Н.БАТ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамын Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай Монголын үйлдвэржилтийн өнөөгийн байдал хийгээд маргаашийн талаар “ASSA” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Шинэ Засгийн газрын хамгийн анх барихаар төлөвлөсөн үйлдвэрүүдийг та манай уншигчдад сонирхуулаач. Ер нь Монголын эдийн засаг ямар салбар дээр л тогтоод байна даа?
-Үйлдвэр бол үндсэндээ гурван гол зарчим дээр хөгждөг гэж судлаачид ярьдаг. Нэгдүгээрт, түүхий эдийн нөөц, хоёрдугаарт зах зээлийн эрэлт, гуравдугаарт энэ хоёр хосолсон байвал хамгийн сайн гэдэг. Монгол маань зах зээлийн багтаамж бага учраас монголчууд бид түүхий эдийнхээ нөөцөд тулгуурлаж, үйлдвэрээ хөгжүүлэхээс өөр гарцгүй. Бидэнд байгаа түүхий эд бол уул уурхайн, хөдөө аж ахуйн гэсэн хоёр л гаралтай. Аль алийг нь энэ Засгийн газар хөгжүүлнэ гэсэн зорилго тавьсан. Хамгийн их мөнгө, олон улсад мөнгөн ашиг авчрах үйлдвэр бол мэдээж уул уурхайн түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр байх болно. Ажлын байраар хангах үйлдвэр бол хөнгөн, хүнсний үйлдвэрүүд. Бусад улсад ч тийм байдаг. Монголынхоо хүн амд хамгийн их ажлын байр бий болгож, олон өрхийн амьдралыг өөд татах үйлдвэр бол хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах хөнгөн болон хүнсний үйлдвэр нь. Тэгэхээр хоёуланг нь хөгжүүлэх шаардлагатай. Ер нь уул уурхайн Голланд өвчин гэдгийг тусахгүйн тулд бид уул уурхайгаас олсон ашгаараа хөдөө аж ахуйн гаралтай боловсруулах үйлдвэр хөгжүүлэх замаар энэ өвчнийг тойрч гарна.
-Монголын эдийн засагт, монголчуудын амьдралд цаашдаа дэм болох нь гээд нэрлэвэл?
-Хоёулаа. Гэхдээ бүх ажлыг зэрэг хийнэ гэж байхгүй. Бид Сайншандын аж үйлдвэрийн паркийг байгуулах ёстой. Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулагдсанаар химийн үйлдвэрлэл хөгжинө. Маш их бүтээн байгуулалт өрнөнө. Үүнийгээ дагаад хөнгөн үйлдвэр хөгжинө. Тийм болохоор ноос ноолуур, арьс ширийг бүүр эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх ёстой. Дээрээс нь Монгол Улс бүс нутагтаа томоохон хэмжээний мах үйлдвэрлэгч болох ёстой. Боломжийн хэмжээнд үр тарианы үйлдвэрлэгч байх гээд л. Энэ бол монголчууд бидний хийх бололцоотой зүйл. Үйлдвэрлэл гээд ярихаар нэг байшин суурь машинаар төсөөлдөг. Тэгэхээр үйлдвэр гэхээр технологийн шугам ч орно.
-Хамгийн их орлого олж болох хүнд үйлдвэрүүдээ Сайншандад байгуулахаар төсөл нь аль эрт гарсан. Сайншанд төслийн явц ямар байна вэ?
-Энэ төсөл дээр Монголын Засгийн газар дэд бүтцийг нь байгуулах үүрэг хүлээж байгаа. Хамгийн гол нь ус болон цахилгаан хангамжийн асуудал байна. Үйлдвэрүүдийг бол гадаадын болон дотоодын компаниудын хувийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар төлөвлөж байгаа. Хөрөнгө оруулахаа илэрхийлээд ТЭЗҮ-ээ хийж дуусаад үйлдвэрээ барихад бэлэн гэсэн компани олон байна. Засгийн ажил л үндсэндээ үлдлээ. Сайншандын асуудлаар Х.Баттулга сайдын ахалсан ажлын хэсэг Засгийн газарт ажиллаж байна. Сайншандын бусад туслах зөвлөх үйлчилгээ усны хайгуул, дэд бүтцийн зураг төсөлд бас нэлээд их хэмжээний хөрөнгө шаардагдана.Ойрын үед энэ асуудал шийдэгдээд ажил эхлэх нь тодорхой болсон.
