“Амьд домог” хэмээн нэрлүүлэх эрхтэй манай үеийн цөөн алдартнуудын нэг бол яах аргагүй Барбра Стрейзанд билээ. Аль 1960-аад оны эхээр л Броудвейн театрт шуугиулж, 70, 80-аад оны хитүүдийг тэргүүлж од болон гялалзаж явсан энэ эмэгтэйн дуунууд өдгөө дунд үеийхний сайхан дурсамжийг сэргээсэн носталжиа болон үлджээ. Бүх цаг үеийн эмэгтэй дуучдаас цомгоо хамгийн өндөр хувиар борлуулж, кино дэлгэц, тайзын урлагт аль алинд нь өндөр амжилт үзүүлэн Оскар, Грэмми, Эмигийн шагналуудын эзэн болсон тэрээр одоо далайн эрэгт өөрийн “гараар” босгосон байшиндаа даруухан аж төрж байна. Түүнтэй телевизийн хөтлөгч Опра Уинфригийн хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Би тантай ярилцахын өмнө дуунуудыг чинь сонслоо л доо. Тэгээд та бол яах аргагүй манай үеийн домог болсон дуучин юм гэж бодож байлаа.
-Харин би бол өөрийгөө Бруклины охин л гэж боддог шүү.
-Далай руу харсан ийм сайхан байшинд суудаг байж яаж өөрийгөө тэгж төсөөлдөг байна аа?
-Надад хоёр тал байдаг юм. Жишээлбэл, надад ихээхэн хэмжээний мөнгө зарцуулах хэрэг гарлаа гэхэд ямар ч асуудал байхгүй. Тэгсэн атлаа л нөгөө Бруклины зангаараа “хөөх энэ чинь ямар үнэтэй юм бэ” гэж боддог хэвээрээ.
-Гэхдээ таны хоолой энэ дэлхийн хувьд хэр үнэ цэнэтэй болохыг та өөрөө мэддэг гэж найдаж байна?
-60-аад онд ид нэрд гарч байхдаа л би өөрийгөө таны хэлж байгаа шигээр үнэлдэг байлаа. Тэр үед чинь хотын захирагч, мужийн захирагч, сайд гээд л том дарга нараас тасралтгүй захидал ирээд л.
-Харин одоо өөрийгөө тийм алдар хүндтэй гэж бодохоо больсон хэрэг үү?
-Тийм ээ. Өмнө нь би хэдэн сая цомгоо борлуулж, хэдэн удаа шоу тоглолт хийж байсан нь хамаагүй. Одоо бол миний цомог тэгж сайн борлогдохгүй гэдгийг би мэднэ. Би чинь тайзан дээр 40 жил байлаа шүү дээ. Одоо өөр хэн нэгний ээлж. Хэрэв миний шоуг үзэх гэж хэн ч ирэхгүй гэвэл би итгэнэ.
-Үгүй дээ.
-Зүгээр ээ. Би харин ч ийм урт удаан хугацаанд олны хайр хүндэтгэл дор байсандаа талархдаг. 1960 оноос хойш 10 жил тутамд миний цомог ¹1-ээр шалгарч байлаа.
- Та ийм гайхамшигтай хоолойтой гэдгээ хэзээ мэдэрсэн бэ?
-Магадгүй тав, зургаатайдаа байх. Тийм бяцхан охин байхад хөршүүд маань намайг сайхан дуулдаг, эцэггүй хүүхэд гэдгээр нь мэддэг байлаа.
-Таныг аавдаа олон жил гомдож явсан гэдэг юм билээ?
-Гомдож гэж бас хэлж болохгүй. Аавын тухай таагүй сэтгэгдэлтэй байсан нь түр зуурын ухаангүй бодол л төдий зүйл. Учир нь, аав маань намайг дөнгөж ой гарантай байхад нас барсан.
-Ээж тань түүний тухай ярьдаггүй байсан хэрэг үү?
-Үгүй ээ. Бүр хожим би ээжээсээ “Та яагаад аавын тухай надад ярьдаггүй байсан юм бэ” гэж асуухад “Чамайг түүнийг санаасай гэж хүсээгүй юм” гэж хариулсан.
-Ээж тань дахин гэрлэсэн үү?
-Гэрлэсэн. Гэхдээ хойд аав маань надад дургүй байсан. Магадгүй өөрөө гурван хүүхэдтэй болохоороо хүний хүүхдэд дургүй байсан ч байж болох. Би түүнийг ааваа гэж дуудах гэж хичээж, шөнө ирэхэд нь гэрийн шаахайг нь авч өгдөг байлаа. Гэхдээ л түүнийг зурагт үзэж байхад нь би хажуугаар нь бөртөлзөж ч чаддаггүй хэвээрээ өссөн.
-Таныг зөн билэгтнээр дамжуулж эцгийнхээ сүнстэй холбогдсон гэж ярихыг сонссон.
