Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ёлка бол сүлд мод шүү дээ

Ёолк гэдэг үгийг бид шинэ жил хэмээн “орчуулж” ойлгож иржээ. Гацуур мод гэх монгол утгатай энэ үг оросууд бидний “ах байх”-даа анхлан зааж өгсөн шинэ үгсийн нэг мөн. Өнөөдөр манай байгууллага ёолктой, манай хүүхдийн ёолкон дээр мөнгө тавиарай, маргааш ёолконд өмссөн даашинзаа түрээсэнд нь буцаана гэх мэтээр ёолк гэгч үгийг олон утгаар тайлбарлана. Яг үнэндээ “ёлка” гэж бичдэг орос үгийг сүлд мод гэж орчуулдаг биз дээ. Хэрэв ингэж нэрлэж байгаа бол хамт олны, байгууллагын, сургууль нийгэмлэгийн, эсвэл нийслэлийнх байх хэрэгтэй. Товчхон хэлбэл гацуурхан нь ганц хоёр хүнийх харин сүлд мод нь сүрэг баярлан цэнгэлдэгчдийнх гэж ойлгож болох нь.
Нийслэлийн сүлд модыг өнгөрөгч ням гаригт төв талбайд суурилуулж дуусаад гэрлэн чимэглэл асаах ёслол утаан дунд нижгэр болж өнгөрлөө. Бүрэнхий болохтой зэрэгцүүлээд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ба түүний хамт олон хүрэлцэн ирж гэрлийн товчлуурыг дарав. Харамсалтай нь Улаанбаатар хотын сүлд мод бол мод гэхэд мод биш, гацуур гэхэд бас л биш... Конус хэлбэртэй, ногоон байгууламжийг “ёолк”-ны аварга тоглоомоор чимэглээд Улаанбаатарын сүлд мод хэмээнэ.
Улсдаа л томд тооцогдох дэлгүүр, худалдааны төвүүд Улаанбаатарын сүлд модноос дутахааргүй том бас гоёыг гаднаа засчээ. Мэдээж, онцлог нь бүгд аварга ногоон конус юм. Д.Сүхбаатарын төв талбайд энэхүү конусыг угсрахад 56 сая төгрөгийн өртөг шингэж байгаа гэнэ. Өнгөрсөн оны 20 метр өндөр гацуурын метр бүрт хоёр сая төгрөг зарцуулагдаж нийтдээ 50 саяар босч байв.
Тэгвэл жил бүр аварга том конус босгож, буулгах гэж хөрөнгө зарж байхаар жинхэнэ, амьд мод олоод нийслэлийн сүлд модоор өргөмжилвөл ямар вэ? Босгож, буулгана гэхгүй амар тийм ээ. Харин чимэглэхэд л хэдэн хүн хэрэг болно. Тэгээд ч өнөөдрийнх шиг конусан шовоохой биш ганган сүлд мод байх нь дамжиггүй. Хаа нэгтээ үйлдвэрлэсэн хуванцарыг сүлд мод хэмээн өргөмжлөхийн оронд харин ч бидний агаарыг цэвэршүүлж байгаа амьд ургамлын ач тусыг магтан дуулж, тойрон бүжвэл арай л утга учиртайсан. Нөгөө талаас нийслэлийн сүлд, сүр, төв юм гэхээрээ л Д.Сүхбаатарын талбайд сүлд модоо босгох ёстой гэж хэн  ч хуульчлаагүй.
Нийслэлийн зүрхэнд хүчилтөрөгч цэнэглэж, хүүхэд хөгшидгүй зорин очдог байсан паркаа бид хэдхэн хүнд алдчихаад, авч үлдсэн алга дарам газартаа мөн л хиймэл зүлэг гэх ногоон бүтээлэг тохчихсон сууна. Харин өнгөрч буй энэ онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үүдийг нээсэн нь агаарын бохирдол хэмээн ярих дуртай болсон нийслэлчүүдийн хувьд онцлох үйл явдал байлаа.
Улаанбаатарын шинэ жилийг энэ цэцэрлэгт хүрээлэнгийн хэдэн мянган модны дунд хийвэл болохгүй гэх газаргүй. Эсвэл Богд ханы ойгоос сүлд модыг тодруулвал он солигдох мөчид олон хүний уушги цэвэр агаараар амьсгалах боломж бүрдэх биз. Учир нь Д.Сүхбаатарын талбайд он солигдох мөчид нийслэлийн шинэ жил гэж зохион байгууллаа ч зугаацах зүйлгүй тэнд хүйтэн агаарт даарах бас утаанд зогсох гэж л очдог. Харин утааны тортог буугаагүй цэвэр агаартай уулын аманд нэгдсэн “ёолк” зохион байгуулаад түүндээ зориулсан гэр бүлийн тэмцээн уралдаан зохиодог бол эхнэр хүүхдээ дагуулаад очих өрхийн тэргүүн цөөнгүй болов уу.
Д.Сүхбаатарын хөшөөний харалдаа байгуулсан “сүлд мод” 25 метр өндөртэй, төмөр карказан голтой, ногоон торгон “дээл”-тэй, орой дээрээ одтой, өнгө бүрийн гэрлэн чимэгтэй, том бөмбөлгөн гоёлтой 50 сая төгрөг зарцуулж байгаа юм бол тэр мөнгөөрөө дэлгүүр, байгууллагынхаа нэрэмжит бяцхан төгөл, цэцэрлэг байгуулж яагаад болохгүй гэж. Жил бүр 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тэр цэцэрлэгтээ хийгээд байвал ирээдүйд энэ утаанаас айгаад ч байх юм алга.
Утаандаа хоолой хорсож байгаа Улаанбаатарчууд бидэнд ганц мод алтны дайтай үнэтэй баймаар. Хэлбэр дагуулж, харахад сайхан ч “хазах” заяагүй юм босгохын оронд хамгийн олон мод тарьсан, түүнийгээ ургуулж чадсан байгууллагыг тодруулж шагнадаг болвол гоё. Шинэ жилийн баярыг хий хоосон бэлгэ тэмдгийн байдлаар биш харин бодит ажлыг урамшуулж, түүндээ цэнгэн баясдаг баярын өдөр болговол бүр гоё.
Ямар сайндаа л бид “Гацуурхан гацуурхан гацуурхаан...” гэж дуу хүртэл хийсэн билээ дээ. Одоо дуулаад л явах биш дорвитой ажлыг зоригтой эхлүүлэх эрин үе иржээ. Ууланд ганц модыг нийслэлийн сүлд болгон тодруулахад ядах юу байхсан билээ дээ, монголчууд минь. Яагаад гэвэл бид чинь нэг хүнд ноогдох ДНБ/дотоодын  нийт бөө/-гийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг шүү дээ.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Ene saaral ungutei yum yu ve
Хамгийн их уншсан