Америкийн HBO телевизийн цуврал “Sex and the City” кино 2000 оны эхээр дэлхий даяар шуугиан тарьж байсан шигээ хоёр жилийн өмнө уран сайхны кино хэлбэрээр гарч үзэгчдийг хуйлруулсан. Нью-Йорк хотод амьдардаг, 30 гарч яваа, ганц бие дөрвөн найз бүсгүйн амьдралыг харуулсан энэ цуврал эмэгтэйчүүдийн жинхэнэ эрх чөлөөг тунхагласан гэдгээрээ анх 1998 онд гарч эхлэхдээ л олны сонирхлыг маш их татаж байсан юм. 94 ангитай энэ цувралд эмэгтэйчүүдийн хамгийн эмзэг нандин сэдвүүдийг хөгжилтэй маягаар хөндөхийн хажуугаар их хотын бүсгүйчүүдийн орчин үеийн, хээнцэр дэгжин хувцаслалтын үлгэр жишээ болж байснаараа бусдаас ялгардаг. Киноны гол дүр болсон дөрвөн найз бүсгүй Керри, Миранда,Саманта, Шарлотын дөрвөн өөр ертөнцөөр аялахад... Тэд киноныхоо мөнхийн сэдэв болсон хайр дурлал, гэр бүл, их хотын амьдрал, найз нөхдийн талаар ямар бодолтой явдаг бол?
Керри Бродшоу шиг Нью-Йоркоос хайр дурлалыг эрж хайсан бүсгүйн дүр өөр аль ч кинонд давтагдахгүй биз ээ. Энэ зохиолч бүсгүй нийтлэлээ бичихдээ өөрт болоод өөрийн найзуудад тохиолдсон энгийн мэт үйл явдлыг хүний сэтгэлд хүрсэн бүтээл болгож чаддаг авьяаслаг мэргэжилтэн. Сэтгэл зүйн хамаарлаас сексийн эрх чөлөө хүртэл олон янзын сэдвээр бичиж, эрэгтэй эмэгтэй хүний харилцааны талаар хэнээс ч илүү мэдлэгтэй болохдоо ч тэр хэзээ нэгэн цагт жинхэнэ хайраа олно гэж итгэсээр явдаг.
Би Нью-Йоркоос өөр хаана ч амьдарч үзээгүй. Зүгээр л энэ хотын хэмнэлээс холдож чаддаггүй юм. Манхаттэн дэх гэртээ очихоор нэг л орон зайгүй юм шиг санагддаг. Уг нь тэндэхийн байшин маань Нью-Йоркийнхоос илүү том л доо. Гэвч би эндээс нүүж чаддаггүй. Би Нью-Йоркт хайртай.
Сара Жессика Паркер “Sex and the City” киноны гол дүр Кэрри Бродшоугийн дүрээр алдар нэр, амжилтад хүрсэн. Телевизийн цуврал байсан энэ кино хэдхэн сарын өмнө бүрэн хэмжээний уран сайхны кино болон үзэгчдэд хүрэх үед Сара киноныхоо Кэригийн дүрд илүү ойртсон мэт санагдсан гэдэг. Жүжигчин Мэттью Бродериктэй ханилж, гурван хүүхдийн ээж болсон амьдралаараа бахархдаг тэрээр гэр бүлийн завгүй амьдралаа жүжигчний цаг их шаардсан карьертайгаа хослуулж явна. Гэхдээ түүний хувьд юу хамгийн чухал болохыг тэр мэднэ. Тэр бол гэр бүл. Сара хэлэхдээ “Дэлгүүрээс хүнсээ цуглуулж, гэрийнхнийгээ гарынхаа хоолоор дайлж, ихрүүдээ унтуулж, хүүгээ сургуульд явахад нь бэлтгэх гээд эмэгтэй хүн бүрийн хийдэг эгэл жирийн бүхэнд би дуртай” гэдэг.
Тэрээр кинон дээр олон ч янзын залуутай болзож, хайрлаж дурлаж жүжиглэдэг ч нөхөр нь түүнийг хэзээ ч хардаж байгаагүй гэнэ. Учир нь, түүний нөхөр ч бас жүжигчин учраас тэд мэргэжлийн онцлогоороо бие биенээ илүү сайн ойлгодог ажээ.
Сара гэр бүлийн амьдрал зохиогоод багагүй хугацааг туулсан ч нөхрийнхөө тухай бүхнийг мэдэх гэж яардаггүй. Тэрээр хос хоёрын харилцаанд ямар нэг нууц байх нь илүү сонирхолтой гэж үздэг учраас яг л шинэхэн хосууд шиг зарим зүйлийг нь мэдэхгүй байх нь дээр гэж үздэг.
“Sex and the City” киноны дөрвөн найз бүсгүйг холбож байдаг гол хүн нь болох Сара бодит байдалд ч найз нөхдийг амьдралынхаа чухал хэсэгт тооцдог. Тэрээр хичнээн цаг завгүй байлаа ч гэсэн хамгийн сайн найздаа зориуд сэтгэлээ гаргаж, утсаар ярьж эсвэл мэйл бичиж байх хэрэгтэй гэж зөвлөж байна. Би завгүй гээд холбоогоо таслалгүй, найз нөхөрлөлөө үргэлж тэтгэж байх хэрэгтэй гэж тэр үздэг.
Миранда бол ухаантай, өөртөө итгэлтэй, ажилдаа олсон амжилтаараа бахархдаг эмэгтэй. Тэрээр хуулийн фирмд хамт ажилладаг залуутайгаа хайр сэтгэлийн холбоотой болж, удаан хугацаанд хамт амьдарсан ч бүхнийг дотроо хадгалдаг зангаараа гомдол бухимдлаа тээж явсаар эцэст нь тэр бүхнээ нурааж орхидог. Гэвч санамсаргүй олсон хүүхэд нь түүнд хайр сэтгэл, гэр бүлийн амьдралыг нь буцаан авчирна.
Манай кино эмэгтэйчүүдийн эрх чөлөөг магтан дуулсан хэдий ч хэзээ ч тэднийг “карьераа хөөх нь зөв”, эсвэл “гэр бүлтэй л болох хэрэгтэй” гэдэг аль нэг санаанд уриалан дуудаагүйгээрээ бахархдаг. Зүгээр л энэ дөрвөн бүсгүйн амьдрал, тэдэнд тохиолдсон явдлаас амьдралыг бүхлээр нь харж, өөрт чинь чухам юу хэрэгтэй байгааг ойлгоосой гэж Миранда буюу жүжигчин Синтиа Никсон ярьсан юм.
Синтиа “Sex and the City 2” кинонд тоглож байхдаа хувийн амьдралдаа ч асуудал бэрхшээл, үйл явдлаар дүүрэн байжээ. Тэрээр хөхний хорт хавдраа эмчлүүлж эдгээж чадсаны дээр лесби гэдгээ зарлаж, найз бүсгүйтэйгээ хамтран амьдарч буйгаа олон нийтэд мэдэгдсэн юм. Одоо тэрээр найз бүсгүйтэйгээ сүй тавьсан бөгөөд хамтдаа хоёр хүүхэд өргөн авч, хэзээ нэгэн цагт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсоор хүлээн зөвшөөрөх цаг ирнэ байх хэмээн итгэж найдан суугаа.
Синтиа Никсоноос “Sex and the City” кинонд тоглосноор амьдралд нь ямар өөрчлөлт гарсныг асуухад “Нэг их өөрчлөгдсөн мэдрэмж төрөхгүй байна.Магадгүй би бага зэрэг хөгширч, илүү ухаан суусан нь л өөрчлөлт байх” гэсэн юм. Тэрээр хос хоёрын харилцааны тухайд өөр бусад асуудлыг үл харгалзан зөвхөн хоёр биендээ цаг зав гаргахыг зөвлөж байна. “Өө би их ажилтай”, “Энэ хүүхдүүд тайван байлгахгүй юм” гээд л байвал гэр бүлийн амьдрал нурахад ойрхон болно. Тиймээс зөвхөн хоёр биендээ цаг зав гаргаж, бас хайртай хүнийхээ сонирхлыг өөрийнх мэт бодож байвал хосууд жаргалтай байж чадна гэж тэр боддог.
Харин найзуудын тухайд тэрээр нөхөрлөлд тэвчээр их шаардагддаг гэж үздэг. Хэрэв найз чинь чамд сэтгэл бухимдлаа илэрхийллээ гэхэд тэр үед нь чи чимээгүй, тайван яваад өгвөл дараа нь тэд чамд баярлах болно гэж Синтиа хэлсэн юм.
Хурим хийх мөрөөдлөө март гэсэн уриатай Саманта бол PR-ын чадварлаг мэргэжилтэн. Тэрээр хүссэн бүхнээ авч чаддаг. Дизайнерын хувцсаар гангарч, хамгийн тансаг зоогийн газарт хооллож, ойр орчинд байгаа хамгийн сайхан залуугийн нүдийг өөр дээрээ унагаж чаддаг.
“Манай кино олон мянган эмэгтэйд ганц бие байх нь эсвэл гэр бүлтэй байх нь ямар болохыг харуулж чадсанаараа тус болсон гэж боддог. Энэ бол манай өнөөгийн нийгэмд маш чухал сэдэв. Бид кинонд бүтээсэн дүрээрээ амжилттай, ухаалаг, бас эмэгтэйлэг байдлаа авч үлдэж чадсан жинхэнэ бүсгүйчүүдийн дүрийг тодорхойлж чадсан” гэж тэрээр бахархан ярих дуртай.
