“Sony” компани усны хамгаалалттай “Xperia Z” гар утсаа Лас Вегаст болж буй “Consumers Electronics Show”-д танилцууллаа. Усанд орохдоо ч аваад орж болох, бохирдчихвол угааж болох энэ смартфон өндөр алдагдалтай ажиллаж буй “Sony”-г эргээд сэргэхэд тус болно гэж мэргэжилтнүүд найдаж байна.
5 инч буюу 12,7 см-ийн дэлгэцтэй, тэгэхдээ бусад смартфоноос ялгаатай нь “Sony”-гийн Bravia телевизний технологийг ашигласан учир HD кино, видео үзэхэд чанарын өндөр түвшинд, өндөр нягтралтайгаар гарах гэнэ.
Усны хамгаалалттай хэрэгслүүд өнөө үед өргөн гарсан ч олон нийтийн түгээмэл хэрэглэдэг гар утсуудад хараахан нэвтрээгүй байгаа юм. Тийм ч учраас “Xperia Z” энэ давуу талаа ашиглан хамгийн өндөр борлуулалттай смартфоны жагсаалтын эхний гуравт орно гэсэн тооцоо байна.
Нэгэн сонирхолтой судалгаагаар 10 хүн тутмын нэг нь утсаа усанд унагаж, эвдэж байсан гэдэг тоо байдаг. Тэгвэл “Sony”-гийн энэ утсыг нэг метрийн гүнд 30 минут усанд байлгахад ямар ч саатал гэмтэлгүй хэвийн ажилладаг байна.