Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Б.ЭРДЭМБИЛЭГ: ОЛИМПОД УДАХГҮЙ ДАРТСААР ӨРСӨЛДДӨГ БОЛНО


Манай улсад хөгжиж байгаа спортын нэг төрөл бол дартс. Хүмүүс чөлөөт цагаараа, зугаагаа гаргах төдийд хананд өлгөсөн эрээн самбар руу сум шидэхийг дартс гэж ойлгодог. Гэтэл энэ нь бие даасан спорт төдийгүй, олимпын төрөлд ч орох гэж байгаа аж. Монголын дартсын холбооны ерөнхийлөгч Б.Эрдэмбилэгтэй  ярилцлаа.

-Дартс гэдэг анх дээдсийн хүрээнээс үүссэн спорт гэдэг. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Англид дартс анх үүссэн. Тэр үүднээсээ англичууд бараг үндэсний спортынхоо нэг гэж үздэг. Түүх нь гэвэл 400 гаруй жилийн өмнө нэг хааны хатан ан хийх их дуртай байж. Удалгүй хатан нь жирэмсэн болоод нум харваж, морь унаж чадахгүй болсон. Эхнэрийнхээ ангийн хорхойг дарахын тулд хаан  нимгэн хөрөөдсөн модны дүнз хананд өлгөөд, төвд нь улаан цэг зураад, сумыг тайраад гараар шидэх боломжтой болгож өгсөн. Тэгээд улаан цэгийг онох ёстой, үгүй бол улангассан амьтан чамайг хөнөөнө гэж хэлсэн гэдэг. Түүнээс хойш дартс гэдэг дээдсийн зиндааны тоглоом бий болсон.

-Танай холбоо 19 жилийн өмнө байгуулагдсан гэхээр тэр үеэс л Монголд дартс үүс­сэн гэж ойлгож болох уу?
-1993 оны арванхоёрдугаар сарын 18-нд албан ёсоор Монголын дартсын холбоо байгуулагдсан. Түүнээс өмнө монголчууд ер нь, дартсыг мэддэггүй байсан байх. Анх миний аав Д.Болдбаатар Японд байхдаа дартс гэдэг спортыг сонирхож эхэлсэн. Тэгээд эх орондоо ирээд ойр дотныхоо хүмүүст заа­гаад хамт тоглож байгаад холбоогоо байгуулсан юм.
1996 оны байдлаар хөдөө орон нутгийн 18 аймаг, гурван хотод салбартай, 3000 гаруй гишүүнтэй том холбоо болчихсон байсан. Гурван жил үйл ажиллагаагаа явуулсны дараа Дэлхийн дартсын хол­боонд гишүүн болж, аваргын тэмцээнд оролцсон. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багаа­раа оролцож, анхны тэмцээн гэхэд дажгүй амжилт гаргасан. Би өөрөө тэр үед 16 настай, өсвөрийн дартсын тэмцээнд оролцож 16 дугаар байрт орсон. Бид бас Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцож багаараа тавдугаар байрт орсон амжилт бий.

-Дартсын холбооны үйл ажиллагаа нь завсардсан гэж сонссон юм байна. Ямар учиртай юм бэ?
-Дэлхийн холбооны гишүүн болс­ноос хойш гадаадад бол­дог тэмцээнд тамирчдаа явуу­лахад виз гаргуулах их хэцүү. Арай гэж урилгаар виз гаргаад тэмцээнд нь явуулахаар тамирчид маань Америкт, Англид үлдчихдэг явдал гардаг байсан. Ийм шалтгааны улмаас үйл ажиллагаа жаахан саараад, нийгэм ч хэцүү байсан, аав маань бурхан болоод холбоо маань үйл ажиллагаагаа зогсоосон юм.
Тэр үед би хүүхэд байсан болохоор холбоог авч явах боломжгүй учраас ямартай ч Дэлхийн дартсын холбоонд мэдээллээ хүргээд, харилцаагаа таслахгүй байж чадсан. 2006 онд сургуулиа төгсөж ирээд Монголын дартсын холбоог сэргээх хүсэлтээ гаргаад ерөнхийдөө 2010 оноос хойш тасралтгүй ажиллууллаа. Одоо гурав дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоор Дэлхийн дартсын холбоонд гишүүнээр дахин элсэх гэж байна.

-Олон хүн дартсыг зугаа гаргах, цэц мэргэнээ сорих тоглоом төдий ойлгодог. Тэгтэл спорт гэдэг утгаар нь дэлхийн аваргын тэмцээн хүртэл болдог байх нь ээ?
-Дартс бол спорт мөн. Олимпын төрөлд оруулах шинэ спорт төрлүүдийн жагсаалтад хоёрдугаар байрт бичигдсэн байгаа. Тиймээс удахгүй олимпт өрсөлддөг болно гэсэн үг. Одоогийн байдлаар манайд дартс сонирхдог 1000 гаруй хүн байна. Харин тэмцээнд албан ёсоор оролцдог 400 гаруй хүн бий. 2011-2012 онд сардаа нэг удаа мэргэжлийн тамирчид оролцдог лигийн тэмцээн зохиож ирсэн. Бас улсын аварга шалгаруулах тэмцээнээ хоёр удаа зохион байгууллаа. Оны шилдэг тамирчныг шалгаруулах гран-при тэмцээнийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан. Долоо хоног бүр холбооны байранд ирж тоглодог, тэмцээн зохиодог хүмүүс ч байна. Төвлөрлийг дээд зэргээр шаарддаг спорт.
Тамирчдын тухайд гэвэл улстөрч, сэтгүүлч, олны танил хүмүүс, өвөө эмээ, оюутан сурагч ч бий. Хэдий нийгэмд эзлэх байр суурь нь өөр өөр боловч тэр хүмүүс манай холбоонд ирээд тоглохоороо ялгаагүй л тамирчид болдог. Хамгийн ахмад тамирчин 70 настай байхад бага нь есөн настай.

