Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг үзэгч уншигч, сонсогчдод хүрсэн даруйдаа л шинэ шинэ мэдээлэл түгээж, тэр нь анхных байх тусмаа итгэл үнэмшил дагуулдаг. Гэхдээ сэтгүүлч, сурвалжлагчдын алдаа мадаг, хариуцлагагүй байдлаас болж аль алдаа гарахыг хэлж барах вэ. Сайтар магадлаагүй баримтаас болж буруу ташаа мэдээлсэн гэж залруулга гаргах явдал байдаг ч уншиж нягтлаагүйгээс болон үсэг өрөгч, хэвлэлийн алдаанаас үүдэн сонины хэчнээн редакц, хариуцлагатай ажилтан ажилгүй болж байсан гэж та бодно.
“Үсэг нисэх”, “үсэг солигдох” гэдэг бичээчийн юм уу, үсэг өрөгчийн алдаа байдагч хянагч, сурвалжлагч, редактор сайтар нийлээгүйгээс болж утгын аймшигтай алдаа болсон гашуун түүх даан ч олон. Харамсалтай нь “ганц үсэгнээс” болсон энэ алдаа маш олон хүний ажил амьдрал, зарим тохолдолд бүр тэдний амиар төлөгдөж байсан гашуун түүх бий.
Оросын хэвлэлийн өдөр тохиож байгаа энэ өдөр орос, зөвлөлтийн хэвлэлд “үсэг ниссэн” гашуун түүхийг дэлгэж байна.
Үнэндээ хүн л ажилладаг юм болохоор хэвлэлийн алдаа гэдэг сонин бий болсон цагаас л буй болж. Оросын зохиолч, эмч, Пушкин судлаач Викентий Вересаев ингэж дурссан байдаг. Александр II юм уу, III ч нь юм уу, хаан ширээнд заларсан ёслолын тухай мэдээг Одессын нэг сонинд “Гэгээнтэн эрхэм дээдсийн тэргүүн дээр титмийг нь заллаа” гэхдээ титэм гэдэг “Корону” гэхийг нь “ворону” буюу хэрээ гээд биччихэж. Дараагийн дугаартаа энэ талаар залруулга гаргаж “Манай сонин өмнөх дугаартаа эзэн хааныг өргөмжлөх ёслолын тухай мэдээндээ ноцтой алдаа гаргалаа. Та бүхэн “Гэгээнтэн эрхэм дээдсийн тэргүүн дээр титэмийг нь заллаа гэсэн өгүүлбэрийг уншихдаа “ворону” гэснийг “корову” / үнээг/ гэж уншина уу” гээд залруулчихаж. Юун залруулах байх вэ дээ дахиад л өнөөх “хэрээ” гэдэг үгээ засахдаа алдаа гаргаад “титэм” биш харин “үнээ” болгочих нь тэр. “Үсэг нисэх” гэдэг ямар аймшигтай байна даа.
Зөвлөлт засаг тогтсон өдрөөсөө л хэвлэлийн алдаа, ялангуяа утгын алдаатай тэмцэх тэмцлийг чангатгасан боловч үнэн хэрэгтээ байсаар л. Петербургийн түүхч, сэтгүүлч Дмитрий Шерих өөрийнхөө номд “А унаж, Б алга болоод...энэ нь олон сэтгүүлч, редактор, үсэг өрөгчдийн амьдралд хүнд туссан даа” гэж бичсэн байдаг. 1937 онд Алексей Толстойн “Тариа” романд “Яриа эхлэхэд Владимир Ильич ширээний ард суугаад духаа хумсаараа зөөлөн маажиж байлаа” гэсэн өгүүлбэрт “ногти” буюу хумс гэдэг үгийг “когти” муурын хумс гээд биччихсэнээс “Яриа эхлэхэд Владимир Ильич ширээний ард суугаад духаа муурын хумсаар маажиж байлаа” гэсэн өгүүлбэр болчихож. 1947 онд “Залуу хамтралч” сэтгүүлд “1920 онд В.И.Ленин Брянскийн ойд анчид дээр очлоо” гэж бичих гээд “Ленин муурын зулзага төрүүлэв” гэсэн байна. Хэргийн учир нь “на охоте” гэдэг үгийг л “окотился” гээд биччихсэн хэрэг.
Сталины үед ч иймэрхүү алдаа гарч байсан нь олон хүний хувь заяаг сүйтгэсэн гэдэг. “Сочигийн үнэн” сонинд “Сталин” гэхийг “Салин” гэж бичсэний төлөө редактор нь шууд л баривчлагдаж байжээ. Махачкалын сонинд бас Сталин гэдэг нэрийн “т” үсгийн оронд “р” үсэг бичсэн редакцынхан бүгд сураггүй алга болсон гэдэг. Ер нь энэ үеийн хэвлэлийн алдаа, ганц үсгийн алдаа ч гэсэн бүхэл бүтэн редакц, редакторуудыг Дотоод хэргийн ардын комиссарын газарт дуудуулж, буудуулдаггүй юм гэхэд ГУЛАГ буюу бөөнөөр хорих газар луу илгээдэг байсан гэдэг.
“Главнокомандующий” гэдэг үгнээс ердөө “л” үсэг ниссэнээс болоод “гавно” буюу хамгийн муухай хараал болчихож байгаа юм. Сталиныг “адгийн командлагч” гэсэн сонины ажилтнууд юу болсон нь ойлгомжтой.
Сталинград гэсэн удирдагчийн нэртэй хотыг “Сталингад” буюу “Сталины гамшиг” гэхээр чинь юу болох вэ дээ.
Хрущёвын үед ч ийм аймшиг бас байсан. “Эрхүүгийн долоо хоног” сонины редактор Пётр Шугуров нэгдүгээр нүүрнийхээ өгүүлэлд “Лениным владела неумная идея переделать мир” буюу “Ленинд дэлхийг өөрчлөх ухаангүй төлөвлөгөө орж ирлээ” гэснийхээ төлөө намаас хөөгдөж, сонин хэвлэлийн салбарт ажиллах эрхгүйгээр халагдаж байж. Уг нь тодорхой, мэргэн гэж бичих байсан ч үсэг ниссэнээс үүдэн ийм хатуу шийтгэл амсаж. Чухамдаа ганц “Ё” үсэг ийм үнэтэй туссан болж байна. Бусад орны хэвлэлд ч ийм алдаа гарсаар л байдаг. Францын нэгэн хэвлэл ферм зарах тухай зарлалд “r” үсгийг андуураад “m” үсгээр цохьчихсоноос болоод “ferme” гэдэг үг “femme” буюу эмэгтэй хүн болж “Эмэгтэйг зарна” болчихсон байдаг. Тэгээд өнөөх зар нь “Зөв аятайхан үйлдвэрлэл явуулж болохоор сайхан эмэгтэйг худалдах буюу түрээсэлнэ” гэсэн өгүүлбэр болчихож.
Английн “Times” сэтгүүл бас хоёр бэлэвсэн эмэгтэйг барьцаалах газарт тавьсан тохиолдол бий. Хэргийн учир нь “windows” цонх гэдэг үгнээс “n” үсэг ниссэнээс “widows” буюу “бэлэвсэн эмэгтэйчүүд” болчихсон нь тэр.
Сэтгүүлч, сурвалжлагчдын өөрийн нь хариуцлагагүйгээс болох аймшигт алдаа бас алийг тэр гэв. 1997 онд “Өвөрбайгалийн ажилчин” сонины нэг сурвалжлагч Чита хотноо дуурийн дуучин Лхасран Линховоины ойд зориулсан арга хэмжээг сурвалжлах ёстой байж. Харамсалтай нь мань хүн өөрөө тэнд очсонгүй, бусдаас “зээлчихэж”. Маргааш нь редакцид төрөл төрөгсөд нь ирж гомдол мэдүүлэх нь тэр. Тэгэхнээ сурвалжлагч “Ойгоо тэмдэглэж байгаа эрхэм баян хуур тоглож дуулж байлаа” гээд биччихсэн гэнэ. Гэтэл ойгоо тэмдэглүүлсэн эрхэм нь бүр 1980-аад онд нас нөгчсөн байж л дээ.
Саяхан даа, 2000 онд “Ведомости” сонин нэгэн фермийн тухай бичихдээ Орост цоо шинэ Пизань гэдэг хот бий болгож хүмүүсийг гайхшруулжээ. “КП в Самаре” гэсэн өгүүлэлд Рязань гэхийг л Пизань болгоод биччихсэн нь тэр л дээ. Дараа нь редакцынхан өөр хоорондоо “Пиза болон Рязань хотын хооронд” хэмээн шоглох болсон гэцгээдэг. Сайхан цаг ирсэн болохоор бие биеэ шоглоод л үлдэцгээсэн нь яамай даа. Гэхдээ хариуцлагагүй байна гэдэг ямар сайн байхав.
Манайд ч гэсэн “Гавьяа” найруулал бичсэн ч ганц нэг “үсэг ниссэн”-ээс болоод алба ажил, амьдралгүй болж байсан жишээ бас бий. МАХН-ын Төв хорооны бүгд хурлын материалыг нийтлэхдээ “Цэдэнбал” даргын нэрийг “Цэдэнал” гэж бичсэнийхээ төлөө ажилгүй болж байсан түүх “Утга зохиол урлаг” сониныхонд тохиож л байсан шүү дээ. Үзэг нэгт нөхөд минь хянуур, хариуцлагатай л байх нь дээр юм байна шүү. “Намын Удирдах зөвлөл” гэхийг “Тамын удирдах зөвлөл” гээд биччихвэл юу болох вэ. Гэхдээ өнөөдөр үүнийг эерэгээр зөвтгөх боломж бидэнд буй болсон нь яамай даа.