алдагдалтай ч гэсэн явж байна. Улаанбаатараас Замын-Үүд явахад хүмүүсийн хувьд ачаа бараа багатай байдаг. Гэтэл Замын-Үүдээс Улаанбаатарыг зорин ирэгсэд хэчнээн хэмжээний ачаа бараатай ирдэг билээ дээ. Тээшинд өгөх гэж бөөн дараалал үүснэ.
-Улсын болон хувийн автобус компаниудын үйлдвэрчний эвлэлүүд хамтран нэгдүгээр сарын 23-наас эхлэн тасалбарын үнээ нэмнэ гэж мэдэгдсэн. Төмөр замын тасалбарын үнийн хувьд энэ жил тогтвортой байх уу?
-Төмөр замын зорчигч тээвэрлэж буй үнэ хямдхан байгаа. Замын-Үүд хүртэлх 700 гаруй км замыг нийтийн тасалгаанд сууж явахад 9600 төгрөг байх жишээтэй. Гэтэл өнөөдөр нэг кг махны үнэ 9000 төгрөгт хүрсэн байгаа шүү дээ. Нэг талаар тасалбарын үнэ хямдхан байгааг далимдуулж хүмүүс дамлаад байна. Сүүлийн 4-5 жил төмөр зам нэг ч удаа тасалбарынхаа үнийг нэмээгүй.
-Нийтийн тээврийнхэн нэг зорчигч тээвэрлэхэд 160 төгрөгийн алдагдал хүлээдэг гэж байсан. Төмөр замын зорчигч тээврийн хувьд?
-Тасалбарын үнэ зардлынхаа дөнгөж 40 хувийг нь нөхөж, 60 хувийн алдагдалтай ажилладаг. Манайх хоёр улсын хувь нийлүүлсэн байгууллага. Засгийн газар үнэ нэмэх санал тавьсан ч зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл, төмөр замаар дандаа худалдаа наймаа хийн амьдралаа залгуулж буй, эсвэл дундаж орлоготой хүмүүс зорчдог. Баячууд нь онгоцоор л нисчихнэ шүү дээ. Тийм учраас иргэдэд дарамт үүрүүлэхгүйн тулд алдагдлаа өөрсдөө даагаад яв гэдэг хатуу шаардлага тавьдаг. Нийтийн вагоны тасалбар дор хаяж 23 мянган төгрөгийн үнэтэй байж алдагдалгүй ажиллах боломжтой.
-Зорчигчдын ачаалал нэмэгдэх үед тасалбар шаглах тохиолдол гараад байх шиг?
-Сонин хэвлэлээр төмөр замчид өөрсдөө тасалбараа дамлаж зардаг юм шиг хардаж бичих юм. Ийм зүйл байхгүй. Харин ачаалал ихтэй үеийг далимдуулж тасалбар дамлаж зардаг тодорхой бүлэг хүн байна. Тасалбар битгий хэл оочер зардаг хүмүүс хүртэл байна. Өглөө эрт машин тэрэгтэй ирээд онгойхыг нь хүлээж байгаад дугаар авчихдаг. Тэгээд яарч сандарсан нэгэнд нь өөрийн дугаараа зарчихдаг байх жишээтэй. Төмөр замын цагдаагийн газар, вокзалын ажилтнууд хамтраад үүний эсрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Төмөр замчид тасалбар зарах эрхгүй. Үүнд оролцдоггүй.
-Тасалбар дамлаж байгаа хүмүүст ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Тодорхой арга хэмжээ авах хууль, дүрэм байхгүй. Цагдаа нар барилаа гэхэд камерт хийгээд л гаргах жишээтэй.
-Кассын цагийн хуваарьт өөрчлөлт орсон уу?
-Тийм ээ. Жирийн өдрүүдэд манай билетын касс өглөө 08:00 цагаас онгойдог байсан. Харин ачаалал их байгаатай холбогдуулан хүмүүсийг гадаа удаан хугацаагаар даарч хөрүүлэхгүй нь тулд өглөө 06:00 цагаас касс ажиллаж байгаа. Амгалан өртөөний касс мөн 06:00 цагаас тасалбараа борлуулж байгааг зорчигчдод хэлье.