-Монголчууд хүнсний хэрэглээнийхээ 60 хувийг импортоор авдаг байсан. Харин саяхнаас энэ тоо буурсан дүн байсан. Та яг бодит тоог бидэнд хэлээч?
-Нэгдүгээрт, монголчуудын хүнсний хэрэглээний хувьд хүндийн жин мөнгөн дүнгээр нь хэмжвэл дотооддоо үйлдвэрлэсэн хүнсээ 65-70 хувиар хэрэглэж байна. Ойролцоогоор дотооддоо үйлдвэрлэсэн 900 орчим тэрбум төгрөгийн хүнсний бараа, импортоос 320 орчим сая ам.долларын хүнс оруулж ирээд нийт 1,3 их наяд төгрөгийн хүнс хэрэглэдэг. 900 орчим тэрбум төгрөгийн бараа гэдэг нь буудай, ногоо, махыг зах зээлийн дундаж үнээр үржүүлэхээр гарч байгаа тоо. Импортын хувьд маш олон нэр төрлийн бараа орж ирдэг. Энэ бол 2011 оны статистик шүү. Бид 30 гаруй нэр төрлийн ногоо дотооддоо тарьж ургуулаад импортыг багасгах бодлого барьж байна. Экспортлогч болох ямар бололцоо байна вэ гэвэл улаан буудай, махыг тодорхой хэмжээнд экспортлох боломжтой. Хорио цээрийн хувьд Монгол малын маань мах, бидний хийж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь дэлхийд хамгийн дээд чанарынх.
-Та бид л тэгж хэлдэг шүү дээ. Экологийн органик гээд байдаг ч яг олон улсын зах зээл дээр гаргах гэхээр манайхыг хүлээн зөвшөөрдөггүй ?
-Экологийн органик гэдгээ бид нотлох шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл малынхаа гарал үүслийг эцэг мал нь тэр, эх мал нь энэ, тэрнээс төрсөн хурга нь тийм газар бойжоод тийм тийм вакцин тариулаад гээд л... Энэ бүртгэлийг монголчууд хийдэггүй. Тэгэхээр бид хэдийгээр чанартай мал шүү гэдгийг нь мэдэж байсан ч малаа бүртгэлжүүлэх, тоолох техникийн албыг бэхжүүлэх гээд л олон ажил хийх шаардлагатай байгаа юм.
-Манайх мэргэжлийн лабораторгүйгээс ч тэр үү, мах экспортлох гэхээр наад зах нь хойд хөршийн хил дээр л бүдэрчихдэг?
-Хоёр жилийн өмнө зүүн дөрвөн аймагт шүлхий өвчин гарсан. Тэгэхээр энэ өвчин гарснаас хоёр жилийн хугацаанд олон улсын хараа хяналтад тухайн улс байдаг. Шүлхий туссан малаа устгаад эрүүлийг нь вакцинжуулаад үндсэндээ хоёр жил хянаж байж өвчингүй боллоо гэж үздэг. Олон улсын мал эмнэлгийнхээ журмын дагуу ажиллаж байгаа.
Гэхдээ Монголын зүүн дөрвөн аймгаас бусад бүх аймаг экспортод мах гаргах эрхтэй. Хамгийн сүүлд есдүгээр сард Оросоос мал эмнэлгийн хоёр эмч ирсэн. Монголын үйлдвэрүүдийг аттестатчилсан. Баруун долоон аймгийг бүрэн чөлөөтэй болгоод төвийн бүсийн аймгуудыг 2009 оных нь аттестатчиллаар нь баталгаажуулж үлдээгээд зөвхөн зүүн аймгаас мах импортлох л хориотой байна. Ер нь Оросын талтай махны асуудлаар манай яам их сайн ажилладаг. Оросын малын эмч, Монголын малын ерөнхий эмч нар ямар ч сайд дарга нарын оролцоогүйгээр шууд харилцаатай байдаг. Асуудлыг маш сайн шийддэг л дээ.
-Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бидэнд одоо юу дутаад байна вэ?
