Хоёр жилийн өмнөөс эхлэн малчдын тушаасан нэг кг ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал өгч эхэлсэн. Малчид ноосоо хэн нэг ченжээр дамжуулан хятадуудад бус үндэсний компанид тушааснаар үйлдвэрлэгчдийг хөл дээр нь босгосон гэхэд болно. Монголын “цагаан алт”-ыг хамгийн хямд үнээр авдаг Хятадын түүхий эдийн ченжүүдийн сүлжээ шахагдсанаар үндэсний ХАА-н бирж үйл ажиллагаагаа явуулах таатай орчин бий болсон гэдгийг ч салбарын яамныхан онцолж байгаа. Ингээд энэ талаар “Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны дэд тэргүүн Ө.Мянганбаяртай ярилцлаа.
-Өнгөрсөн жилийн хувьд үйлдвэрлэгчид малчдаас хэчнээн тонн ноос худалдан авсан бэ?
-Дотоодын үйлдвэрүүд малчдаас 100 хувь ноосоо хангаж авсан. Нийтдээ 15,200 кг ноос авсан хэдий ч үйлдвэрүүд дахин нэмж, бодын хөөвөр авах хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавьж байгаа.
Ноос боловсруулах явцад хонины хялгас гардаг. Үйлдвэрлэгчид үүнийг бодын хөөвөртэй хольж гэрийн болон барилгын дулаалга үйлдвэрлэх юм. Тиймээс малчдаас нэг кг-ыг нь 500 төгрөгөөр худалдан авах хүсэлтэй байна.
-Ноосны урамшуулал олгохоос өмнө малчид хятад ченжүүдэд хэчнээн тонн ноос тушаадаг байсан юм бол?
-Өмнө нь нийт бэлтгэж буй ноосны 30 гаруй хувийг Монголын үйлдвэрүүд, үлдсэн 70 хувийг нь хятадууд авдаг байсан. Ноосонд урамшуулал олгосноор 100 хувь дотоодын хэрэгцээг хангадаг болсон. Үйлдвэрлэгчдийн тоо хүртэл огцом нэмэгдсэн. Өмнө нь гарын арван хуруунд багтах үйлдвэртэй байсан. Гэтэл одоо манай холбоонд зөвхөн ноосоор эцсийн бүтээгдэхүүн хийдэг бүртгэлтэй 250 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Малчдад урамшлуулал өгч байгаагийн зэрэгцээ эргээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй томоохон дэмжлэг. Хятад ченжүүд дуртай үедээ ноосны үнийг өсгөж, бууруулдаг байсан бол цаашдаа малчид ийм эрсдэлд орохгүй гэсэн үг. Үндэсний үйлдвэрүүд чанартайгаа уялдуулан түүхий эдийн үнийг тогтвортой байлгах, цаашдаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Үндэсний үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлснээр ажлын байр олноор нэмэгдэж байгаа. Монголчууд хийж чадах юмаа заавал импортлох албагүй шүү дээ.
-Малчдын тушааж буй ноос, ноолуурын чанарын талаар тодруулмаар байна. Нэг талаар малын цөм сүргийн бүтэц бүрмөсөн алдагдчихсан. Тушааж буй ноосныхоо жинг нэмэхийн тулд янз бүрийн л арга чарга хэрэглэдэг гээд шүүмжлэл гарч байсан?
-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш түүхий эдийн чанар хяналтгүй болж муудсан. Өмнө нь, бодлого, зохицуулалтаар мал аж ахуйг хөгжүүлж байлаа. Малын үүлдэр угсаа алдагдчихсан. “Монгол мал” гээд хөтөлбөр эхэлсэн ч ахицтай дэвшил гарахгүй байна. Ер нь, үржил селекцийн ажил ганц, хоёр жилийн хөдөлмөр бус, 5-10 жилийн дараа үр дүн нь гардаг юм. Сүүлийн үед хувийн өмч гэдгээрээ зарим малчин сайн анхаардаг байхад нөгөө хэсэг нь гаргуунд гаргасан. Ноос болон арьс ширний урамшууллаас шалтгаалан цаашдаа түүхий эдийн чанар сайжрах боломжтой. Сүүлийн үед малчдад түүхий эдээ чанартай бэлтгэвэл үнэд хүрнэ гэдэг ойлголттой болсон. Өмнө нь, жинг нь ахиулахын тулд янз бүрийн арга хэрэглэж байсныг нуух юун. Хонь, тэмээний ноос бүс нутгаас шалтгаалан өөр, өөр. Хангайн бүсийн хонины ноосоор хивс үйлдвэрлэх боломжтой. Зүүн бүсийн ноосны ноолуурыг ялгаж аваад нарийн утас ээрч даавуунд ашиглах төсөл хэрэгжүүлж байна.
-Үйлдвэржилтийн эрин үе эхэлснийг үйлдвэрлэгчид зарлаж Засгийн газарт 120 төсөл өргөн барьсан. Танай холбооны чиглэлийн ямар төслүүд багтсан бэ?
-Ноос, ноолууртай холбоотой олон төсөл орсон. Нарийн утас хийх, даавууны үйлдвэр, ноос самнах, утас ээрэх үйлдвэрүүдийн хүчин чадлыг сайжруулах, гарч буй эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах гээд төслүүд багтсан. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж их хуучирсан учраас шинэчлэх төслүүд бас бий.
-Ярилцлагын эхэнд барилгын материаллын дулаалга хийхийн тулд бодын хөөвөр нэмж авах талаар цухас дурдсан. Энэ талаар тодруулаач?
-Дэлхий дахинаа барилгын салбарт ноосон дулаалгын материал ашиглаж эхэлсэн. Ялангуяа, хөгжингүй орон болох Япон, Германд ноосоор хийсэн дулаалгын материал экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг үүднээс үнэтэй зарагддаг. Манай улсад барилгад дулаалгын материал гэхээр хятад хөөсөнцөр, шилэн хөвөн зэргийг ашигладаг. Шилэн хөвөнг орлох барилгын хананд хийх дулаалгын материалыг бид үйлдвэрлэж Монголын зах зээлд нийлүүлж эхлэх гэж байна. Байгалийн гаралтай учраас хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Эрдэнэтийн хивсний үйлдвэр ийм материал хийгээд эхэлчихсэн. Ноосон дулаалгын материалын сул тал нь чийг ус, хорхой шавжинд яах бол гэсэн асуудал бий. Үүнийг шийдэхийн тулд ШУТИС томоохон боловсруулах үйлдвэр оруулж ирж сул талуудыг нь зохицуулчихна. Тэгэхээр цаашдаа шилэн хөвөнг зах зээлээс халах нь. Канад байшингийн дулаалгын материалд ашиглах бүрэн боломжтой.
-Манайх томоохон ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид урд хөршөөс утсаа оруулж ирдэг гэсэн мэдээлэл бий?
-Монголд үйл ажиллагаа явуулж буй ноос, ноолуурын чиглэлийн үйлдвэрлэгчид аль хэдийнэ Бельги, Итали, Германы технологи нэвтрүүлчихсэн. Тийм болохоор Хятадаас бүтээгдэхүүн хийх утас болон бусад зүйлсээ авчирдаг гэвэл худлаа байх аа.
-Зөвхөн ноосны чиглэлээр гэхэд 250 гаруй үйлдвэр байгаа гэлээ. Цаашдаа ч энэ тоо нэмэгдэх байх. Хамгийн гол нь, мэргэжилтэй боловсон хүчин байгаа юу. МСҮТ барилга, уул уурхайг чиглэсэн мэргэжилтнүүд түлхүү бэлдээд эхэлчихлээ шүү дээ?
-Боловсролын системд төдийгүй төрийн бодлогод анхаарах зүйл бол яах аргагүй мэргэжилтэй боловсон хүчин. Сүүлийн жилүүдэд үнэхээр уул уурхай, барилгын салбар гэж хэтэрхий хошуурч байна. Наад захын худалдагч, борлуулагч хүртэл дээд мэргэжилтэй байх шаардлага тавьдаг болчихож. Үнэхээр үйлдвэрүүдэд ажиллах боловсон хүчин алга. Өөрсдийн бололцоогоо ашиглан ажиллах боловсон хүчнээ дадлагажуулан бэлтгэж байна шүү дээ. Нарийн чиглэлийн техник технологийн тал дээр инженер, ажиллах хүчин үнэхээр дутагдалтай байгаа. Цаашдаа үүнийг анхаарахгүй бол хий дэмий үндэсний үйлдвэрлэлээ дэмжие, сэргээе гэж яриад яахав дээ.
-Ноос, ноолууран бүтээгдэхүүний өнгө, загварын сонголт хийхэд дулимаг байдаг. Цаашдаа үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдэж байгаа хойно энэ дутагдал арилах болов уу?
-Нэг хэсэг гадаад гэхээр чанартай гэсэн ойлголт манайханд байлаа. Ганц жуулчин ирсэн ч бүгдээрээ бараагаа зарах гэж дагаж хошуураад... Одоо бол Монголын үйлдвэрлэгчид импортын бараатай өрсөлдөхүйц бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна. Нөгөө талаар, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй бол зах зээлийн өрсөлдөөн дунд хөлөө олохгүй нь гэдгээ ухаарсан.
-Танай холбоонд бүртгэлтэй үйлдвэрүүдээс гадаадын хөрөнгө оруулалттай компани бий юу?
-Гадаадын хөрөнгө оруулалттай юм уу эзэнтэй үйлдвэр нэг ч байхгүй. Ноос өөрөө үнэ багатай, овор ихтэй бизнес учраас ийшээ орох хүн ховор. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс ёстой л үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэл зүрхтэй нь ажилладаг гэх үү дээ.