Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ ХЭТЭВЧТЭЙ МИНЬ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ

Эрчим хүчний хэмнэлт гэж дор бүрнээ ярьцгаадаг ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар. Гэрлээ унтраах төдийхнөөр хэмнэлт хийж, сар бүр цахилгааны мөнгө төлөхдөө “Төлбөр их гарчихаж” гэж уурлахаас цаашгүй. Гэтэл урд хөрш маань 2011-2015 онд эрчим хүчээ хэмнэж, түүнээс олох хоёр их наяд 300 тэрбум юанийг байгаль орчны бохирдлыг багасгах төсөлд хөрөнгө оруулахаар урьдчилан тооцоолжээ. Харин манай улс эрчим хүчээ хэмнэх нь битгий хэл ачааллаа дийлэхгүй туйлдаж эхэлсэн. Сүүлийн үед нийслэлд хаа сайгүй эрчим хүч тасарч, иргэдийг бухимдуулаад байгаа. Эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, Улаанбаатар хотод байгаа цахилгаан станцууд ачааллаа дийлэхээ больчихсон нь тэдний буруугаас болж байгаа юм бас биш.
“Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ” компанийн Шуурхай үйлчилгээний хэлтсийн ахлагч З.Энхбаатар “Эрчим хүч тасраад байгаа шалтгаан нь хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж буй зургаан кВт-ын шугам гэмтсэнтэй холбоотой. Ерөнхийдөө хэрэглэгчийн хэрэглээ өссөн учраас техник хэрэгсэл маань 70-80 хувиар ачааллаж байна.
Тэжээлийн кабель хэвийн үед 70, 80 хувьтай ачааллаж байгаа нь хүндрэлтэй. Нэг кабель гэмтлээ гэхэд нөгөө кабель рүү шилжүүлэх хороонд ачаалал нь багтахгүй шалтгаанаар хугацаа алддагаас тог тасрах хугацаа уртасаад байна” хэмээн учирласан. Цаашдаа эрчим хүчээр найдвартай хангах эсэх нь эрчим хүчний салбарынханд бус зөвхөн хэрэглэгч бидний гарт байна. Холбогдох байгууллагуудаас хэрэглэгчдийг хэмнэлттэй байхыг гуйж байна. Ялангуяа, оргил ачааллын үе болох 19-21 цагийн хооронд. Гэтэл үүний хариуд иргэд ажлаа тараад яг хоол ундаа хийдэг цаг гээд шуудхан л эсэргүүцэх юм. Зүгээр л цахилгаан хэрэглээ зэрэг юм залгахгүй байх, 19-21:00 цагт бус 22:00 цагаас хойш ч юм уу, амралтын өдрөөр эсвэл өдрийн цагаар хэрэглээгээ зохицуулаад сурчихаач гэж гуйгаад байгаа шүү дээ. Гэтэл Хятад улсад гэхэд эрчим хүчээ хэмнэж, түүгээр ч барахгүй нүүрсхүчлийн хий гаргахыг багасгахыг  аж ахуйн нэгжүүдээсээ шаардаж байна. Үнэн хэрэгтээ эрчим хүч хэмнэх, орон гэрээ дулаалах талаар анхаарал тавьдаг хүн тун цөөхөн. Наад захын өнгөрсөн өвөл халууцаад цонхоо онгойлгож байсан манай байр энэ жил жиндүүхэн гэж жигтэйхэн. Дулаан муу байгаа талаар СӨХ-ноос авахуулаад “Улаанбаатар дулаан дамжуулах станц” руу хүртэл гомдол тавиад ч тусыг эс олов. Аргаа бараад вакум цонхны дулаалга гэгчийг авч энд тэндгүй дулаалга хийхэд өмнөхөөсөө арай л дээрдэх нь тэр. Ингээд эрчим хүчээ хэрхэн, хэдэн хувиар хэмнэж болох талаархи зөвлөгөөг сонирхуулъя.
-Цахилгаан хэрэгслүүдийг асаалттай орхихгүй байх. Жишээ нь, телевизорыг удирдлагаар нь унтраахад цахилгаан гүйж л байдаг. Мөн компьютер, гар утас зэргийг шаардлагатай хугацаанаас нь илүүгээр цэнэглэх хэрэггүй. Утсаа залгахгүйгээр цэнэглэгчийг нь залгаатай орхиход хүртэл цахилгаан гүйдэг.
-Зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дууссан даруйд бүрэн унтрааснаар эрчим хүч хэмнэгдэх нэг нөхцөл болно. Жишээлбэл, зурагтаа 21 цаг standby тохиргоонд байлгах нь гурван цаг асаалттай байлгасны 40 хувьтай тэнцэхүйц эрчим хүч зарцуулагддаг.
-Цахилгаан бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлтэт гэрлийн шил ашигласнаар та ердийн гэрлийн шилнээс найм дахин урт хугацаанд ашиглаж, 60 хувь бага эрчим хүч зарцуулна.
-Шүршүүрт орохдоо аль болох бага хугацаа зарцуулах нь халуун ус, халаалтад зориулагдах эрчим хүчийг хэмнэнэ.
-Зөвхөн өөрт шаардлагатай хэмжээний усыг л буцалгаж байгаарай.
-Угаалгын машин, аяга таваг угаагч зэргийг бүрэн дүүргэсний дараа ажиллуулж байх хэрэгтэй. Нэг удаа бүрэн дүүргээд ашиглахад хоёр удаа хагас дүүргэхээс бага эрчим хүч зарцуулна.
-Цонхны шилээ угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэлтүүлэг ашигласнаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувь хэмнэнэ.
-Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил байх нь хүртэл цахилгааныг хэмнэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хоол хийж байхдаа тогооныхоо тагийг тэгш тавьснаараа хоол болгоход шаардагдах эрчим хүчийг асар их хэмжээгээр нь хэмнэх боломжтой. Даралтат, битүү чанагч тогоо эсвэл жигнүүр зэрэг нь цахилгааныг 70 хувь хүртэл хэмнэх боломжтой.
-Та өрөөнийхөө шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлын тоос сорогчийг сонгосноор эрчим хүчээ хэмнэх боломжтой. Тоос сорогч их чадалтай байх нь чухал биш гэдгийг санаарай.
-Хэмжээ нь танай ам бүлийн хэрэгцээнд таарсан мөн тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгосноор эрчим хүчээ мөн л хэмнэнэ. Хөргөгчийг плетка, ус буцалгагчийн ойр тавих нь илүү их эрчим хүч зарцуулагдахад хүргэдэг. Жишээлбэл, хөргөгчийг 30-50°С хэмтэй бүгчим өрөөнд байлгах нь энгийн үеээс хоёр дахин их эрчим хүч зарцуулагддаг
-Индүүдэх бүх зүйлээ нэг дор, хувцасны төрөлдөө тохируулж индүүдэх нь эрчим хүч, цаг хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр температураар индүүдэх зүйлээ эхэлж, температурыг бууруулах дарааллаар хувцсаа индүүдэх хэрэгтэй.
-Компьютерын тохиргоог хийснээр шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж, эрчим хүчний зарцуулалтыг 40 хүртэл хувь бууруулах боломжтой. Settings – Control panel-Power options-Turn off monitor-after 3 min болгон тохируулах.
-Албан газраас гарч буй хамгийн сүүлийн хүн дараахь зүйлсийг салгаснаар эрчим хүчийг таван хүртэл хувиар хэмнэх боломжтой. Үүнд:
-Canon хэвлэгч машин
-Цаас урагч машин
-Шарах шүүгээ
-Ус буцалгагч
-Уртасгагч
- Гар станц цэнэглэгч зэрэг болно.
Дээрх өгөгдсөн энгийн атлаа үнэтэй зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Эрчим хүчээ хэмнэнэ гэдэг хоол хийх савны сонголтоос хүртэл эхэлнэ гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй биз ээ. Бидний хэтэвчтэй ч шууд холбоотой гэдгийг дор бүрнээ анхаарцгаая.

У.Бадам


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан