Зул сараар хүслийг биелүүлэгч Санта өвөө ирдэг хэмээн хүүхэд багачууд итгэдэг. Тиймдээ ч жил бүр Санта өвөөд захидал бичих бяцхан үрсийн тоо буурахгүй, шуудангийнхныг ачааллаар дарсаар л. Тэгвэл бяцхан хүүхдүүд маань өвлийн өвгөнөөс юуг хамгийн их хүсдэг бол.
Британийн эцэг эхчүүдийн дунд явуулсан санал асуулгаар хүүхдүүд нь Сантад бичсэн захидалдаа юу авахыг хамгийн их хүсч байгааг тодруулжээ. Ингэхэд ихэнх хүүхэд дүүтэй болохыг хамгаас их хүсч байгаагаа бичсэн байна. Тэд зул сараар хөөрхөн бяцхан дүү өгөхийг Сантагаас хамгийн их хүссэн бол түүний араас жинхэнэ цаа бугатай болмоор байна гэж хүсчээ. Хэрэв англи жаалуудыг Монголд авчирвал олон хүүхдийн хүслийг биелүүлж, цаа бугыг харуулж болох юм. Тэгвэл хүүхдүүдийн хамгийн хүсдэг зүйлсийн жагсаалтын гуравдугаарт өөрийн гэсэн бяцхан морьтой болох мөрөөдөл оржээ. Тэдний энэ мөрөөдлийг ч манай Монголд хангалттай биелүүлж болох юм байна. Мэдээж хүүхэд бүрийн дуртай машин тоглоом жагсаалтын дөрөвт бичигдсэн байна.
Энэ мэтчилэн хүүхдүүд өөрсдийн дуртай тоглоом, янз бүрийн гэрийн тэжээвэр амьтантай болохыг, мөн зул сараар цас орохыг, арай жаахан хэрсүү жаалууд нь байшинтай болгож өгөхийг Сантагаас хүссэнээс гадна аавыг нь зул сараар авчирч өгөхийг маш олон хүүхэд өвлийн өвгөнөөс гуйжээ. Зул сарын хамгийн эрэлттэй бэлгийн 10-дугаарт “аав нар” орсон байна. Тэгэхээр аавууд хүүхдүүдийнхээ хажууд байх нь тэдэнд юунаас илүү хамгийн сайхан бэлэг болох нь байна шүү. Хүүхдийн гэнэн сайхан сэтгэлийг илтгэсэн эдгээр хүсэлтүүдээс гадна ганц нэг хүүхэд Холливудын од Эва Лонгория, “One Direction” хамтлагийн Харри Стайлисыг авахыг хүсч байгаагаа хүртэл Сантад захьсан байна.