-Шинэчлэлийн Засгийн газраас энэ жилийн Цагаан сараар Хятадын барааг бус үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн санаачилга идэвхтэй өрнүүлж байгаа. Үүнтэй холбоотой Эрээнийг зорих зорчигчид тодорхой хэмжээнд цөөрч байгаа болов уу?
-Нөлөөлөөд байх шиг байна. Өдийд бол жинхэнэ хаана, хаанаа ачаалалтай байдаг үе. Гэтэл Улаанбаатараас хоосон суудалтай вагонууд явж л байна шүү дээ. Мэдээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд явбал хэн, хэндээ л хэрэгтэй байх.
А.Арвинчимэг: Манай инженер техникийн ажилчид цайны цаггүй ажиллаж байна
Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан төмөр замаар зорчигчдын ачаалал ихсээд байгаа. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж буйг “Улаанбаатар” төв буудлын дарга А.Арвинчимэгээс тодрууллаа.
-Төмөр замаар зорчигчдын ачаалал ихэсч буй энэ үед танай байгууллагын зүгээс үүнийг багасгах, дарааллыг зохицуулах ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид галт тэрэгний тасалбар авах дараалал их үүсгэхгүйн тулд өглөө зургаан цагаас эхлэн ажиллаж байгаа. Инженер техникийн ажилчид буюу кассын эрхлэгч нар өглөө 06:00 цагаас ирж, билет борлуулалтад хяналт тавьдаг. Тасалбар борлуулах байдал, дарааллыг камераар хянан ажиллаж байна. Кассын эрхлэгч Өлзий гэхэд л олон жил ажиллаж байгаа, туршлагатай, УБТЗ-ын аварга болсон ажилтан бий. Хариуцлагатай хүн учраас 06:00-20:00 цаг хүртэл цайны ч цаггүй ажиллаж байна.
-Ачааллыг далимдуулан тасалбар шаглах явдал гарч байна гэх юм. Энэ тухайд?
-Төмөр замын цагдаагийн хэлтэстэй хамтран тасалбар шаглагчидтай тэмцэх арга хэмжээг ачаалал нэмэгдсэн үеэр авч ажилладаг. Цагдаагийнхан шагчдаас гадна кассерууд ар, өврийн хаалгаар тасалбар өгч байна уу гэдгийг нь хүртэл шалгадаг. Ер нь, Цагаан сар, шинэ жил, наймдугаар сарын үеэр төмөр зам ачаалалтай ажилладаг. Одоо ид ачааллын үе. Манай байгууллага дарааллыг багасгах, тасалбар дамлахтай аль болох тэмцэж, боломжит арга хэмжээ авсаар байгаа. Цаашид ч олон ажил хийх төлөвлөгөө бий.
-Та төв буудлын даргаар томилогдоод удаагүй. Ер нь, ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-УБТЗ-ын төв буудлын даргаар энэ сарын 11-нээс томилогдон ажиллаж байна. Хийх ажил их бий. Улаанбаатар төв буудал зөвхөн УБТЗ-ынх бус, Монгол Улсын нүүр царай болдог учир гэрэл гэгээтэй, соёлч боловсон үйлчилгээтэй байлгахын төлөө олон ажил хийхээр төлөвлөсөн. Хавраас хэрэгжүүлж эхэлнэ.
-Тухайлбал?
-Аль болох нээлттэй мэдээлэл өгч байя гэсэн бодлогоор ажиллаж эхэлсэн. Зорчигчид тасалбар олдохгүй байна гэж кассерт уурлах үе цөөнгүй гардаг. Тийм үед мэдээлэл ил тод байх тусам иргэд бухимддаггүй. Мэдээлэл байхгүйгээс таашаа ойлголттой болно. Иргэдэд хүртээмжтэй, ил тод, нээлттэй үйлчилгээг бий болгохын төлөө ажиллана.
-“25-44-00” Төмөр замын дарга сонсч байна гэсэн утас ажиллаж байгаа. Иргэдээс санал, гомдол хэр ирж, үүний мөрөөр ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Энэ утсанд ирсэн мэдээллийг замын дарга аваад тодорхой алба, хэлтсүүдэд өгч, шийдвэрлүүлж, хариуцлага тооцдог. Замын дарга иргэдэд нээлттэй үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаагаа иргэдэд ойрхон байлгахын төлөө энэ утсыг ажиллуулж эхэлсэн. Энэ ч бидний ажилд багагүй үр дүнгээ өгч байгаа.