Баянзүрх дүүргийн шүүх өнөөдөр “Анод” банкны хэргийг хэлэлцэх байсан ч дахин хойшлууллаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид тухайн үед тус банкинд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Энхцэцэгийг шүүх хуралд заавал оролцуулах шаардлагатай, 22 хүнийг иргэний хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарын эдгээр хүсэлтийг хүлээж аваад, шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 7-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргав.
“Анод” банкийг дампууруулсан, хуурамч хувьцаа гаргаж 1200 хүнийг хохироосон энэ хэрэгт “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Тамгын хэлтсийн дарга Л.Уламбаяр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа нарын 14 хүнийг яллагдагчаар татаад байгаа юм. Тэдний өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Ц.Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа нар ажиллаж байна. Харин улсын яллагчаар О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар шүүх хуралд оролцлоо. Тэд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн банкны тухай хууль тогтоомж зөрчих /156.3/, бусдын эд хөрөнгийг залилах /148.4/ гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.
Эл хуулийн 148.4-т “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн бол 156.3-т “Банкны хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг нь хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Цагдаагийнхан “Анод” банкийг дампууруулсан хэргийг дөрвөн он дамнуулан шалгасан ч ийнхүү шийдвэрлэгдэхгүй таван оны нүүр үзэх нь. Баянзүрх дүүргийн шүүх энэ хэргийг шийдвэрлэхээр өнгөрсөн сард тов гаргасан боловч шүүх хуралдааны ирц бүрдээгүй учир өчигдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Гэвч шүүх бүрэлдэхүүн дээрх шалтгаанаар хоёр дахин хойшлуулах шийдвэр гаргалаа.