12 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 2001 оны нэгдүгээр сарын 15-нд “Wikipedia” сайт ажиллаж эхэлжээ. Анх эрдмийн зэрэг цолтой хүмүүс бичиж, засч редакторлодог байсан “Нупедия” нэртэй интернэт нэвтэрхий толийг хөгжүүлэхийн тулд ноорог, шинэ санаа үүсгэх нэмэлт нь байсан энэ сайт “Wiki” технологийг ашиглаж байв. “Wiki” гэдэг нь хавай хэл дээр “хурдан” гэсэн үг бөгөөд нэвтэрхий толийг боловсруулахад жирийн хэрэглэгчид адил эрхтэйгээр оролцон богино хугацаанд нийтлэл бичих боломжоор хангадаг технологийн нэр байжээ. Гэвч “Нупедия” сайтын зохиогчид, редакторууд ийм технологи ашиглахын эсрэг байсан болохоор “Wiki” ба “encyclopedia” буюу нэвтэрхий толь гэсэн үгсийн нийлбэрээр “Wikipedia” гэсэн нэртэй интернэт нэвтэрхий толийг нэгдүгээр сарын 15-аас ажиллуулж эхэлсэн байна. Маргааш нь хамгийн анхны нийтлэл “Википедия”-д тавигдаж байсан түүхтэй. “Slashdot” вэб сайтад гурван ч удаа бичигдсэний дараагаар энэ нэвтэрхий толийг дэмжигчдийн тоо нэмэгдэж эхэлсний дээр хайлтын “Google” системээс өдөр болгон хэдэн зуун хүн чиглүүлэгдэж байсны хүчинд сайт дээрх нийтлэлүүдийн тоо эрчимтэй нэмэгдэж эхэлжээ. Үүний үр дүнд нээгдээд ердөө сар болоход л нийтлэлүүдийн тоо 1000 давж, есдүгээр сар гэхэд 10 мянга гэх мэтээр сардаа 1500 нийтлэлээр нэмэгдсээр жилийн дараа гэхэд 20 мянган нийтлэлтэй интернэт нэвтэрхий толь болоод байв. Нэвтэрхий толийн нийтлэлийн тоо асар хурдацтай нэмэгдэж байгаа болон нийтлэл бичих зарчим нь маш энгийн бөгөөд ардчилсан болохыг хараад 2001 оны гуравдугаар сард “deutsche.wikipedia.com” гэсэн англиас өөр хэл дээрх домен хамгийн анх бүртгэгдсэн юм. Үүний дээр “Википедия” зөвхөн сайн дурын хандиваар санхүүждэг болохоор аль нэг том корпораци, тэрбумтнаас хамааралгүйгээр нийтлэл, тайлбар оруулж, нэвтэрхий толины үндсэн зарчмыг хангах боломжтой.
Хэрэглэгчдийг ингэж олноор нь татсан “Wikipedia”-ийн үндсэн таван зарчмыг дурдваас:
1. “Википедия” нь ерөнхий ба нарийн мэргэжлийн нэвтэрхий толь, жил тутмын лавлах зэргийн бүх элементийг багтаасан нэвтэрхий толь. Энэ нэвтэрхий толь нь хэн нэгний хувийн бодол, туршлага, дүгнэлтийг бичдэг газар биш. Тиймээс нэвтэрхий толины нийтлэлийг бичихдээ бүх мэдээллийг оновчтой бөгөөд давхар шалгагдан бататгах байдлыг чухалчилна, эргэлзээтэй, холбоосоор бататгаагүй мэдээллийг устгадаг. Иймд мэдээллийн эх сурвалжаа заавал дурдана.
2. “Википедия” дундыг баримтладаг болохоор олон янзын байр суурь байгаа үед нийтлэл нь аль нэгийг илүү дагах, баримтлах ёсгүй.
3. “Википедия”гийн материалууд нь чөлөөтэй ашиглах боломжтойн дээр хэрэглэгч болгон өөрчлөлт оруулах боломжтой.
4. Хэрэглэгч болгон нийтлэлийг засварлах тэгш эрхтэй болохоор бусадтай санал нийлээгүй ч хүндэтгэн үзэж байх ёстой.
5. Энд өгөгдсөн таван ерөнхий зарчмаас өөр ямар нэг заавал дагаж мөрдөх ёстой хатуу дүрэм гэж “Википедияд” байхгүй.
Энэ бүхний хүчинд өдгөө “Wikipedia” интернэт нэвтэрхий толь нь дэлхийн 285 хэл дээрх бичигдсэн чөлөөтэй ашиглагддаг 24 сая нийтлэлтэй хүн төрөлхтний түүхэнд гарч байсан хамгийн өргөн сэдвийг хамаарсан, хамгийн том нэвтэрхий толь болжээ.
Ийм ч болохоор заримдаа сонин, сэтгүүлд нийтлэл бичихээс эхлээд хууль боловсруулах, судалгаа авах хүртэлх бүх зүйл бичихэд “Wikipedia” заавал ямар нэг байдлаар ашиглагддаг тул урд нь хүмүүс энэ нэвтэрхий тольгүйгээр яаж болгоод байсан юм бол гэсэн бодол төрдөг. Одоо ч энэ нийтлэлийг бичиж байхдаа би “Wikipedia”-г ашиглаж байна.