-Спорт бол эрүүл мэндэд тустай гэсэн ойлголтод үндэс­лээд монголчууд хамгийн түрүүнд энэ спорт эрүүл мэндэд ямар ач тустай вэ гэж асуудаг ?
-Оюун ухааны төвлөрлийг маш их шаарддаг учраас хүн амгалан тайван байх ёстой. Толгой дотроо эргэлдсэн олон бодлоос ангижирч зөвхөн дартсыг л бодно. Тэгэхээр оюуны амралт болж чаддаг, өнөөдөр маш олон хүн бухимдалтай амьдарч байна шүү дээ. Үүнээс гадна хүүхдүүд тоглох юм бол 501-ийн дотор маш хурдан бодож, нэмж хасч, хувааж үржүүлээд сурчихдаг. Яагаад гэхээр дүрмэндээ яг 501 оноог авсан хүн л хожих ёстой болохоор дараагийн дартсаа аль нүхэнд онох ёстойг байнга толгойдоо бодно. Одоохондоо шинжлэх ухаанаар батлагдаагүй ч хүүхдийн сэтгэлгээ нь задарч, гүйлгээ ухаан нь сайжирч байгааг би хувьдаа анзаарсан. Гуравдугаарт эрүүл мэндэд шаардлагатай хөдөлгөөнийг гурван цаг дартс шидэхэд хангалттай нөхөж чадна.

-Ихэвчлэн пааб, баар гэх мэт газар их харагддаг. Тийм болохоор хүмүүс буруу ойлголттой байдаг юм шиг санагдсан?
-Тийм шүү, паабны спорт гэж ярихыг нь ч би сонссон. Олимп хүртэл өөрийн спортын төрөлд авах гэж байгааг харахад энэ нь спорт гэдгийг баталж байна. Бусад спорт шиг их зардал шаарддаггүй болохоор хаа сайгүй тавьчихсан байдаг байх. Хүнээс их зардал гаргадаггүй учраас тамирчид маань заавал манай төв дээр ирэхгүйгээр гэртээ, ажил дээрээ дартс шидэж болно. Гэхдээ гадуур зарагдаж байгаа дартсын хэрэгслүүд манай тамирчдад гологддог юм. Албан ёсны үйлдвэрлэгч “Харроус” гээд хамгийн сүүлийн үеийн брэндийн мэргэжлийн дартсаар шиддэг.

-Есөн настай хүүхэд хүртэл танай гишүүнчлэлтэй тоглодог гэж байна. Оюутан, сурагчид их сонирхдог байх?
-Тийм ээ, хамгийн залуу тамирчин нь манай дүү байгаа юм. Ер нь сурагчдыг илүү ихээр холбоондоо элсүүлье гэсэн зорилтыг бид 2013 онд тавьж байгаа. Учир нь ДАШТ-нд өсвөрийн төрөлд 18 хүртэлх насны хүүхдүүд оролцдог. Тэр тэмцээнд оролцоод үзчихсэн хүүхдүүд насанд хүрэгчдийн тэмцээнд орох болоход хавьгүй туршлагажчихна, ядаж л сандрахгүй шүү дээ. Д-ундаж тоглогч улсын аваргатай тогловол мэдээж сандарч, гар нь чичирнэ. Тэгвэл зөвхөн дартсандаа төвлөрч чадсан, тэмцээнд оролцож сурсан хүн л амжилт гаргадаг.

-Дартсын спортоор хичээллэвэл хөдөлгөөн, төвлөрөл гээд сайн талтай юм байж. Амжилт гаргасан тамирчдад хэр өгөөжтэй спорт вэ?
-Ер нь, Англиас үүссэн спортууд дээд зиндааных байдаг шүү дээ. Дартс ч ялгаагүй. Тийм учраас шагналын сан маш өндөр. Дэлхийн аваргын тэмцээнд анх есөн сумаар 501 оноогоо дуусгасан тамирчин 150 мянган ам.долларын шагнал авч байсан. 170 оноон дээрх гараа болгондоо 5000 ам.доллар авна. Энэ шагналаас гадна тамирчин өөрөө амжилттай байвал дэлхийн дартсын брэндүүд өөрийн тамирчин болгоод авчихдаг.

-Зөвхөн өөр хоорондоо тоглоод байвал хөгжихгүй нь ойлгомжтой. Гадаадын тамирчидтай нөхөрсөг тоглолт хийдэг үү?
-Дэлхийн дартсын холбоогоор дамжуулаад гадаадын тамирчидтай холбоотой байдаг. Мөн манай холбоонд гадаадын гурван ч тамирчин тоглодог юм. Өөрсдөө эх орондоо дартсын холбооны гишүүн хэрнээ Монголд байх хугацаандаа бидэнтэй нэгдэж тоглож байх жишээтэй.
Ирэх онд Японы нэгдүгээр зэрэглэлийн баг манай улсад ирэхээр болсон. Дулаан орохоор бидэн дээр ирж нөхөрсөг тоглолт хийнэ. Түүний дараа манай шилдэг багууд Японд очиж тоглох болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан