Шинэ жил дөхөөд ирэхээр хүн бүр л гоёлын даашинз, костюмны эрэлд гардаг. Гэвч шинэ жилийн гоёл үүгээр дуусахгүй. Сүүлийн үед шинэ жилээр “заавал” өмсөх ёстой болоод байгаа нэг гоёлын тоо нэмэгдсэн нь зул сарыг санагдуулам нэхмэл цамцнууд. Цаа бугтай, эсвэл цасан ширхэгтэй, бүр Санта өвөөтэй гээд шинэ жилийг санагдуулах зузаан ноосон цамцнууд өвлийн тачигнасан хүйтэнд болдог шинэ жилийн баярын салшгүй нэг гоёл болжээ. Одоогоос хэдэн жилийн өмнө бол дизайнеруудын хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөмгүй, “тэнэг” хэмээн ад үзэгддэг байсан энэ зул сарын цамцнууд сүүлийн жилүүдэд моод болсноор ийм цамц өмссөн хүн харин ч “күүл” харагддаг болсныг загварын мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна.
Үүний нэг илрэл бол “Ralph Lauren”, “Stella McCartney”, “Urban outfitters”, “Topshop” зэрэг брэндээс гаргасан зул сарын ноосон цамцны бүхэл бүтэн коллекцууд юм. Тэдгээр цамцнууд хэдэн арван доллараас эхлээд 1230 ам.доллар хүртэл үнээр зарагдаж байна. Зул сар ирж буй мэдрүүлэх мэт Жастин Бибер, Тэйлор Свифт, Мэтт Дэмон, Шерил Коул, Кэни Уэст гээд одод хүртэл зул сарын ноосон цамцыг янз янзаар нь өсөх болжээ.
Зул сарын утга бүхий янз бүрийн зурагтай ноосон цамц өмсөх моод Хойд Америкт дэлгэрсэн “Хамгийн тэнэг зул сарын цамц өмсөх үдэшлэг”-ээс эхтэй гэлцдэг. Америк залуучууд зул сараар хэн нь хамгийн тэнэг цамц өмссөнийг шалгаруулах парти хийж, түүнд оролцогчид ээж аавынхаа хуучны хувцсыг онгичиж, хамгийн инээдтэй харагдах цамц сонгож өмсдөг байснаас ийм моод дэлгэрсэн гэнэ.