Онлайн ертөнцөд олны таашаал хамгийн хүртсэн үйлчилгээний нэг болох “Instagram” ирэх оноос шинэ дүрмээр ажиллах болсон нь хэрэглэгчдээ бухимдуулж, зарим нь бүр энэ үйлчилгээг дахин ашиглахгүй байхад хүрээд байна. “Instagram”-аас уржигдар зарласан шинэ дүрэм ёсоор бол үүгээр тараасан хэний ч гэрэл зургийг тухайн эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр элдэв сурталчилгаанд ашиглаж болох бөгөөд ингэж олон нийтийн хүртээл болж, реклам сурталчилгаанд ашигласан зурагт нь ямар нэг хуулийн асуудал тулгарвал харин авсан эзэн нь өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн агуулгатай ажээ. Өөрөөр хэлбэл, “Instagram”-ын шинэ дүрэм зохиогчийн эрх гэдэг зүйлийг уландаа гишгэж, хэрэв уг үйлчилгээг ашигласан ч бол мэргэжлийн ч бай сонирхогчийн ч бай, эсвэл бүр хувийн амьдралтай холбогдох зураг ч байсан таны зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно гэдгийг тунхаглажээ. Хамгийн хачирхалтай нь, ингэж бизнесийн ашиг сонирхол хөөж бусдын зургийг ашигласан атлаа хэрэв зурагтай холбоотой ямар нэг асуудал гарвал та өөрөө хариуцлага хүлээнэ гэдэг нь хэрэглэгчдийн бухимдлыг хамгийн их төрүүлж байгаа юм.
Ирэх сарын 16-наас мөрдөгдөж эхлэх энэ дүрэм оддоос эхээд мэргэжлийн гэрэл зурагчдад огтхон ч таалагдахгүй байгаа учир дахин “Instagram” ашиглахгүй гэдгээ “Twitter”, “Facebook”-ээр дамжуулан мэдэгдэж байна. Тухайлбал “Time” сэтгүүлтэй гэрээтэй ажилладаг олон арван мэргэжлийн гэрэл зурагчид “Instagram”-аас татгалзаж байгаа тухай тус сэтгүүл нийтэлсэн бол CNN телевизийн алдарт хөтлөгч Андерсон Күпер, реалити шоуны од Ким Кардашиан нар “Instagram” дахь бүртгэлээ устгана хэмээн мэдэгдээд байна.
Гэрэл зургаа онлайн ертөнцөд бусадтай хуваалцдаг “Instagram”-ыг энэ оны дөрөвдүгээр сард “Facebook” компани нэг тэрбум ам.доллараар худалдан авсан билээ.