Кино ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг болох Оскарын наадамд нэр дэвших кино, уран бүтээлчид өнөөдөр тодорно. Олон нийтийн сонирхон хүлээж буй нэр дэвшигчдийн нэрс тодрохын өмнөхөн ер нь ямар кино, ямар киноны уран бүтээлчид энэ жилийн Оскарыг өнгөлөх бол гэдэгт мэргэжилтнүүд янз бүрийн таамаг гаргаж байна. Гэхдээ энэ жил олныг шуугиулсан “Skyfall”, “The Hunger Games”, “Hobbit”, “Twilight” зэрэг өндөр ашиг орлоготой кинонууд амжилт үзүүлнэ гэж найдаад хэрэггүй гэдгийг хэлж байна. Харин түүний оронд “box office”-т орлогоороо хойгуур бичигддэг “Lincoln”, “Les Miserables”, “Zero Dark Thirty” мэтийн кино гол шагналуудыг авна байх гэж таамаглаж байна. Уг нь, олсон ашиг орлогоор нь олны сонирхол, таашаал хэр хүртсэн гэдэг рейтингийг тогтооно гэвэл “Skyfall”, “Hunger Games” Оскарт өнгөлөхөөр. Гэвч Оскарт энэ зарчим эсрэгээрээ үйлчилдэг. Угаас Оскарт тухайн жилийн хамгийн өндөр ашиг орлоготой, олны сонирхлыг татсан кинонууд амжилт үзүүлэх нь бүү хэл нэр дэвшихгүй байх явдал ч бий. Яагаад таны, бидний дуртай кино Оскар авдаггүй вэ. Яагаад “Skyfall”-ын Жеймс Бондыг бүтээсэн Даниель Крэйг шилдэг эрэгтэй дүр, энэ киног найруулсан Сэм Мендес шилдэг найруулагчийн шагнал авна гэж төдийлэн сэтгэлд буухгүй байна вэ. Яагаад “Twilight”-ийн Эдвард, Белла Оскарын шилдэг эрэгтэй, эмэгтэй дүрийн шагнал авна гэж хэн ч найддаггүй вэ.
Энэ бол Холливудын өөрийнх нь далд бодлого гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. “Box office”-т тэргүүлсэн, бараг нэг тэрбум ам.доллар хүрсэн орлоготой “Skyfall” мэтийн кинонд нэмэлт сурталчилгаа, нэр хүнд бараг хэрэггүй. Харин түүний оронд 100 орчим сая ам.долларын орлоготой бусад жижиг киногоо Оскараар алдаршуулвал ашиг орлогыг нь нэмж, Холливудын экосистемийг бүхэлд нь тэтгэж чаддаг байна. Холливудад бүтээсэн кинонууд бүхэлдээ дэлхий нийтийн анхааралд өртөж байх нь энэ бизнесийн ертөнцөд хэрэгтэй учраас орлого ашгийн хувьд амжилт муутайхан яваа киног нь нэг ёсондоо Оскараар гайгүй сайн сурталчлаад өгдөг ажээ. Мэдээж, үүнд киноны чанар, хийц, ур чадвар ч бас хамаатай л даа.