Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРГЭДИЙГ ШОГЛОСОН ШАТАХУУНЫ ҮНЭ

Шатахууны жижиглэн худалдааны үнэ гэж цаламдах, арга нь олддоггүй зүйл Монголд байна. Өнөөдөр нэг литр шатахууны үнэ тус бүр 100 төгрөгөөр нэмэгдэв. Оны өмнө нэг литр нь 1570 төгрөг байсан А-92 бензин одоо 1670 төгрөг боллоо. Мөн нэг литр А-80 бензин 1530, дизелийн түлш 1800 төгрөгт хүрэв. Ер нь, аливаа баяр ёслолын үеэр шатахууны үнэ нэмэгдэх гээд байдаг болсон гэхэд  хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, нарийн тактик ч байж болох. Энэ удаа мөн л иргэдийг шинэ жилийн баярт умбаж байхад он гарахын өмнөхөн нэг литр шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн. Дараа нь баярын уур амьсгал гараагүй байхад нь дахиад 50-иар нэмэгдэх нь тэр.
Эхний удаа нэмэгдэхэд нь ШӨХТГ-ын дарга О.Магнай “Засгийн газар, Монголбанктай хамтарч Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд шатахуун импортлогч компаниудад валютын хөнгөлөлттэй зээл олгосон. Иймд валютын ханшийн эрсдэлгүй болсон. Ийм арга хэмжээ аваагүй байсан бол ОХУ-аас орж ирэх хилийн үнийн өөрчлөлтөөр шатахууны  үнэ литр тутамдаа 210 төгрөгөөр нэмэгдэх байсан. Засгийн газраас  бодлого хэрэгжүүлэн арга хэмжээ авсаны үр дүнд 50 төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ тогтсон үнэ нь тавдугаар сарын 20-доор тогтсон үнэ” хэмээн мэдэгдсэн. Харин оны дараа дахин үнэ нэмэгдсэнийг юу гэж тайлбарлах юм бол. Нөгөө л байнга ярьдаг  ОХУ-ын экспортын татвар, хилийн үнэтэй холбоотой гэх байх даа.
Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөр өнгөрсөн оны аравдугаар сарын 26-наас эхлэн хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрийн хүрээнд   Монголбанк өнгөрсөн онд есөн удаа 11 импортлогч компанид жилийн 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Иймд шатахуун импортлогчид жижиглэнгээр худалдаалах бүтээгдэхүүнээ хямд зардлаар санхүүжүүлэх, зээлийн хүүнээс шалтгаалах өртөг, ам.долларын валютын эрсдэлээ бууруулах боломжтой болсон. Гэвч жижиглэнгээр худалдаалах шатахууны үнэ бас л нэмэгдлээ. Өмнөх жилүүдэд шатахуун импортлогчдыг татвараас чөлөөлөх, улсын төсвөөс алдагдлыг нь нөхөх мөнгө хүртэл олгож байсан. Гэсэн хэдий ч нэг литр шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдсээр ирсэн. Энэ удаа ч төрөөс дэмжлэг авчихаад үнэ нэмж хариу барилаа. Харин үнэ нэг л нэмэгдсэн бол дэлхийн зах зээл, ОХУ-д хямдарсан ч манай улсад эргээд буудаггүй тогтолцоо бий. Ер нь, импортлогчид нэг тонн шатахуун хэдэн төгрөгөөр авч байгаа, яагаад үнэ нэмэх болсоноо нэг ч удаа тайлбарлаагүй. Иймд тэднийг хойд хөршийн нэр барьж дураараа үнэ нэмж байна гэсэн хардлага нийгэмд өөрийн эрхгүй  төрж буй юм.
Монгол Улсын шатахууны хэрэглээ тэр дундаа дизелийн түлшний импорт жил бүр нэмэгдэж байгаа. Энэ нь уул уурхайн салбар хүрээгээ тэлж буйтай холбоотой. Өнөөдөр импортоор орж буй шатахууны 65 хувь нь дизелийн түлш, 25 хувь нь А-92, А-98 бензин, 10 хувь нь А-80 бензин байдаг. Харин энэ шатахууны 60 гаруй хувийг уул уурхайн компаниуд бөөнөөр авч хэрэглэдэг. Тэгэхээр уул уурхайн компаниуд, иргэдийн жижиглэнгийн хэрэглээний үнийг  тус тусад нь авч үзэх учиртай. Учир нь, уул уурхайн компани 200-300 тоннын даацтай нэг  авто машиныг 12 цагт 12 тонн дизелийн түлшээр шатахууны савыг нь дүүргэдэг. Нэг компанид ийм хүнд даацын арав, хорин машин бий. Гэтэл нэг суудлын авто машинтай иргэн өдөр болгон шатахууны саваа дүүргэх хэмжээний мөнгө халааснаасаа гаргаад байх чадалгүй. Шатахууны сав нь 50 литр гэж тооцоход 83500 төгрөг болно. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 орчим хувь болох юм. Тэгэхээр сарын цалингийнхаа тал хувиар хөл залгах унаандаа шатахуун авах нь юу л бол. Үүнээс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шатахууны өсөлтийг дагаад нэмэгдчихдэг. Энэ нь мөн л иргэдийн халаасанд хүйтэн гар дүрэхтэй адил зүйл болно. Гэтэл өнөөдөр хэдэн арван тэрбумын хөрөнгө эргэлдэж буй уул уурхайн компани, сарын цалингаараа амьдралаа залгуулж яваа иргэдийн нэг литр шатахуун худалдан авах үнэ адил байгаа нь шог зүйл. Нэг литр шатахууны үнэ хэдэн ч төгрөгөөр нэмэгдсэн уул уурхайн компанид тэр бүр мэдрэгдэхгүй л болов уу. Харин хөл дүүжлэх унаатай, унаагүй иргэдэд шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг халаасыг нь эргүүлэх гамшиг тарих явдал юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компани, иргэдийн шатахууны хэрэглээ, худалдан авах үнийг нэг жинлүүр дээр жинлэх нь тийм ч оновчтой зүйл биш. Иймд төрийн бодлогоор дотооддоо шатахуун үйлдвэрлэж, үнийн зохицуулалт хийхгүй  бол иргэдийн нурууг шатахууны үнэ холгосоор байх нь.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан