Оросын төдийгүй дэлхий дахины хүүхэд багачуудын шимтэн үзэх дуртай “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киног томцуул ч андахгүй, бас өхөөрдөн үзэцгээдэг. Энэ бол өөрийн найз Миша баавгайг болоод ер хэнийг ч амар заяа үзүүлдэггүй Маша охины л тухай кино. Уг нь ердөө 3-9 насны хүүхэд багачуудад зориулсан боловч бүх насныхны хайрыг татсан бүтээл. Оросын найруулагч Олег Кузовков, Денис Черяцов, Олег Ужинов нарын 2009 оноос эхлэн дэлгэцэнд гаргасан энэ цуврал олон улсын кино наадмуудын хамаг л шагналыг авсан юм. Хүүхэд залуучуудын олон улсны кино наадмын “Алтан загас” шагнал, орос киноны “Европ руу харах цонх” 18 дугаар наадам, “Босни Герцеговинад болсон “Хүүхэлдэйн киноны наадам”, Францад болсон хүүхэлдэйн киноны олон улсын 50 дугаар наадам, Германы Хемницэд болсон Хүүхэд залуучуудын киноны олон улсын 14 дүгээр “Schlingel” уралдаан, Их британид болсон наадам, Вильнюст болсон хүүхэлдэйн “Tindirindis 2009” наадмын шагнал хүртээд байгаа юм.