Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Биокомбинатад төрөөс вакцинжуулах цаг нь болжээ

Манай улсыг мал аж ахуйн орон гэгддэг. Дотоодынхоо махны хэрэгцээг бүрэн хангаад илүүг нь гадаадын улс орнуудад экспортлох бүрэн боломжтой. Гэтэл манай улсын махыг гадаадынхан амт, чанар сайтай гэж магтдаг хэрнээ, “Монгол малын мах” эрсдэлтэй гээд авдаггүй нь нууц биш. Өөрөөр хэлбэл, манай малыг эрүүл биш гэж үздэгтэй холбоотой. Уг нь, малыг эрүүл мэндийг сахин хамгаалж, малын гаралтай өвчин эмгэгийг эмнэх вакцин, тарилгыг үйлдвэрлэх байгууллага манайд байдаг хэрнээ нэр нь мартагдсан дууль болчихоод байгаа. Дарга, цэргээ солих болохоороо л нэрээ дуурсгадаг энэхүү байгууллага бол Биокомбинат гэх нүсэр том байгууллага. Тус үйлдвэрийн тухайд 1923 онд байгуулагдаж 1973 онд БНУУ-ын тусламжаар бүрэн шинэчлэгдэж 1990 он хүртэл Унгар-Монголын хамтарсан үйлдвэрийн хэлбэрээр ажиллаж иржээ. Гэсэн ч өнөөдөр энэ байгууллагад тоног төхөөрөмжийн шинэчлэл, сайд дарга нарын сэтгэл хэрэгтэй болжээ. Ингэж хэлдэгийн учир өмнө нь энэ салбарыг хариуцаж байсан сайд дарга нар нь ийм байгууллага байгаа, үгүй ч бодохоо байж. Тэгвэл ҮХАА-ын сайд Х.Баттулга болон дэд сайд Ц.Туваан, Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр 260 гаруй  ажилтантайгаа үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мал амьтанд тохиолддог гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, оношилгооны бэлдмэл зэрэг 70 нэр төрлийн бэлдмэлийг ҮХААЯ-ны захиалгаар үйлдвэрлэж орон нутгийн мал эмнэлийн байгууллагуудад нийлүүлж дотоодынхоо хэрэгцээний 90 гаруй хувийг хангадаг байна. Салбарын сайд үйлвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр Мал эмнэлгийн үржлийн газрын дарга З.Батсүх “Хөдөө аж ахуйн салбарын амин чухал салбарт зоригтой хөрөнгө оруулж шинэчлэл хийх хэрэгтэй байна. Орчин үеийнхээ шаардлагыг хангаж чадахаа байлаа. Өнөөдөр зөвхөн монголдоо махаа байлгах биш гадаадад руу экспортод гаргах шаардлага байна. Харин энэ шаардлагыг биелүүлэхийн тулд орчин үеийн биологийн лаборатори байгуулах хэрэгтэй. Энэ байдлаараа бид хэдхэн жилиийн “настай”. Гэхдээ тэр үед цаашаа сэхэх боломжгүй болох эрсдэл бий” гэдгийг хэлж байв. Харин малыг эрүүлжүүлэх вакцин үйлдвэрлэдэг энэ байгууллагад төрөөс вакцин тарих хэрэгтэй болсныг салбарын сайд Х.Баттулга онцолсон юм. Тэрээр, “Мах эрүүл байх нь вакцинаас хамаарна. Вакцины үйлдвэр аль далаад оныхоор байна гэдгийг л харлаа. Ажиллагсадтай нь уулзаж ярилцлаа. Хамгийн түрүүнд анхааралдаа авах салбар гэдгийг ойлголоо. Энэ үйлдвэрийн үйл ажиллагаа сайн байвал малын арьс, мах, үс ноос эрүүл сайхан байна. Үйлдвэрийг шинэчлэх талаар судалгаа хийнэ” гэв.  Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар Мал эмнэлгийн зориулалттай биобэлдмэл нийлүүлэх гэрээгээр өнгөрсөн онд дөрвөн тэрбум 40 сая 189,8 мянган төгрөгийн 2012 онд 5 тэрбум 345 сая 903,8 мянган төгрөгийн бэлдмэлийг орон нутагт нийлүүлжээ. Харин ирэх онд 5 тэрбум 655 мянга 115 мянган төгрөгийн биобэлдмэл худалдан авч халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
 
Б.Дуламсүрэн: Манай үйлдвэрт техникийн шинэчлэл хэрэгтэй байна

Энэ үеэр тус үйлдвэрийн Үйлдвэр технологийн албаны дарга Б.Дуламсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Яг өнөөдрийн байдлаар танай үйлдвэрт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?|
-Үйлдвэрийн бүх ажиллагаа нь гараар явагддаг. 1973 оноос хойш үйлдвэрийн байр технологи шинэчлэгдээгүй. Иймээс орчин үеийн шаардлагад нийлүүлэх хэрэгтэй байна.  Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүний манай орны 40 гаруй сая малыг халдварт өвчнөөс хамгаалж  экспортын бүтээгдэхүүнийг орлож байна. Одоогийн ажиллаж байгаагаас илүү ажиллах боломж үйлдвэрт хангалттай бий. Шүлхийгээс бусад бүх төрлийн халдварт өвчний эсрэг бэлдмэлийг бид үйлдвэрлэж байгаа.
-Хүчин чадлаараа ажиллах гэхээр техникийн тоног төхөөрөмж саад болж байна уу. Хэрэв хүчин чадлаараа ажиллавал дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж чадах уу?
-Бид улсын захиалгаар захиалсан тоо хэмжээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ гоц халдварт өвчин гарсан үед нэмэлтээр үйлдвэрлэдэг. Хүний нөөц тоног төхөөрөмжийн хүрэлцээ  хангалттай бий. Үйлдвэр технологийн алба 160 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байгаа. Дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж бололцоотой.
-Үйдвэрийн технологийг шинэчлэх хэрэгтэй гэлээ. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Үйлдвэр анх  байгуулагдаж байхдаа тухайн үеийнхээ хэрэгцээг хангаж байсан. Өнөөдөр дэлхий нийт  GMP шаардлагыг хангасан үйлдвэрт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Гол нь нарийн багаж тоног төхөөрөмжтэй лабораторыг оруулж ирэх хэрэгтэй.  Тухайлбал, бага тунгаар малд хэрэглэдэг  хүчтэй вакцин үйлдвэрлэхэд хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан