Алтан үеийн уран бүтээлчдийн хийсэн кинонуудыг ихэнхи сувгаар үндэсний хэмжээний олон нийтийн амралт тохиосон баярын өдрийг тохиолдуулан гаргадаг. Хэчнээн олон удаа үзсэн ч найруулагч, жүжигчид, зураглаач гээд уран бүтээлчдийнх нь чадварыг бахдан бишрэх сэтгэл төрдөг юм. Техник технологи, компвютер график гэдэг ор сураггүй байхад 40 настай хүнийг ямар гайхалтай авьяасаар 80 настай эмгэн болгож хувиргаа вэ хэмээн нүүр хувиргагчийг бишрэх үе олон. Өмнө нь тухайн жүжигчнийг хэдэн настайдаа тэр кинонд тоглож байсныг мэддэггүй л байлаа. Хэдийгээр Монголын кино урлаг 1990 оноос уналтанд орсон ч өнөөдөр кино театрын үйл ажиллагаа сэргэж, уран бүтээлчид ч өөр өөрийн чадлаар өндийж байна.
Гэхдээ энэ нь Монголын кино урлаг хөгжлийн оргилд хүрээд байна гэсэн үг биш. Нэгдсэн кино урлагийн байгууллагагүйгээс хэн мөнгөтэй нь л кино хийх болсон. Үүнд кино судлаачид ихээхэн шүүмжтэй ханддаг ч тэр шүүмж нь төдийлөн эзэндээ хүрч чаддаггүй. Хэтрүүлэхэд жижигхэн онигооноос сэдэвлээд л, мөнгө нь байвал өдрийн дотор л кино бүтчих болж. Тэр киног кино театрт гаргах уу, үгүй юу гэдгийг тунгаан хянах байгууллага ч байхгүй учраас агуулга утга санаа нь давхардсан олон кино гарсаар л байна.
1990 оноос өмнөх 20 жилд бол “жинхэнэ” Монгол кино гарч байсан юм. Сайн уран бүтээлчдийн оюун, сэтгэлээ эмтлэн хийсэн уран бүтээл мэргэжлийн шүүмжлэгчдээс бүтсэн уран сайхны зөвлөлийн шалгуурыг даван байж сая нэг үзэгчид хүрдэг байсан цаг. Энэ бол сайн уран бүтээл гарах үндэс бас жинхэнэ хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болж байлаа.
Ийм л явцаар бий болсон Монголын кино урлагийн түүхэн хэлхээ, цаашдын ирээдүйг хөтлөх учиртай Монгол кино нэгтгэлийн удирдлага, үйл ажиллагааг шүүмжилж энэ салбарт хүчин зүтгэж ирсэн ахмадууд үгээ хэлж байна. Өдгөө 80 жилийн түүхтэй бидний хэлж заншсанаар “Монгол кино үйлдвэр” бодлого, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь нэг хүний гарт орж, жилдээ хэдий хэмжээний санхүүжилт хэрхэн зарцуулдаг талаарх бүх мэдээлэл нь хаалттай байдаг тухай ахмад киночид учирлаж холбогдох яам тамгын газарт нь үгээ хүргэхийг хүсч байна.
Цагтаа ажил алба, урлаг уран сайхан буцалж байсан Монгол кино нэгтгэл одоо 20-иодхон ажилтантай. Хэдийгээр 1990 онд энд харьяалагддаг байсан 500 гаруй уран бүтээлч мөр мөрөө хөөсөн ч, Монгол кино устах аюулд орсныг харсан чигтээ нүүр бууруулсангүй. Гэтэл Монгол кино нэгтгэлийн шинэхэн захирал /1998 оноос хойш/ Ж.Солонго тэднийг “Дуртай үедээ явчихаад, дураа хүрэхээр буцаж ирэхээр чинь хүлээгээд авна гэж санаа юу” гэсэн үгээр угтаж, үүднээсээ буцаажээ.
