Хөдөлмөрийн яам, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоодтой хамтран “Жижиг дунд үйлдвэр, ахуйн үйлчилгээ, албан бус салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хэлэлцээр”-ийг байгуулж, гарын үсэг зуржээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2013-2014 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа аж. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Я.Санмятав, үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагууд оролцсон юм. Хэлэлцээрийн үр дүнд талууд Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, ажилчдын нийгмийн хамгааллын асуудал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэгчдийн тогтвортой хөгжлийг хангах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хамтарч ажиллах юм байна.