1990-ээд оны дундуур “Cup of Life”, “Livin’ la Vida Loca” зэрэг дуугаараа дэлхий нийтийг шуугиулж явсан Латин Америкийн эрч хүчээр дүүрэн, царайлаг залууг санаж байна уу. Мэдээж, тэр бол Рики Мартин. Хэдэн жил чимээгүй байсан тэрээр өнгөрсөн хавар Twitter-ээрээ ижил хүйстэн гэдгээ гэнэт зарлаж шүтэн бишрэгчдээ гайхашруулсан билээ. Гэвч тэрээр энэ тухай огтхон ч тайлбар хийлгүй чимээгүй орхисон. Харин тэрээр Ларри Кингийн ярилцлагын зочноор уригдаж хувийн амьдралынхаа тухай илэн далангуй ярьсны зэрэгцээ “Би” хэмээх номоо танилцуулжээ.
-Номоо яагаад ингэж нэрлэсэн юм бэ?
-Маш энгийн. Энэ бол миний амьдрал. Миний унаж, боссон мөчүүд, миний түүхийг энд өгүүлсэн учраас л “Би” гэж нэрлэсэн юм.
-Яагаад заавал одоо гэж, бүр нас ахисан хойноо гаргаж болно шүү дээ
-Хүүхдүүддээ ярьж өгөх намтар түүхээ эртнээс бэлтгэж байна гэх юмуу даа. Би нэг өдөр санаандгүй компьютерийн өмнө суугаад сангийнхаа тухай, Энэтхэгт аялсан тухайгаа бичсэн юм л даа. Тэгээд ер нь өөрийнхөө амьдралынхаа тухай ном бичиж болохоор юм байна гэдэг бодол төрсөн.
-Та ихэр хүүхдүүдтэй байх аа?
-Тийм ээ, ихэр хөвгүүд.
-Ганц бие эрчүүд хүүхэдтэй болохыг төдий л хүсдэггүй шүү дээ. Та харин яагаад ..
-Би бүр залуугаасаа л аав болохыг мөрөөддөг байлаа. Надад аавтай маань холбоотой сайхан дурсамж их байдаг болохоор түүн шиг сайн эцэг болохыг мөрөөддөг байлаа.
-Та эхнэргүй. Тэгээд яаж хүүхэдтэй болсон юм бэ?
-“Black and White” дэлхийг тойрсон хамгийн сүүлчийн аялан тоглолтоо дуусгаад хэсэг амарсан юм. Тэр үедээ хүүхэдтэй болъё гэж шийдээд тээгч эх болон эм бэлгийн эс өгөх донор олж, тэгээд л нэг жил хүлээхэд хүүхдүүд маань над дээр ирсэн дээ.
-Аав байхын хамгийн сайхан нь юу вэ?
-Хайр. Хүү маань “Ааваа, хайртай шүү” гэж шулганан хэлэх нь хамгийн сайхан. Хөвгүүд маань цаг бүр л ингэж хэлдэг. Тэр бүрт сэтгэл минь уярдаг шүү.
-Тэд таныг бүрэн эзэмджээ?
-Тийм шүү. Өмнө нь гэрээс гарахаа ээж ааваасаа зөвшөөрөл авдаг байсан бол одоо хүүхдүүдээсээ асуудаг болсон. Тэд чинь манай гэрийн эзэд.
-Таныг хүүхэд байхдаа Пуэрто-Рикодоо маш алдартай хүүхдийн Менудо хамтлагийн гишүүн байсан гэж сонссон?
-Тийм ээ. Манай хамтлаг 1977 оноос дуулж эхэлсэн. 1980-аад оны эхэн үед Пуэрто-Риког байлдан дагуулж байсан даа. Хичээлдээ унадаг дугуйгаар явдаг жаал хүү хамтлагтаа дуулах үедээ Бойнгоор нисч, дээд зэрэглэлийн буудалд бууж, 200 мянган хүний өмнө дуулаад л.
-Таны тухай хов жив хэвлэлийн хуудаснаас салдаггүй. Юуны тухай яриад байгааг маань та ойлгосон байх.
-Тийм ээ.
-Ийм яриаг та яаж өдий хүртэл тэвчсэн юм бэ?
-Өмнө нь энэ тухай олон нийтэд зарлахад бэлэн биш байсан юм. Бүх дэлхий нийтэд би ижил хүйтсэн гэж хэлэх тийм ч амар биш.
-Гэхдээ ер нь бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай таамаг мэдээлэл их л гардаг байсан?
-Тийм ээ. Та ижил хүйстэн юм уу. Эсвэл бисексуаль юм уу. Та ер нь хэн юм бэ гээд л асуусан, дайрч давшилсан хандлага их байсан. Гэхдээ ийм зүйлийг хэн нэгэн хүчиллээ гээд бусдад хэлчихэж болохгүй шүү дээ.
-Та ижил хүйстэн гэдгээ хэнд хамгийн түрүүнд хэлсэн бэ?
-Ээждээ. Үнэндээ ээж маань бараг гадарлаж байсан л даа. Тэгээд надаас “Хүү минь чи дурлачихаа юу. Тэр хүн чинь эрэгтэй юм уу” гэж асуусан. Намайг тийм гэж хариулахад ээж маань намайг тэврээд “Чи л жаргалтай байвал боллоо” гэж хэлсэн. Аав маань ч надад яг ийм үг хэлж, “Хүү минь, өөрийнхөө хүссэнээр л амьдар” гэсэн. Ээж аав маань их сайхан хүмүүс. Би амьдралдаа гомдоллох эрхгүй сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн азтай хүн шүү.
-Та бол хүүхнүүдийн харцыг булаасан сайхан залуу. Таныг анх од болон гарч ирж байхад бүсгүйчүүд араас чинь шуурдаг байсан шүү дээ. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр та яг л жирийн хүн шиг байсан, тэр үед.
-Би хэдий ижил хүйстэн ч гэлээ бүсгүйчүүдтэй бүжиглэх дуртай. /инээв/
-Та бас найз бүсгүйтэй байсан?
-Тийм ээ. Би өмнө нь эмэгтэйчүүдтэй маш тогтвортой, албархуу маягийн харилцаа тогтоодог байсан. Эмэгтэй хүнтэй хамт байснаар бусдын нүдэнд жирийн хүн шиг харагдах гэж хичээдэг байсан. Би яаж гей гэдгээ хүмүүст хэлэх юм бэ. Зүгээр л нэг бүсгүйтэй болзоод явж байвал илүү амар юм байна гээд л дүр үзүүлдэг байсан. Хэрэв энэ тухайгаа хүмүүст илчилсний дараа ингэж сэтгэл амрахыг мэдсэн бол бүр 10 жилийн өмнө л ижил хүйстэн гэдгээ зарлах байсан. Гэвч би олон жилийн турш үнэнийг илчлэхээс айж хулгаж явсан.
-Хэсэг чимээгүй байсан Рики Мартины шинэ дуу сонсогчдод хүрчээ. Үүгээр та шоу бизнесийн ертөнцөд эргэн ирлээ гэж ойлгож байна.
- “The Best Thing about Me is You” гэж маш энгийн, регги стилийн шинэ сингл гаргасан. Хүмүүс энэ дууг сонсоод “Рики, чамаас ийм аялгуу гарна гэж бодсонгүй шүү” гээд гайхаад л байгаа. Гэхдээ хүмүүст хэлэхэд, амьдрал гэдэг чинь бодсоноос энгийн шүү дээ.
-Рики Мартин тайзнаа эргэж ирэхдээ үзэгчдэд ямар бэлэг авчирсан бол?
-Би дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байна.
-Та аялан тоглолт хийгээд дэлхийг тойроод явахаар хүүхдүүдийг чинь хэн асрах вэ?
-Бид цуг явна аа. Тэд аль хэдийнэ паспортоо авчихсан.
-Эргэж ирлээ гэж ярихаас өмнө хаашаа явсныг тань асууя. Ингэхэд та өнгөрсөн хугацаанд хаана юу хийж байв?