Түүний хийсэн олон хэргийг “Монгол кино” ахмадын зөвлөл нийтэд дэлгэж байна. “Зүмбэр орд” гэх барилгын компанийнхан өнгөрсөн арваннэгдүгээр сард “Монгол кино” нэгтгэлийн ахмадуудад хандсанаар асуудал өрнөжээ. Тэд 2009 оны зургадугаар сарын 2-нд “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонготой гэрээ хийсэн байна. Энэ гэрээнд “Зүмбэр орд” компани Монгол кино нэгтгэлийн эзэмшил газар дээр амины орон сууц барихаар тохиролцож, хариуд нь “Монгол кино” нэгтгэлийн ажилтнуудад 10 байр өгнө хэмээн тохиролцжээ. Мөн гэрээнд захирал Ж.Солонго газрын болон техникийн асуудлыг шийдэхээр тусгасан байж. Гэтэл Монгол кино нэгтгэлийн талаас нөхцлөө бүрдүүлж өгөхгүй байсаар, тухайн компани газраа өөрсдөө хөөцөлдөж, Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авч барилгаа барьсан. Үүн дээр захирал Ж.Солонго асуудал босгож, байр авахаар Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан байна. “Зүмбэр орд”-ынхон үүргээ биелүүлээгүй учир байраа өгөх боломжгүй гэж маргасан ч шүүхийнхэн Ж.Солонгын хүсэлтийг баталгаажуулж өгсөн аж.
Ингээд барилгын компанийнхан шүүхийн хүсэлтийг биелүүлэхдээ зөвхөн ганц хүний эрх мэдэлд биш, “Монгол кино” үйлдвэрийг бий болгосон ахмадууд, инженер техникийн ажилчдад олгоё гэсэн санал тавьж, Монгол кино нэгтгэлд ажиллаж байсан ахмадуудад хандсанаар хамаг хэрэг ил болжээ. Тэрхүү ахмадын тоонд Д.Цэрэндорж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин, зураач П.Цогзол нарын уран бүтээлч.
Хамгийн гол нь, одоохондоо төрийн өмчид байгаа байгууллагын эзэмшил дэх 6.5 га газар дээр есөн давхар нийтийн орон сууц барьчихсан байгаагаас гадна цаашдаа энэ талбайд дахиад таван давхар 80 айлын орон сууц барих гэнэ. “Энэ нь ашиг хонжоо харсан наймаа болон хувирч байна” хэмээн ахмад уран бүтээлчид үзэж буй. Тэд Соёлын газрыг тойрсон наймааны үүр уурхай болохоос нь өмнө Хотын захиргаа, Авлигатай тэмцэх газар, Газрын алба, хууль хяналтынханд хандаж энэ байдлыг үгүй хийхээ мэдэгдээд байна.
Дэлхий дахинд кино үйлдвэрлэлээрээ гайхагддаг “Hollywood”-ын бүтээлүүд зөвхөн ганцхан байшинд л бий болдог талаар үзээд ирсэн хүмүүс ярих юм билээ. Бүтэн цаг 30 минутын дайн тулаантай кино ганцхан байшин дотор л хамаг зураг авалт нь өрнөж байна гэхэд хачирхмаар бас суралцмаар. Тийм байхад талд тарсан хонь шиг хэдхэн киночдоо нэг байрандаа цуглуулаад кино хийж яагаад болохгүй гэж. Бидэнд ганц байшингийн байтугай талбай улсаас оноогоод өгсөн байна шүү дээ. Тэрийгээ ингэж наймаалцаж байхын оронд дуусахаас өмнө үлдсэн газраа кино хийдэг талбай болгон тохижуулчихаад үгүй ядахдаа л нөгөө киночдодоо түрээсэлбэл яасан юм бэ Ж.Солонго захирал аа...
Монгол кино нэгтгэл яг одоо юу хийж байна
78 жилийн түүхтэй Монгол кино нэгтгэл одоогоор 20 ажилтантай. Тэд нь ч зүгээр суугаад цалин авдаггүй. Сар бүрийн онцлох үйл явдлаар 10 минутын кино мэдээ бэлтгэнэ. Энэ бол тийм ч амар ажил биш ээ. Эрт урьд цагийн, Монголоос өөр хаана ч хэрэглэгдэхээ больсон хальсны аппаратаар киногоо бичнэ. Монголын бодит түүхийг хальсанд үлдээх энэ ажлыг 1950-иад оны дундуур хийж эхэлсэн түүхтэй.
Гэтэл бас л Ж.Солонго захирал томилогдсон үе буюу 1998 оноос кино мэдээ утгаа алдаж, сард ганцхан удаа 10 минутын мэдээгээр Монголын түүхийг бичих болж. Гэтэл төрөөс кино мэдээнд зориулж жил бүр 120 сая төгрөг төсөвлөдөг. Нэг мэдээнд 10 сая төгрөг зарцуулж байна гэсэн үг. Тэглээ гээд ганц удаа ч техникийн шинэчлэлт хийж байгаагүй аж.
Энэ талаар “Монгол кино” ахмадын зөвлөлийн тэргүүн, кино найруулагч Д.Цэрэндорж “Тэр мэдээ нь шаардлага хангаж байна уу гэвэл үгүй. Түүхэн мэдээнд ямар киног үлдээх ёстой юм, шилэлт сонголт бүх л юм байх ёстой. Улстөржиж, намчирхаж болохгүй. Энэ тал дээр маш их уналтад орсон. Шаардлага хангахгүй хальсаар авдаг, зураглаач нь авч байгаа үйл явдлаа ойлгодоггүй, ийм л байдалтай байна. Мөн хэтэрхий их нуршин, мэдээлэх хандлагатай болсон. Тиймээс мэргэжлийн комиссынхон өнөөгийн нөхцөл байдалд хүргэх талаар олон шаардлага тавьсан. Кино нэгтгэлийн удирдлагууд ажил хэрэг болгодоггүй юм.
Аль болох хямдхан хальс нийлүүлдэг болохоор дүрс нь сүүмийсэн, цасан шуургатай байгаа юм шиг, утаатай Улаанбаатар шиг гарч байна. Сүүлийн үеийн мэдээг үзэж байхад ийм л зураг гардаг. Өмнө нь одоогийн зурагт шиг гардаг байсан юм. Хяналт шалгалт ч өндөр төвшинд байж. Зураглаачийн дүрс тэнцэх үү үгүй юу, тэнцэхгүй бол хэний буруу вэ гээд хариуцлага хүлээдэг байлаа. Харин одоо тийм юм алга. Кино мэдээг 10 минут буюу 300 метр хальсанд буулгадаг байсан. Харин одоо бол 200 метр флёнк дотор хоёр мэдээ багтаачихдаг болж. Мөнгө төгрөгөө хэмнэх аргыг бодож олсон нь тэр юм уу, бүү мэд. Өнөөдрийн телевизүүдийн кинонд ашиглаж байгаа дижитал системийг ашиглаад DVD хуурцаг, хальсан дээр хадгалах боломжтой болсон үе шүү дээ. Тэгээд ч заавал 10-хан минутын мэдээ биш, нэг сард 2-3 цагийн материал хадгалах боломж байна” хэмээн өмнө нь ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан өнөөгийн Монгол кино нэгтгэлийн үйл ажиллагааг дүгнэн ярилаа.
20 ажилтанд хоёр өрөө байхад л хангалттай
Монгол кино нэгтгэлийн гурван давхар байшингийн үүдээр ортол хамгаалагч нь гадны хүн орж болохгүй гээд зүүн жигүүр рүү нэвтрүүлсэнгүй. Тэр жигүүрт “Шууд” телевиз байрлах аж. Баруун талын шатаар хоол барьсан хоёр гурваараа сугадалцсан бүсгүйчүүд бууж ирж буйг хараад тийш зүглэтэл үл бүтэх этгээдтэй таарсан мэт хамгаалагч “Яг хэнтэй уулзах вэ” хэмээн шалгаалаа. “Хоолны газар орох гэсэн юм” гэж хэлээд хамгаалагчаас салж, шатаар өгслөө. Хоёрдугаар давхарт хувийн студи продакшн, зураг зүйн төв гээд л тус байрыг түрээслэдэг байгууллагууд ярайна. Харин шатны хажуугийн нэг жижигхэн өрөөнд тус нэгтгэлийн нярав суух аж. Түүнээс Монгол кино нэгтгэлийн техник хэрэгслийн архивыг үзэж болох талаар асуутал, “Би мэдэхгүй” гээд захирлынхаа утсыг өглөө. Олигтой зүйл ч олж чадсангүй шатаар уруудлаа.
Үүдээр орж ирэхэд чигээрээ явсан хонгил харагдсан. Тийшээ юу байдаг бол гэсэн сонирхол төрсөн учраас очиж үзэхээр шийдлээ. Энэ удаа харуул намайг тоож харсангүй. Харанхуй шахуу энэ коридорт байрлах хаалгануудын цаана нөгөө сар бүрийн 10 минутын кино мэдээ хийгддэг аж. Хамгийн мухарт байрлах өрөө онгорхой байсан тул шагайтал том том техник байлаа. Гэхдээ энд хүн байсангүй. Сүүлд учрыг мэдэхэд хальс угаадаг машин аж. Үнэхээр нүсэр том техник тоног төхөөрөмж. Үүнийг хэн ажиллуулдаг бол доо гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд буусан. Монгол кино нэгтгэлийн байр нэг иймэрхүү байдлаар угтаж авна билээ. Тэнд ажилладаг үүдний хамгаалагч бас нярав эгчээс өөр хэн ч надтай таарсангүй.
Ж.Солонго захирал өөрөө ямар бодолтой байдаг юм бол
Монгол кино нэгтгэлийн захирал Ж.Солонго КУДС-ийн захирал нь. Анх жаахан эвгүй угтсан ч хамгаалагч ах түүнийг КУДС-иас олж болохыг хэлж өгсөн юм. Гэхдээ энэ удаа би хоосон хаалга мөргөлөө. Нярав эгчийн хэлсэн дугаараар залгатал “Би гадуур ажил ихтэй явна. Ойрд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй уулзаад явах зав алга. Тэр хийх ажлаа олж ядсан нөхдүүдтэйгээ л уулзаж ярилц” гээд утсаа тасаллаа.
Тэрээр 1998 оноос хойш Монгол кино нэгтгэлийг толгойлж яваа билээ. Мэргэжлийн найруулагч хүн учраас түүнийг энэ ажлыг авахад киночид тун ч баяртай байсан аж.
Гэтэл тэр баяртай байсан уран бүтээлчид нь одоо “Зах зээлийн нийгэмд шилжиж байхад Драмын театр, дуурийн театр ямар төвшинд байлаа даа. Харин өнөөдөр тэд зөв менежмент, зөв бодлогоор хэрхэн гялалзаж байна. Гэтэл Монгол кино үйлдвэр муухан компанийн жорлон шиг болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Монгол кино”-г Ж.Солонго нурааж байна. 1998 онд Ж.Солонгыг томилогдоход дорвитой бүтээл хийгээд гараад ирэх болов уу гэсэн хүлээлт их байсан. Гэтэл 15 жилийн хугацаанд өөрийн байр суурийг бэхжүүлэх, хувийн эрх ашгийн төлөө ажилласан болов уу. Учир нь кино үйлдвэрт болж байгаа бүх үйл явц нууц, далдуур явагддаг. Засгийн газар, Тагнуулын ерөнхий газар ч олон нийтэд нээлттэй болсон байхад кино үйлдвэр хаалттай байна. Нэг эзний хоёр зарц гэдэгчлэн тэр хоёр давхар албатай.
“Монгол кино” нэгтгэл гурван том үйлдвэртэй байсан. Баримтат киноны студи гээд бие даасан байгууллага 1990-ээд он хүртэл ажиллаж байлаа. Тэр студи явсаар байгаад Киноны улсын сургууль болж хувирсан. Гэтэл саяхан улсын сургуулийг нэгтгэх үеэр нөгөө сургууль маань хувийнх болж таарсан. Хэн, хэдийд улсын сургуулийг хувьчлаад авчихсан юм гэсэн асуулт хариултгүй үлдсэн. Сургуулийн захирлаа хий эсвэл “Монгол кино” нэгтгэлийг удирдах хэрэгтэй. Нэг эзний хоёр зарц гэдэг шиг болчихоод байна. “Монгол кино” идэвхтэй оргил үедээ Соёлын яамны харьяа байсан. Тэр систем рүүгээ одоо яагаад орж болохгүй гэж. Төрийн өмчийн хорооныхон байшин савыг нь хариуцаж байна. Захирлыг нь ч тэндээс томилдог. Үүнийг салбарын шинэ сайд шийдэх ёстой” хэмээн ниргэсэн хойно нь хашхирч сууна.
Энэ хашхиралт сүүлийнх ч байж магадгүй. Гэхдээ чангахан хашхиралт байх нь дамжиггүй л болов уу...