“Sex and the City” киноны хамгийн тачаангуй дүр болох Самантагийн эротик хэсэгт тоглохдоо 54 настай Ким Кэттрэл хэзээ ч нүүр улайж, сандарч тэвддэггүй. Учир нь, тэрээр иймэрхүү ил задгай дүрд өмнө нь хэд хэдэн ч удаа тоглож байсан туршлагатай. Тэрээр одоо тоглож байгаа кинондоо ч 17-той залуу хүүтэй учир ургуулсан 50 гаруй насны порно одын дүрийг бүтээж байгаа гэнэ.
Тэрээр киноныхоо өргөн дэлгэцийн хувилбарт тоглохдоо ч 50 гарч, цэвэрших шатандаа орсон хэдий ч сэтгэлээрээ үргэлж залуу эмэгтэйн дүрийг чадварлаг бүтээсэн юм. Ким Кэттрэл киноныхоо Самантагийн дүрд маш их хайртай гэсэн. Учир нь, Саманта бол өөртөө үнэнч, хэзээ ч өөр бусдаас айдаггүй эмэгтэй.
Найз бүсгүйчүүд түүний амьдралд ямар байр суурьтай болохыг асуухад “Би яг одоогоор ганц бие эмэгтэй. Ганц бие байгаа үед хүн маш их ганцаарддаг шүү дээ. Ийм л үед хэзээ ч хамаагүй утасдах найзуудтай байгаа нь ямар сайхан хэрэг вэ гэж боддог шүү. Найзууд гэдэг хүнд хэцүү цаг үед ч, жаргалтай сайхан үед ч хамт байдаг хүмүүс биз дээ” гэсэн юм.
“Sex and the City”-ийн бүсгүйчүүд дундаа эрчүүдийг бээлий шиг сольдгоороо алдартай Саманта амьдрал дээрээ эрчүүдийн тухай юу ч мэдэхгүй гэнэ. Тэрээр эрчүүд бол урьдчилан таамаглахын аргагүй, нууц хэвээр үлдсэн хүмүүс гэж ярьдаг.
Шарлот бол дуусашгүй романтик мөрөөдөлтэй нэгэн. Бүх зүйлийг төгс сайхан байлгахыг хүсдэг тэрээр найз бүсгүйчүүд дундаасаа гэр бүлийн амьдралд хамгийн их дуртай. Цагаан морьтой ханхүү гэдэг шиг баян чинээлэг, царайлаг, элит нөхөртэй болохыг хэзээнээс хүсч ирсэн тэрээр мөрөөдөлдөө хөтлөгдөн бусдаасаа түрүүлж хүнтэй суусан. Харин түүний амьдрал хүссэнээс нь тэс өөр байв. Гэвч Шарлот Нью-Йоркийн бүсгүй болохоо баталж, мөрөөдөж байсан амьдралаа босгохын төлөө тэмцэнэ.
Тэрээр даруу төлөв бүсгүйн дүрээр дэлгэцэнд гардагтайгаа адил амьдрал дээрээ ч бүрэг ичимхий хүн. Хэдийгээр 10 наснаасаа хойш кино, жүжигт тоглож эхэлсэн ч тэрээр баригдмал байдлаасаа гарч сураагүй юм. Бүр “Sex and the City” кинонд тоглосны дараа хүртэл шүү.
Кристин Дэвисийн төлөв төвшин төрхийн ард нэг айхтар дутагдал нуугдаж байдаг. Тэрээр бүр өсвөр наснаасаа согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн бөгөөд хэдэн жилийн өмнө архинд орж, эмчилгээнд хүртэл явж байжээ. Кристин архинд донтох болсон шалтгаанаа ичимхий бүрэг байдлаасаа гарахын тулд гэж тайлбарласан.
Тэрээр амьдралд эрт хөл тавьсан болохоор 30 гарч, хөгшрөх тухай төсөөлж ч чаддаггүй байсан гэдэг. Учир нь, архинаас гарах итгэл найдвар нь нурчихаад байх үед хэзээ нэгэн цагт согтуу явж байгаад машины осолд орох вий гэж ихэд айдаг байжээ. Харин одоо энэ бүхэн ард хоцорч, тэрээр шинэ амьдралаа эхлүүлжээ.
Кристин киноныхоо найз бүсгүйчүүд дундаас Саратай хамгийн ойр дотно байдаг гэнэ. Харин нөгөө хоёрын хувьд Ким Кэттрэл Лондонд ихэнх цагаа өнгөрүүлдэг учир тэр бүр уулзаад байж чаддаггүй, Синтиа ч бас хол амьдардаг болохоор ойр байх боломж олддоггүй гэнэ.