-Тэгсэн. Ах маань тийм зөн билэгтэй хүнтэй уулзаад аавын сүнсийг дуудсан гэж надад ярьсан юм. Би харин өөрийн нүдээр үзэхээр шийдсэн. Би анх удаа эцгийнхээ шарил дээр очиж үзсэний дараа тэр зөн билэгтэнтэй уулзсан юм. Тэр бидэнд үсэгнүүд өгөөд, хэрэв тэр үсэгнээс зөвийг нь сонговол ширээ дээш өргөгдөөд тэр үсэгнүүд хөдөлж үг бүтдэг юм байна билээ. Би хамгийн анх М үсэг сонгосон. Тэгтэл ширээ дээш өргөгдөөд Мэнни гэдэг нэр гарч ирсэн. Тэр бол аавын маань хоч. Тэгээд дараа нь Барбра гэдэг миний нэр гарч ирсэн. Тэгээд хамгийн сүүлд нь “Уучлаарай” гэдэг үгийг тэр надад хэлсэн. Аав минь охиныхоо яаж амьдрахыг харж чадаагүйдээ харамсаад тэгж хэлсэн гэж би боддог.
Тэндээс буцаад онгоцонд сууж явахдаа аавынхаа докторын судалгааны ажлыг уншиж байгаад нэг сонин зүйл олж мэдсэн. Аав маань шоронгийн хоригдлуудад англи хэл хэрхэн заах аргыг судалж л дээ. Тэр судалгаандаа Ибсен, Шекспир, Чеховын тухай магтаж бичээд, хоригдлуудад тэднийг уншуулах хэрэгтэй гэж бичсэн байлаа. Гайхалтай нь яг энэ суут хүмүүсийн жүжигт тоглохыг би багаасаа хүсдэг байсан юм.
Тэр явдлын дараа ах маань аавын шарилын зургийг надад илгээхэд түүнийг яг хажуу талын шарил Анчел гэдэг хүнийх байсныг анзаарсан. Яг тэр үед би Ентл гэдэг киноны Анчел гэдэг дүрд тоглох эсэхээ шийдэж чадахгүй эргэлзэж байсан юм. Харин үүнийг хараад би шууд л зөвшөөрсөн.
-Аав гэдэг хүн таны амьдралд таагүй дурсамж үлдээж. Тэгвэл ээжийн тухайд?
-Намайг “Funny Girl” мюзиклд тоглоод ид алдаршиж байсан нэг зул сараар ээж маань учиргүй уйлж билээ. Тэр “Яагаад Барбра энэ бүх бэлгийг авч байгаа юм. Миний бэлэг хаана байна” гээд л уйлсан. Тэгэхэд л би түүнийг алдартай дуучин болохыг хүсдэг байсныг мэдсэн юм. Ээж маань маш сайхан тунгалаг сопрано хоолойтой хүн байсан юм. Гэхдээ тэр намайг жүжигчин болохыг эсэргүүцдэг, хэзээ ч үүнд итгэдэггүй байсан. Тийм ч болохоор өөр шигээ сургуулийн нарийн бичиг болгох бодолтой байсан шүү.
-Барбра Стрейзанд нарийн бичиг болно гэнээ. Юутай эмгэнэл болох байж вэ?
-Сургуульд ажиллавал зун нь амарсан ч цалинтай гээд л ээж ухуулдаг байлаа. Гэхдээ миний хувь тавилан өөр гэдгийг би багаасаа мэддэг байсан юм.
-Та их этгээд зантай хүүхэд байсан уу?
-Тийм шүү. Би ер нь их зэрлэг хүүхэд байсан шүү, яг амьтан шиг. Хэзээ ч ширээнд сууж хооллодоггүй. Хүмүүс ширээ тойроод сууж байхад би ганцаараа хоолны савнаас халбагадаад идэж зогсдог байлаа. Би бас 10 настайдаа ээжээсээ тамхи татахыг сурсан.
-Ээж чинь зааж өгсөн гэж үү?
-Яг ч тийм биш. Ээжийгээ дуурайгаад л дээвэр дээр гарч байгаад Полл Моллс татдаг байлаа.
-Тэгээд хэзээ тамхинаас гарсан бэ?
-12-тойдоо.
-Зарим хүнд өөрийнх нь байгаа байдал таалагддаггүй учраас жүжигчин болсон гэж хэлдэг. Харин та?
-Би ч бас яг ийм шалтгаанаар жүжигчин болсон.
-Таныг алдаршуулсан бас нэг зүйл бол Барбра дүр төрхөө хэзээ ч өөрчлөөгүй. Та нэр, зүсээ өөрчлөөгүй, гоо сайхны мэс засал хийлгээгүй.
-Хүмүүс намайг Стрейзанд гэдэг овгоо өөрчлөхийг ятгадаг байсан. Гэхдээ тэгвэл хуурамч сонсогдоно шүү дээ. Харин түүний оронд Барбара гэдэг нэрний дундах эгшгийг гээгээд, зүгээр л Барбра болговол дээр гэж бодсон. Гэхдээ тэр бол 18 насанд болсон явдал. Харин хамарны тухай би өвдөхөөс их айдаг учир хэзээ ч сайн дураараа мэс засалд орохгүй.
