Монгол Улсын эдийн засаг дунд ба урт хугацаанд өндөр өсөлттэй байх тооцоо, судалгаа бий. Энэ нь уул уурхайн салбартай шууд холбоотой. Тухайлбал, судлаачид 2020 он хүртэл эдийн засгийн өсөлт дунджаар 15 хувиас буурахгүй хэмээж байгаа. Энэ хугацаанд ашигт малтмалын олборлолт, экспорт, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт орох юм. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн.
Иймд нэг хүнд ногдох ДНБ 3000 ам.доллар болжээ. Гэвч инфляц өндөр байсан тул эдийн засгийн өсөлтийн энэ үр ашгийг иргэд хүртэж чадсангүй. Ирэх жилүүдэд инфляц буурчихвал иргэдийн халаасан дахь мөнгө салхинд хийсэхгүй тогтворжих юм. Тэгвэл ирэх жилүүдэд манай улсын нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх төлөв бий.
Зэсийн баяжмалын үйлдвэрлэл ирэх онд долоон мянган тоннд хүрнэ. Харин ирэх гурав, дөрвөн жилд 1.5 сая тонн болох бололцоотой төлөв гарч буй. Төмрийн хүдэр, баяжмалын экспорт бас нэмэгдэх нь. Жишээлбэл, 2015 он гэхэд 13 сая тоннд хүрнэ гэсэн судалгаа гарчээ. Экспорт, орлого нь өсөх бас нэг ашигт малтмал бол нүүрс. Одоогоор нэг тонн нүүрсний үнэ хямдарч байгаа ч дэлхийн эдийн засаг сэргэхээр дахин өсөх таамаглал шинжээчид хийж байгаа. Учир нь, хямрал арилахаар ган, авто машин, барилга гээд бүхий үйлдвэрлэл сэргэх тул түүний түүхий эдийг бэлтгэхэд ашигладаг гол түлш нь нүүрс юм. Иймд Монгол Улс ашигт малтмалаа дэлхийн зах зээлд хүргэх төмөр зам, боловсруулах үйлдвэр байгуулах нь хамгийн чухал асуудал болсон. Өнөөдөр авто машинаар ашигт малтмал зөөж экспортолно гэвэл уул уурхайн салбарын олборлолт, хөгжлийн хурдыг гүйцэхгүй. Ингээд төмөр замын тээврийг хөгжүүлэхэд Засгийн газар түлхүү анхаарах боллоо. Тухайлбал, Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулж зэс, төмрийн хүдэр, нефть, нүүрс зэрэг ашиг малтмалаа боловсруулах болсон. Үүнээс гадна эхний ээлжинд Таван толгой-Цагаан суварга-Зүүн баян чиглэлд 400 км, Сайншанд-Баруун- Урт хүртэл 350 км, Баруун-Урт-Хөөтөд 140 км, Хөөт-Чойбалсан хүртэл 150 км төмөр зам тавихаар болсон. Нийтдээ 1040 км төмөр зам тавьж, манай улсын ашигт малтмал ОХУ-ын нутгаар дамжин далайн боомтод хүрнэ. Бүтээн байгуулалтын ажил нь ч эхлээд буй юм. Хоёр дахь ээлжинд 800 орчим км төмөр зам тавина. Үүнд, Нарийнсухайт-Шивээ хүрэн чиглэлд 45.5 км, Ухаа худаг-Гашуунсухайтын хооронд 267 км, Хөөт, Тамсагбулаг-Рашаантад 140 км төмөр зам барина. Ингээд нийт 1800 орчим км төмөр зам тавихад 5.2 тэрбум ам.доллар шаардагдах бөгөөд 2018 онд бүрэн ашиглалтад орох төлөвлөгөө бий. Гуравдугаар үе шатанд, Баруун болон Говийн бүсийг холбож 3600 гаруй км төмөр зам тавих юм. Ийнхүү Монгол Улс хямд, түргэн шуурхай, байгаль орчинд халгүй төмөр замын тээврийн сүлжээтэй болох цаг ойрхон байна.
О.МЭНДСАЙХАН: Экспортод гарсан төмрийн хүдэр 30-70 см зузаан хөлдөж, вагон саатаад байна
Өнөөдөр Замын-Үүд өртөөгөөр чамгүй хэмжээний ашигт малтмал урд хөрш рүү экспортод гарч байна. Гэвч төмрийн хүдрийн тээвэрлэлт саатах болжээ. Ингээд Замын-Үүд өртөөний дарга О.Мэндсайхантай яагаад саатах болсон талаар ярилцлаа.
-Жилд хэдий хэмжээний ашигт малтмал тээвэрлэж байна вэ?
