Жил бүр Лас Вегаст болдог “Consumer Electronics Show” дэлхий дээрх хамгийн сүүлийн үеийн, шинэлэг, урьд хожид харж байгаагүй техник технологийн дэвшлийг харуулдаг үзэсгэлэн. Энэ удаагийн үзэсгэлэнд ч олныг алмайруулах ухаалаг төхөөрөмжүүд олноор тавигджээ.
Тухайлбал, Францын нэгэн компани “ухаалаг сэрээ” бүтээснээ танилцуулсан байна. Энэ нь хурдан иддэг, түүнээсээ үүдээд таргалсан, хоол боловсруулах эрхтэн нь өвчилсөн хүмүүст зориулсан эд бөгөөд уг сэрээ таныг тавагнаасаа хэр ойрхон давтамжтай сэрээдэж байгаа мэдээллийг авч, смартфон утас руу чинь илгээнэ. Эдгээр мэдээллийн тусламжтайгаар хоол идэх зуршилдаа хяналт тавьж, эрүүл мэнддээ санаа тавих боломжтой болох юм.
Хоолны зуршлаас гадна ер нь өдрийн дэглэм тань хэр идэвхтэй байна гэдгийг шалгаж болох өөр нэг төхөөрөмжийг “Bodymedia” компани танилцуулжээ. Тэдний бүтээсэн аппаратыг бугуйндаа долоо хоногийн турш зүүж явсны дараа онгойлгоод доторх USB оролтоор нь холбогдож, цуглуулсан мэдээллийг нь хуулж байна. Эдгээр мэдээлэлд та долоо хоногийн турш хэр идэвхтэй, хөдөлгөөнтэй байсан, хэдэн калори шатаасан, нойрондоо хэр байна гэдгээс эхлээд эрүүл мэндэд чухал хэрэгцээтэй төрөл бүрийн мэдээлэл багтжээ. Энэ аппарат ердөө 50 ам.долларын үнэтэй байгаа нь ухаалаг төхөөрөмжүүд хүний амьдралд улам бүр ойртсоор байгааг харуулж буй юм. Ер нь, цахилгаан хэрэгслийн үзэсгэлэн яармагийн зай талбайн 25-иас дээш хувийг хүний эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн ухаалаг төхөөрөмжүүд эзэлж байна гэсэн судалгаа гарсан байна. Тэдгээр нь ихэвчлэн смартфон болон андройд гар утас, таблет компьютер руу мэдээлэл дамжуулдаг хэлбэрийн шинэ технологиуд юм.
Лас Вегасын үзэсгэлэн дээр олны сонирхлыг татсан өөр нэг бүтээгдэхүүн нь “ачаа илрүүлэгч” байжээ. Америкийн “GlobaTrac” компанийн бүтээсэн “Trakdot” хэмээх энэ мэдрэгчийг онгоцны ачаа, тээш, цүнх чемодандаа хийсэн байхад ачаа тань хаана явж байгааг гар утсаараа төвөггүй мэдэх боломжтой. Энэ нь зорчигчдын ачаа саатах, үлдэж хоцрох, хүлээх зэрэг асуудалгүй болгож байгаа юм. Жишээлбэл, та Улаанбаатараас- Бээжин-Сидней гэх мэтчилэн олон дамжиж нислээ гэхэд ачаа тань Улаанбаатарын нисэх дээр байна уу, Бээжинд байна уу гэдгийг гар утсаараа мэдэж болно. Уг мэдрэгч аюулгүй байдлын үүднээс онгоцонд ормогцоо дохиоллоо автоматаар унтраадаг бас ухаалаг үйлдэлтэй. Ийнхүү одоо ачаа бараагаа хаана яваа бол гэж эргэлзэж тээнэгэлзэх хэрэггүй боллоо.
Энэхүү үзэсгэлэнгээс завгүй эзэгтэй нарын таашаалыг хүртсэн өөр нэг бүтээгдэхүүн бол алсаас гар утсаараа удирдаж болох шарах шүүгээ юм. Dacor-ын үйлдвэрлэсэн энэ шарах шүүгээ таны бэлтгэж тавьсан материалыг ямар жороор хийж, хэдэн минут шарвал хамгийн сайхан болохыг өөрөө мэдэх бөгөөд өглөө ажилдаа явахдаа хоолоо дотор нь хийгээд орхичихсон тохиолдолд орой ажил тарахын үед гар утсаараа асаах товчлуур дээр дарж гэртээ ирэх үед бэлэн болсон байна. Энэ мэтчилэн ухаалаг гэсэн тодотголтой төрөл бүрийн бүтээгдэхүүнийг Лас Вегаст толилуулж байна.