“Wikipedia”-ийн 285 хэлийн домен дотроос хамгийн олон нийтлэлтэй нь англи хэлтэй домен. Англи дээрх нийтлэлийн тоо энэ оны нэгдүгээр сарын 13-ны байдлаар 4 142 971 болов. Нийтлэлийн тоогоор хоёрт ордог нь герман хэл дээрх Вики. Энд 1 536 245 нийтлэлтэй. Гуравт 1 339 898 нийтлэлтэй франц “Википедия” орж байгаа бол дөрөвт нь 1 139 284 нийтлэлтэй Нидерланд “Википедия” орж байна. Тэгэхээр эдгээр хэлийг эзэмшсэн хүмүүс асар олон сэдвийн талаарх мэдээллийг өөрийн төрөлх хэлээр уншин танилцаж, шаардлагатай гэж үзвэл засвар хийн улам бодит болгох боломжтой юм.
Гэхдээ “Wikipedia” сайтыг бүх л зүйлийг тайлбарладаг, орчин үеийн ямар ч өөгүй, алдаагүй бүхнийг мэдэгч мэтээр хандаж итгэхэд учир дутагдалтай гэдгийг цөөнгүй судлаач онцолдог. Энэ нэвтэрхий толийг олон янзаар шүүмжилдэг ч хамгийн гол сул тал нь аливаа нэг нийтлэлийг дурын хэрэглэгч чөлөөтэй засах боломж нь гэж үздэг. Өөрөөр хэлбэл нийтлэлүүд нь тухайн салбарыг хариуцсан шинжлэх ухааны зөвлөлийн шүүмжээр орон баталгаажаагүй. Дэлхийд алдартай «Британника» нэвтэрхий толийн ерөнхий редактор байсан Роберт МакХенри энэ талаар хэлэхдээ “Аль нэг сэдвээр “Википедия” руу мэдээлэл авах, эсвэл баримтыг баталгаажуулах зорилгоор орж байгаа хэрэглэгчид үнэн хэрэг дээр нийтийн жорлонгоор үйлчлүүлж байгаа хүнтэй адил байдалд ордог. Нийтийн бие засах газар харваас илт заваан байж болох бөгөөд ийм үед үйлчлүүлж байгаа хүн болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг шууд л ойлгоно. Эсвэл жорлон нь харахад боломжийн цэвэрхэн харагдаад үйлчлүүлэгчид баталгаатай хамгаалагдсан гэх хуурамч итгэл төрүүлж байж болзошгүй. Хамгийн гол нь өөрөөс нь өмнө жорлонг хэн ашиглаж байсныг яагаад ч мэдэх боломжгүй юм” гэсэн байдаг. Дараагийн нэг зүйл бол нийтлэл аль нэг тийш үсчээгүй, дундыг баримтласан гэдэг ч засвар хийж байгаа хүн болгон ямар нэг хэлбэрээр өөрийн үзэл бодлоо тулган хүлээлгэдэг болохоор дундыг баримтлана гэдэг бараг боломжгүй зүйл. Шүүмжлэлд өртдөг дараагийн нэг зүйл нь Википедиягийн нийтлэлд дурдагдсан баримтыг шалгах боломжгүй байдал. Энэ талаар нэгэн сэтгүүлч хэлэхдээ “Википедияг баримтын лавлагаа болгон ашиглана гэдэг нь бааранд санамсаргүй таарсан хүнээс юм асуухтай яг адил. Цаад хүн чинь цөмийн физикч байж болно. Эсвэл солиотой хүн ч байж болно” гэсэн байдаг. Дээр нь ашиглаж байгаа эх сурвалжууд нь баталгаагүй, найдваргүй байх эрсдэл өндөр.
Өнөөдрийн амьдралыг интернэтгүй төсөөлөх аргагүйтэй адил интернэтийг “Википедия” нэвтэрхий тольгүйгээр төсөөлөх аргагүй. Сая сая хүний өдөр тутмын хэрэглээ болсон нэвтэрхий тольд энэ мэт давуу ба сөрөг тал олонтай ч өнөөдрийн байдлаар бодитоор өрсөлдөж чадах өрсөлдөгч алга. Тиймээс цаашдаа ч өргөнөөр хэрэглэгдсэн хэвээр байх биз. Хамгийн харамсмаар зүйл гэвэл Монгол хэл дээрх “Википедия” нээгдэн ажиллаад есөн жил болж байгаа ч ердөө 8568 тайлбартай байгаа нь ер хангалтгүй юм. Манай улсын хэрэглэгчид тэгэхээр тодруулж лавлахыг хүссэн тайлбараа гол төлөв харь хэлээр уншиж танилцдаг гэсэн үг. Эх хэлээ хөгжүүлье, гадны нөлөөнөөс хамгаалъя гэж хүн болгон шахуу ярьж байгаа ч дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй таван сайтын нэг “Википедия” дээрх монгол хэлээр бичсэн тайлбарын тоог манай хэрэглэгчид нэмэхгүй байгаа нь таагүй. Тэгэхээр манай интернэт хэрэглэгчид бүгд нэгдээд энэ алдааг засах тал дээр түлхүү ажиллана гэдэгт найдахаас өөр зүйл алга.