Дэлхий даяар 200 сая цомгоо борлуулж, таван Грэммигийн эзэн болсноороо хамгийн алдартай дива нарын нэг хэмээх алдрыг зүй ёсоор хүртдэг дуучин Мэрай Кэри 41 насандаа ээж болсон. 2011 онд Морокко, Монро хэмээх ихэр хүү, охин төрүүлснээсээ хойш тэрээр анхны ярилцлагаа АНУ-ын телевизийн нэрт хөтлөгч Барбара Уолтерст өгсөн юм. Түүнтэй хамт нөхөр Ник Кэннон ч дараахь ярилцлагыг өгчээ.
-Ихэр хүүхэд харж асрах танд хэцүү байна уу?
-Ээж байх гэдэг магадгүй энэ хорвоогийн хамгийн хэцүү ажил байх. Гэхдээ “Өө би хүүхэд өсгөж чадахгүй юм байна. Асрагч аваад ир, би ажлаа хийлээ” гэж хэлэх нь надад үнэхээр тохирохгүй ээ. Ихрүүд минь миний амьдралд заяасанд би өдөр бүр талархаж явдаг.
-Ээж байхын юу нь хамгийн хэцүү вэ?
-Бүхэл бүтэн хүнийг бүтээж, бий болгоно гэдэг хорвоогийн хамгийн чухал бас хэцүү ажил. Ялангуяа бие, эрүүл мэнд нь тааруухан бүсгүйчүүдэд хүүхэд тээж төрүүлэх маш хэцүү байдгийг би өөрийн биеэр мэднэ. Ихрүүдээ төрүүлэхээс өмнө Ник бид хоёр анхны хүүхдээ алдаж байсан. Тийм ч учраас амьдралынхаа хэв маягийг тэр чигээр нь өөрчилж, дахин хүүхэдтэй болохын тулд эмчилгээ хийлгэсэн. Гэсэн ч хүүхэдтэй боллоо гэдэг мэдээ биднийг баярлуулахын зэрэгцээ айлгасан. Надад хүүхдээ эсэн мэнд тээж төрүүлэх найдвар 50 хувь л байсан. Тийм учраас би өөрөө эх хүн болсны дараа ээжүүдийг маш их хүндлэх болсон. Ээжүүдийн баярын өдрийг жилд нэг биш, долоо хоног бүр тэмдэглэж баймаар санагддаг шүү.
-Эх хүн болсноор Мэрай Кэри яаж өөрчлөгдсөн бэ?
-Эцэг эхчүүд хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлдэг нэртэй боловч хүүхэд гэдэг чинь хүмүүст амьдралын хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг зааж, хэлж өгөхөөр ирдэг юм байна гэдгийг би ойлгосон. Миний таньж мэдээгүй олон зүйлийг Монро, Морокко хоёр маань ойлгуулсан. Би өмнө нь хүүхэдтэй хэзээ ч ийм ойр дотно байж үзээгүй. Хүүхдийг угаах ёслол гэж юу байдгийг сая л өөрөө хүүхэдтэй болсны дараа үзлээ.
-Та хүүхдүүдээ ирээдүйд ямар мэргэжилтэй болоосой гэж хүсдэг вэ?
-Хүүхдүүд маань мэдээж урлагт дуртай хүмүүс болно байх. Гэхдээ миний хүүхдүүд шоу бизнесийн ертөнцөөс илүүтэй эрдэм номын, чухал ажил хийдэг хүн болоосой гэж хүсч байна. Профессор болдог ч юм уу. Би ч тэдний гэрийн даалгаварт тусалж чадахгүй л дээ. Гэхдээ Ник чаднаа. Юутай ч бид хоёр хүүхдүүддээ энэ хорвоогийн хамгийн тансаг сайхныг өгөхийн хажуугаар бас бодит амьдралыг мэддэг ойлгодог болоосой гэж хүсч байна.
-Ихрүүдээ төрөхөөс өмнө та тэдэнд зориулан тусгайлан гоёмсог өрөө бэлтгэсэн гэсэн.