-Хэрвээ та өвдөхөөс айдаггүй байсан бол хамраа өөрчлөх байсан уу?
-Үгүй. Би хамартаа сэтгэл хангалуун байдаг. Зарим хүмүүс намайг наад булцруугаа багасгаач гэдэг юм. Харин би булцруундаа дуртай гэж тэдэнд хэлдэг.
-Мэс засал хийлгээгүйд чинь би таны өмнөөс баярлаж байна.
-Тэр тухай төсөөлж ч чадахгүй. Би энэ аймхай зангаасаа болоод саяхныг хүртэл чихээ ч цоолоогүй явсан.
-Та өнгөрсөн амьдралаа хараад ухаантай амьдарсан гэж дүгнэж чадах уу?
-Ухаантай амьдрах гэж хичээдэг боловч би зөндөө алдаж байсан. Би өдөр бүр өмнөх өдрөөсөө илүү сайн хүн байх гэж хичээдэг. Гэвч тийм ч амжилттай байгаагүй.
-Хүмүүс таныг “дива” гэж тодорхойлдог. Үнэнийг хэлэхэд, энэ үг ямар утгатай болохыг би мэддэггүй. Харин таныхаар дива гэж хэн бэ?
-Би бодохдоо үзэгчид надаас шаардаж буй зүйлээ л ингэж илэрхийлж байгаа хэрэг гэж боддог.
-Харин та дива мөн үү?
-Дива гэдэг надаас хавьгүй том хүмүүсийг илэрхийлдэг үг. Хэрэв та миний концертны зар сурталчилгааг үзсэн бол сүүдэр нь хүнээсээ том байдгийг анзаарсан байх.
-Та өөрийнхөө дуунуудыг сонсдог уу?
-Хэзээ ч үгүй. Бүр сүүлд хуучин дуунуудаа сэргээж бичүүлэх хэрэг гараад хэдхэн дууг сонсож үзсэн.
-Үнэнийг хэлэхэд та тайзан дээр тийм ч жаргалтай харагддаггүй.
-Би гайхдаг. Хүмүүс яагаад намайг дуутай гэрлэсэн юм шиг бодож, дуулах үедээ заавал жаргалтай байх ёстой гэж боддог юм бол гэж. Аялан тоглолтын хамгийн сүүлчийн өдөр л би жаргалтай байдаг.
-Таны амьдралын багагүй хугацаа аялан тоглолтын замд өнгөрсөн байх тийм үү?
-Би тийм ч олон удаа концерт тоглож байгаагүй. Карьерийнхаа туршид би Америкийн тоотой хэдэн хотод, хилийн чанадад ердөө гурван удаа л тоглож байсан. U2, Мадонна зэрэг хамтлаг дуучин бараг бүх дэлхийг тойрсон байх. Харин би тэднээс бага ажилладаг.
-Таны тухай хэвлэлүүдэд гарч байсан мэдээллээс хамгийн таагүй нь ямар мэдээ байсан бэ?
-Тэнэг зүйлс их л гардаг. Нэг сонинд намайг хөгжимчидтэй ажиллахдаа хэрэв нэг л нот алдах юм бол шууд халдаг гэж бичсэн байсан. Шал утгагүй юм. Дива нар л ийм зан гаргадаг байх. Харин би бол жирийн л хүн. Би тэгээд өөрөө дуулж байхдаа өнгө алдлаа гэхэд өөрийгөө халах уу.
-Нөхрийнхөө тухай яриач. Түүнтэй яаж танилцсан бэ?
-Жимтэй танилцахын өмнөхөн би нэг супермаркетад тооцоо хийж байхдаа дэлгэсэн бөөн сонин дотор нэгэн зурхайд манай ордныхныг хүнтэй гэрлэнэ гээд бичсэн байхыг олж харсан юм. Тэр үед солиотой юм гэж бодоод л өнгөрч билээ.
-Энэ арваад жилийн өмнөх явдал уу?
-Тийм. Яг тэр зурхайг уншсан жил би Жимтэй танилцсан. Бид хоёр танилцсан нь сохор болзоо л байсан юм. Би нэг үдэшлэгт түүнийг анх харсан. Тэр үсээ хусуулчихсан, халзан толгойтой, үнэндээ тийм ч сайхан харагдаагүй. Би тэсэлгүй “Залуу минь чиний үсийг хэн хусчихаав?” гэж асуусан. Харин миний тэгж шуудхан хэлсэн нь түүнд таалагдаж, надад дурласан гэж хэлдэг.
-Харин одоо бол зүс царай нь танд таалагдаж байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Нөхөр маань их нээлттэй, харилцахад амар хүн. Тэр лав 100 наслах байх./инээв/
-Таны амьдралд одоо хамгийн чухал зүйл юу вэ?
-Хүүгийн маань аз жаргал, нөхөр, найз нөхөдтэйгөө харилцах харилцаа, амар амгалан амьдрал миний хувьд хамгийн чухал.