ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалаас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
-Цагаан сар болох гээд махны үнэ тэнгэрт хадлаа. Яамны зүгээс ямар нэгэн зохицуулалт хийж байна уу?
-Зохицуулалт хийх боломж байгаа. Бид ойрын өдрүүдэд хийнэ. Цагаан сараар махны эрэлт маш их болдог. Иймээс эрэлтээс болж үнэ савлахгүй байх арга хэмжээг авна. Энэ сарын 17-ноос зохиогдох үзэсгэлэн худалдаанд мах нийлүүлнэ.
-Өнөөдөр хонины нэг килограмм мах 6000 төгрөг байна. Үнийг нь бууруулах боломж бий гэсэн үг үү?
-Өчигдрийн /уржигдар/ байдлаар үхрийн мах “Хүчит шонхор” зах дээр өглөө зарагддаг хамгийн эхний үнээрээ кг нь 6500, хонь 5800, ямаа 4300 төгрөг байсан. Бид тодорхой хэмжээний зохицуулалт хийгээд үхрийн махыг 6500-гаас 5700, хонины махыг 5800-5300 төгрөг болгож бууруулсан. Ер нь, тодорхой хэмжээнд буулгаад зохистой үнийн түвшинд барина гэсэн бодлоготой байгаа.
-Цаашдаа иргэдээ хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнээр хангахад ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Хүнсний үйлдвэрлэлд махны үйлдвэрүүдийг шинээр барьж байгуулах мах, сүүний логистик тогтолцоог хөгжүүлэх зорилт тавьж байгаа. Намар мах хямдхан үед нь их хэмжээгээр нөөцөлж чаддаггүйгээс хавар үнэтэй болчихдог. Үүнийг зохицуулахын тулд агуулах болон тээврийн аж ахуйг зохион байгуулалттайгаар хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн хүнсний ногооны тариалалтыг сайжруулж, савлагааны үйлдвэрүүдийг дэмжинэ. Ингэснээр импортоор орж ирдэг савлагаатай хүнсний ногоо зах зээлээс шахагдах юм. Үүнээс гадна нийслэлд 20 га өвлийн хүлэмж барьж өргөст хэмхээр 100 хувь, улаан лоолиор 60 хувийг нь хангах зорилт тавиад байгаа.
-Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжиж бонд гарсан. Энэ ажил ямар шатандаа явж байна?
-Арьс ширний үйлдвэрийг дэмжих 140 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудал УИХ-аар батлагдан гарсан. Одоо Засгийн газар бондоо хурдан борлуулаад арьс шир үйлдвэрлэгч нартаа хөнгөлөлттэй зээл олгож эхэлнэ. Бид Монголынхоо хонины ноосыг утас болгож ээрээд ноосон даавуу болгон үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хөгжлийн банканд энэ төслийг танилцуулсан байгаа. Банк дэмжвэл ойрын гурван жилд монголчууд хоёр сая 500 мянган тууш метр ноосон даавуу үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангана гэсэн зорилго бий. Тэгвэл 7.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хонины ноос 72 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн болж хувирна гэсэн үг.
-Тэгвэл ноолуурын тухайд?
-Одоо бид ноолуурынхаа 25 хувийг угааж самнаад утас болгон эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа. Зарим хэсгийг нь угааж самнаад экспортолдог. 2016 он гэхэд бүх ноолуурыг угаагаад самнадаг болно гэсэн зорилт тавьсан. Үүнд зориулж эхний ээлжинд Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авах төсөл хийсэн. Манай ноолууран эдлэл үйлдвэрлэгчид энэ жил 50 гаруй тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа. Бид хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллана. Мөн ойн хаягдлыг ашиглан шахмал түлш, хавтан үйлдвэрлэхээр ч төлөвлөж байна. Манай улсад 800 гаруй ойн нөхөрлөл бүртгэлтэй байдаг юм.