-Хүүхдүүд маань ихэр ч гэлээ тус тусдаа хувь хүн учраас тэдэнд адилхан биш өөр орчин бий болгож өгөхийг хүссэн юм. Охины маань өрөө бүхэлдээ ягаан, харин хүүгийнх маань цэнхэр.
-Ник хэр сайн нөхөр вэ?
-Өмнөх гэрлэлтээсээ болоод би дахин гэр бүлийн амьдрал зохионо гэхээс айдаг байсан. Харин Никтэй учрах үед бүх зүйл өөр болсон. Бид анхны харцаар бие биедээ дурласнаас хойш хайр сэтгэлдээ нэг ч удаа эргэлзэж байсангүй.
-Тэр итгэл даасан эр хүн мөн үү?
-Заримдаа л /инээв/.
-Нээрээ гэж үү?
-Тэр сайхан зантай үедээ энэ хорвоогийн хамгийн сайхан залуу. Харин бусад үед бол… Тэр бусадтай л адил эр хүн шүү дээ /инээв/
Мэрай Кэригийн нөхөр Ник Кэнноныг бид “Авьяаслаг америкчууд” шоуны хөтлөгч гэдгээр нь сайн мэднэ. Харин тэрээр америкчуудад бол “Никлеодон” телевизийн шоугаар бүр хүүхэд байхаасаа танил болсон, АНУ-ын нэртэй жүжигчин, хөтлөгч нэг юм. 10 насны зөрүүтэй хос хоёр 2008 оны дөрөвдүгээр сарын 30-нд гэр бүл болсон билээ. Тэдний хуримын гурван жилийн ойгоор хоёр ихэр нь мэндэлсэн юм.
-Ник, та бүтэн нойртой хонож чадаж байна уу?
-Би угаасаа унтдаггүй шүү дээ.
-Шөнө ерөөсөө унтдаггүй гэж үү?
-Ажилдаа явахаас өмнө хоёр цаг л унтаж амардаг.
-Яагаад тэр вэ. Тэгээд хэдийд нь амарч амждаг байна аа?
-Шөнө ажиллах нь миний ажлын онцлог. Радио нэвтрүүлгийн маань эфир шөнийн 1.30-д эхлээд үүрийн дөрвөн цаг хүртэл үргэлжилдэг болохоор шөнө бараг унтдаггүй юм. Харин өдөр ажлын завсар чөлөөгөөр ганц, хоёр цаг унтаж амардаг. Тэгэхээр өдөрт дөрвөөс дээш цаг унтдаггүй гэсэн үг.
-Тэгээд шинэхэн аав маань хэдийд нь хүүхдүүдээ харж асардаг хэрэг вэ?
-Үүрээр эфир дууссаны дараа дасгалаа хийчихээд гэртээ хариад л аавын ажил эхэлдэг дээ.
-Энэ завгүй амьдралын хэмнэл дунд хүүхдийнхээ живхийг солих цаг зав гарч байна уу?
-Би 16 настайгаасаа иймэрхүү амьдралын хэмнэлд ороод одоо бүр дасчихсан. Тийм болохоор ажил, ар гэрийг зохицуулах нь тийм ч хэцүү биш. Би живхийг ямар сайн сольдог гээч. Би сайн аав шүү. Олон хүүхэд дунд өссөн болохоор нялх хүүхэд асрана гэдэг миний хувьд хэцүү ажил биш.
-Эцэг хүн байхын хамгийн сайхан нь юу вэ?
-Хүүхдүүд минь энэ хорвоод мэндэлснээс хойш би инээмсэглэхгүй байж чадахаа больсон. Өөрийнхөө бяцхан хувилбарыг харна гээд төсөөл дөө.
-Таны эхнэр бол дэлхийн хамгийн алдартай дива нарын нэг. Өглөө бүр Мэрай Кэригийн хажууд сэрэх ямар байдаг бол. “Өө, бурхан минь, Мэрай миний хажууд байна” гэж боддог уу?
-Тийм шүү. Түүнтэй хамт байгаа цаг мөч бүрт ийм бодол төрдөг. Тэр бол миний мөрөөдлийн бүсгүй. Гэтэл тэр миний гэргий болоод зогсохгүй хоёр хөөрхөн хүүхэд төрүүлж өглөө. Үүнээс илүү гайхалтай амьдрал гэж байхгүй.
-Анх та хоёрыг нэр холбогдож эхлэхэд хүмүүс таныг Мэрай Кэригийн нэр алдар, мөнгө хөрөнгөд болж суулаа гэлцэж байсан. Гэхдээ одоо та хоёрыг харахад үнэхээр жаргалтай гэр бүл харагдаж байна?
-Хүмүүс бидний тухай юу ярих нь сонин биш. Бид хоёр хамтдаа тэр бүхнийг даваад гарсан. Бидний дурлалын түүх маш хурдан өрнөсөн учраас хүмүүс гайхаж хоцорсон байх. Нэг сарын дотор л бид гэрлэхээр шийдсэн.
-Та яаж ганцхан сарын дотор ирээдүйн эхнэрээ оллоо гэж өөртөө итгэлтэйгээр шийдсэн юм бэ?
-Яагаад гэвэл тэр Мэрай Кэри учраас. /инээв/ Би үргэлж түүнд хайртай байсан. Түүнтэй учрахаасаа өмнө ч. Түүний хамгийн үнэнч фэнүүдийн нэг нь би байлаа. Анх түүнтэй уулзаж байхдаа өөртөө итгэхгүй, би Мэрай Кэритэй уулзаж байна гэж үү гээд л жингүйдлийн байдалд орж байлаа. Харин түүнтэй ярилцаад сууж байхад тэр хүмүүсийн төсөөлдгөөс огт өөр, энгийн эмэгтэй гэдгийг би ойлгосон.
-Та түүнтэй анх уулзмагцаа л сээтэн хаяж эхэлсэн үү?
-Бид анх уулзсанаас 20 минутын дараа. /инээв/ Бид анх уулзах тэр мөчид л хамтдаа баймаар, ярилцаад л суумаар, нэгнийхээ гараас атгамаар тийм мэдрэмж төрсөн. Ийм мэдрэмж уг нь ганц, хоёр өдөр л үргэлжилдэг шүү дээ. Гэтэл нэг долоо хоног, хоёр долоо хоног гээд л цааш үргэлжлээд л байсан.
-Та хоёрын төрж өссөн орчин, амьдралын хэв маяг өөр байсан нь харилцаанд чинь нөлөөлөөгүй юу?
-Үгүй ээ. Мэрай эгэл жирийн амьдрал дундаас л гарч ирсэн. Би ч ялгаагүй. Бид жирийн л хүмүүс ш дээ. Хүмүүс бодохдоо Мэрай оргилуун дарсаар дүүргэсэн алтан ваннд л хэвтэж байдаг гэж боддог юм шиг байгаа юм.
-Гэхдээ Мэрай өндөр шаардлага тавьдгаараа алдартай шүү дээ. “Авьяаслаг америкчууд” шоунд ганцхан дуу дуулахын тулд тайз заслыг нь 70 цаг бэлдүүлж, хувийнхаа бэлтгэлийг ч 10 цаг хийсэн гэдэг?
-Тийм ээ. Тэр бэлтгэлээ 100 хувь хангахаас нааш хэзээ ч тайзан дээр гардаггүй. Зөвхөн хувийнхаа бэлтгэлийг ч биш гэрэл, дуу, тайз засал, тухайн шоуны найруулга нь бүхэлдээ ямар байна гэдгийг бүгдийг өөрийн биеэр шалгаж, тэр бүхэн сэтгэлд нь хүрсэн тохиолдолд тайзан дээр гардаг.
-Энэ нь магадгүй хүмүүсийн дургүйг хүргэдэг байх?
-Тийм байж болох юм. Гэхдээ Мэрайгийн өнөөдрийн энэ амжилт ямар ч алдаа гаргалгүй, тэгж нягт нямбай хөдөлмөрлөсний үр дүн гэж би боддог. Тэр бүх зүйлийг төгс байлгах гэж хичээдэг.
-Танай гэрт хэн нь илүү эрх дархтай вэ?
-Мэдээж би…./инээв/ гэхдээ байсан юм. Одоо бол манай хүүхдүүд босс.
Б.Сэвжидмаа