-Энэ онд 8.6 сая тонн ачаа Хятад руу гаргах төлөвлөгөө бий. Үүний дийлэнх нь ашигт малтмал. Өнөөдөр Хятадын Эрээний чиглэлд гарч байгаа нийт ачааны 70-80 хувь нь төмрийн хүдэр. Хоногт 260 орчим тонн төмрийн хүдэр урд хөршид экспортолж байгаа. “Болд төмөр Ерөө гол” компани өөрийн эзэмшлийн 3000 вагонтой. Гэвч одоогоор урд хөршид төмрийн хүдэр ачиж орсон вагон нь саатаж байгаа.
-Юунаас болж ингээд саатдаг юм бол?
-Эрээний өртөөнд төмрийн хүдэр буулгах зай талбайгүй болсон. Нөгөө талаар, их хүйтэрч буй тул ачсан төмрийн хүдэр нь хөлдөж буулгахад хүндрэлтэй байгаа юм. Иймээс өдөрт 108 вагон л ачиж байна. Монголоос зэс, цайрын баяжмал экспортод гардаг. Эдгээр ашигт малтмал том уутанд савалсан байдаг. Үүнийг урд хөршид буулгахдаа ачаа буулгах талбайдаа битүү зулаад хураачихдаг юм. Нэг жишээ дурдахад, энэ сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар Эрээний өртөөн дээр 314 вагонд ачсан төмрийн хүдэр хөлдөөд саатсан. 30-70 см хүртэл зузаан хөлдсөн юм. Төмрийн хүдэр хүнд жинтэй тул нэг вагоны гуравны нэг хэсэгт нь ачигддаг.
-Тэгэхээр вагон ингэж саатаснаас Монголын талд ямар хохирол учирч байгаа вэ?
-Үүнээс шалтгаалаад манайхаас хоногт явах галт тэрэгний тоо буурсан. Урьд нь өдөрт 10 гаруй явдаг байсан бол одоо найм болсон. Тэгэхээр манайх хоногт 100 гаруй вагон ачаа тээвэрлэх боломжоо алдаж байна гэсэн үг. Нэг вагон гурав хоногт нэг сая төгрөгийн орлого олох ёстой. Тэгэхээр нэг вагоныг хугацаанд нь зам дээр тавьж өгөөгүйгээс дээрх хэмжээний орлого алддаг гэж болно. Төмрийн хүдэр болон уул уурхайн ачааг илүү үнэтэй тээвэрлэж байгаа. Харин хүнсний болон гол нэрийн барааг аль болох хямд тээвэрлэхийг зорьж байна. Нэг вагон хүнсний болон гол нэрийн барааг Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээхэд 800 мянган төгрөг. Энэ нь 64 тонн байдаг.
-Одоо тэгээд ямар арга хэмжээ авч байна вэ. Вагон ингэж саатахаар Хятадын тал ямар нэг төлбөр төлөх үү?
-Эрээний өртөө Хөх хотийн төмөр замд харьяалагддаг. Бид тус төмөр зам болон Зам тээврийн яаманд хандаж энэ вагон саатаж буй асуудалд анхаарахыг уламжлаад байгаа. Швейцар франкаар тооцож тодорхой хэмжээний төлбөр төлнө л дөө. Хятадын вагон ч манайд ирээд саатахад эхний гурав хоногт 12 швейцар франк төлдөг.
-Ашигт малтмалаас өөр ямар бүтээгдэхүүн Замын-Үүд өртөөгөөр дамжин экспортод гардаг вэ?
-Төмрийн хүдэр, зэс, цайр, жоншны баяжмалаас гадна бага хэмжээгээр арьс шир, хаягдал цаас урд хөршд экспортолдог юм. Бас ОХУ-аас транзит ачаа Замын-Үүд өртөөгөөр дамждаг. Үүнд, мод, масло, мазут гээд нефтийн бүтээгдэхүүн ачсан байдаг.
-Өөр ашигт малтмал ачсан вагон саатах тохиолдол гардаг уу?
-Оросын талаас Хятдад ачаатай очсон цистерн вагон бас саатдаг. Яагаад гэвэл, тухайн ачааг хүлээн авагч нь түүнийг тэр дор нь юүлж авах савгүй. Вагоныг агуулах маягаар ашиглаж хүлээлгэдэг тал бий. Манайхаас “Доншен” компани Зүүн-Баянгаас нефть тээвэрлэж байгаа.
-Өөрийн вагонтой хэчнээн аж ахуйн нэгж байдаг юм бол?
-“Монголын төмөр зам” компани нийтдээ ачааны 200 гаруй вагонтой. Тус компани Бор-Өндөрөөс төмрийн хүдэр, жонш тээвэрлэдэг. Дархан нэг, хоёр өртөөнд өдөрт төмрийн хүдэр ачих 100 вагоны захиалгатай байдаг.