-Надад хэсэг хугацааны амралт хэрэгтэй байсан юм. Хувийн уран бүтээлээсээ эхэлж тооцвол 1984 оноос хойш тасралтгүй ажилласан. Тиймээс хэсэг хугацаанд чимээгүй байж, өөрийгөө таньж мэдэх, дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгтэй байсан. Тиймээс ихэнхдээ Америк дахь гэртээ цагийг өнгөрүүлж, АНУ-ын бүх мужаар аялж, бас Энэтхэгт хэсэг хугацаанд байсан.
-Энэ бүх амралтын эцэст та Twitter-ээ нээгээд “Би ижил хүйстэн гэдгээрээ бахархаж байна” гэж бичих зориг ороо юу?
-Тиймээ, сэтгэл санаа маань бэлэн, ямар ч айдасгүйгээр энэ бүхнийг илчилж чадсан. Тэр өдөр баасан гариг байсан шүү дээ. Тэгээд даваа гариг гэхэд хүмүүс ямар хариу реакц үзүүлэх нь вэ гэж сэтгэл догдлон хүлээж байсан. Тэр үед ээж маань Пуэрто-Рикогоос ирж надад хань болсон.
-Өнөөдөр барууны орнуудад ижил хүйстнээ сонирхох явдлыг жирийн зүйл мэтээр хүлээн авдаг болсон ч Латин Америкийн хувьд тийм биш. Тэд “жинхэнэ эр хүн” гэдэг ойлголтыг их чухалд тооцдог.
-Тийм шүү. Тийм л учраас би өдий хүртэл нууж явсан юм.
-Та яг хэдэн настайдаа энэ тухайгаа мэдсэн бэ?
-Дөнгөж 20 гарч байхдаа л мэдсэн. Эрэгтэй хүнд дурлаж байгаагаа анх мэдрээд маш их сэтгэлээр унаж, ингээд л ажил амьдрал, карьер маань дууслаа гэж бодож байсан.
-Одоо найз залуутай юу?
-Тийм ээ, бий.
-Тэгвэл одоо найз залуугаа олны өмнө гаргахаас санаа зовж, нуух шаардлагагүй болсон биз дээ?
-Бидэнд бусдаас айж нуугдах шаардлага байхгүй. Тэглээ гээд заавал биднийг хар гэсэн шиг явах ч хэрэг алга. Зүгээр л хэзээ нэгэн цагт улаан хивсэн дээр найз залуутайгаа хамт алхахыг хэн мэдлээ.
-Та гэр бүлээ батлуулж, хуримаа хийхийг хүсдэг үү?
-Би гэрлэнэ ээ. Одоо маш олон орон ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөг болсон.
-Гэхдээ Пуэрто-Рикод биш?
-Харамсалтай нь, манай улсад зөвшөөрдөггүй.
-Гэхдээ та үнэхээр хэн нэгэнд хайртай, гэр бүлээ батлуулахыг хүсч байгаа бол өөр улсад очоод хуримаа хийж болно шүү дээ?
-Бид Испани юмуу Аргентинд хуримаа хийж болно. Тэнд манай найз нөхөд зөндөө бий. Гэхдээ би эх орондоо гэр бүлээ албан ёсоор батлуулж, төрсөн гэрийнхээ цэцэрлэгт нь хуримынхаа ёслолыг хиймээр байна шүү дээ. Би өөр нэг улсын хоёрдогч иргэн болмооргүй байна. Би энэ улсад татвараа төлдөг хууль ёсны иргэн. Тиймээс зохих эрхээ энд л эдлэхийг хүсч байна.
-Хэрэв хуримаа хийвэл хүүхдүүд тань яаж хүлээж авах бол. Бусад гэр бүл ээж аавтай, байхад танайх хоёр аавтай гэдгийг та яаж тэдэнд тайлбарлах вэ?
-Тэд мэдээж гайхах байх. Гэхдээ манай ихрүүд найз залууд маань хайртай. Тэд маш сайхан харилцаатай. Хүүхдүүд маань нялх ч гэсэн би тэдэнтэй маш үнэнч шударгаар харилцдаг. Би тэдэнд “Гэр бүл гэдэг бие биедээ хайртай хүмүүс хамт амьдрахыг хэлдэг. Түүнээс биш тэр гэр бүлд хоёр аав, хоёр ээж байна уу гэдэг чухал биш” гэдгийг ойлгуулж чадна.