Хаа газарт шинэ жилээ хэрхэн угтана, тэр жилийнхээ туршид тийм л байна гэсэн үг байдаг. Монголчууд ч гэсэн цагаан сарын шинийн нэгэнд ямар байна, тэр жил тийм байна гэцгээн бэлтгэдэг.
Тэгэхээр бүтэн жилийг сайн сайхан байлгахын тулд мэдээж он солигдох тэр мөчид сайн сайхан, өөдрөг байх хэрэгтэй болох нь. Шинэ жил болохын өмнөхөн хэн нэгэнд мөнгө төгрөг өгөх хэрэггүй. Бүтэн жилийн туршид л бусдад мөнгө өгөх нь байна шүү дээ. Харин сайн сайхан хүнтэй уулзаж учирвал жилийн турш тийм л хүмүүстэй уулзаж сайхан учралаар дүүрэн байх нь.
Та шинэ жилээ угтаж шинэ сайхан хувцас авч өмссөн бол бүтэн жилийн турш хувцас хунараар элбэг дэлбэг, сайхан байна. Ширээн дээр чинь идээ ундаа элбэг бол ирж байгаа тэр жилдээ хүнс хоолоор элбэг хангалуун байна гэсэн үг. Оросууд бол ширээн дээрээ талх давстай угтах дуртай. Ер үндэстэн бүр л өөр өөрийн үндэсний хоолоор элбэг байхыг боддог л доо. Хэн нэгэнд өртэй бол шинэ он гарахын өмнөхөн төлөөд хэрэггүй. Жилийн турш өр тавьж, түүнээ төлж явах тийм ч сайхан биш шүү дээ. Мэдээж он гарахын өмнөхөн сүүлчийн хундгаа шавхвал тэр жилжингээ л хатуу ундаагаар элбэг байна гэсэн үг.
Шинэ жилийн өдөр халаасандаа мөнгөгүй яваад бас хэрэггүй дээ, жилийн турш л халаас чинь хоосон байхын нэмэр. Баярын өдрүүдээр гэр орон, ажил төрөл дээрээ маргалдаад яахав, хэл ам тасрахгүй жил болно.
Арилжаа наймааны хүмүүс бол оны эхний өдөр хамгийн эхний үйлчлүүлэгчдээ юуг ч гэсэн хямдхан өгөөд түргэн шуурхай үйлчлээрэй. Жилийн туршид наймаа арилжаа чинь амжилттай байх болно шүү.
Оны эхний өдөр хүндхэн даалгавар авч хийвэл тэр жилжингээ л амралт чөлөө завгүй хөдөлмөрлөхийн цондон.
Ер нь ирэх ондоо бүтэн жилийн турш гэр хотлоороо ямаршуухан байх, ажил үйл чинь ямар байхыг бодож байна, он солигдох тэр мөчид тийм л байж угтах хэрэгтэй гэнэ.
Шинэ оноо сайхан угтаж, ирж байгаа жилдээ аз жаргалаар бялхаж явах болтугай. Сайхан баярлаарай.