-Олон улсын практикт тогтсон журмаар нь хүлээн зөвшөөрүүлдэг болно. Түүнээс биш бид өөрсдөө манай бүтээгдэхүүн сайн гэж мянга хэлээд яаж ч чадахгүй шүү дээ. Үүний тулд бид нэгдүгээрт эгзэгтэй цэгийн аюулгүй байдал буюу HACCP гэдэг бүртгэлийн системийг хөгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, лавлагаа лабораторуудыг хөгжүүлэх ёстой. Монголд чинь Мэргэжлийн хяналтын газрын лаборатороос өөр томоохон нь алга. Үйлдвэрүүд нь өөрсдөө л жижиг жижигхэн лаборатортой. Тэгэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторын үйлчилгээний систем, бизнесийг Монголд хөгжүүлье. Мөнгөө төлөөд шинжлүүлдэг олон улсын өндөр зэрэглэлийн лабораторыг байгуулъя. Гуравдугаарт, хөрш зэргэлдээ юм уу бүс нутгийнхаа улсуудтай хорио цээрийнхээ гэрээ хэлцлийг хөгжүүлэх. Хятадтай харилцах, Японтой, Солонгостой харилцах гээд. Мах, улаан буудай гаргах гэрээ гэдэг ч юм уу. Хүнсний бүтээгдэхүүн болгоны ард хорио цээрийн техникийн нөхцөл бий. Монголынхоо бизнес эрхлэгчдийг худалдаа наймаа хийхэд чөлөөтэй боломжтой болгочихож байна гэсэн үг. Дараа нь дотоодынхоо хүнсний хангамжийн асуудлыг зохицуулахын тулд Засгийн газар үүнээс ихийг гаргахгүй гэж квот тогтоож, бас хориглож болно.
-Экспортолж байгаа бүтээгдэхүүн гэвэл?
-Сүүлийн үед Иран руу хонины мах бага зэрэг гаргаж байна. Энэ бол дэвшил. Хятад руу консерв буюу өндөр уураар болгосон махан бүтээгдэхүүн гаргах техникийн тохиролцоо нь хийгдсэн. Одоогийн байдлаар гаргаагүй байна. Адууны махыг олон улсад экспортлох боломж нь байгаа. Улаан буудайг энэ жилээс экспортлохоор ярьж эхэлсэн. Гэхдээ эхлээд дотоодынхоо хангамжийг зохицуулна шүү дээ. Улаан буудай экспортлоно гэдэг зарчмын хувьд их ач холбогдолтой. Монгол Улс, тариаланчид маань тариалсан буудайгаа хааш нь хийх вэ гэж сав хайж гүйхгүй санаа нь амарчихаж байгаа юм. Мөн төмсийг экспортлож болно. Төмсний тээвэрлэлт нь нэлээн ярвигтай учраас төмсний гурил болгоод экспортлох асуудлыг зарим компани нь бизнесийнхээ журмаар хөөцөлдөж эхэлсэн.
-За үнэндээ яг экспортлож байгаа зүйл гэхээр мах л байна даа. Гэтэл экспортлох боломжтой нь гэхээр буудай төдийгөөр хязгаарлагдчихаж байна гэж үү?
-Монголын хүнсийг ялангуяа төмсийг стандартын бүтээгдэхүүн болгож чадвал Солонгос, Япон сонирхож байна. Экологийн гэсэн утгаар нь. Хоёрдугаарт, манайх улаан буудайн өндөр чанараа нотолж чадвал Хятад руу экспортлох боломж бүрэн нээлттэй. Хятадын 30 орчим сая хүн дэлхийн хамгийн өндөр хэрэглээтэйд тооцогддог. Тэд экологийн, цэвэрхэн маш өндөр үнэтэй эрүүл хүнс идэхийг хүсч байна. Манай Монголын үйлдвэрлэлийн хэрэгцээ маш бага. Гэхдээ байгаа өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүнээ хөрш орнуудынхаа хамгийн тансаг хэрэглээний зах зээлд чиглүүлж нийлүүлэх боломж харагдаж байна. Хоёрдугаарт, бид хүнсний ногооны үйлдвэрлэлд маш том цогц арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Ногоочид маань хүрзээ бариад л хагас га газарт л ажиллаад байдаг. Тиймээс ногоочдоо механикжуулах зорилго тавьсан юм. Ногоочид механикжаад ирвэл хөдөлмөрийн бүтээмж нь 10 дахин нэмэгдэнэ. Бүтээмж нэмэгдэхээр ургац тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Тэгэхээр ОХУ, ялангуяа Сибирь рүү сонгино сармисыг экспортлох боломжтой. Ер нь энэ зах зээл сонгино сармисаа бараг 100 хувь Хятад улсаас импортолдог. Тэгэхээр бид Монголдоо илүү их хэмжээний сонгино сармис ургуулж чадвал экспортолж болно.
-Та монголчуудын сайхан амьдралын эхлэл нь үйлдвэржилт байх ёстой гэдэгтэй санал нийлэх үү?
-Монголчууд өөрсдөө л аль болох их зүйл үйлдвэрлэж байж сайхан амьдарна. Би Эрдэнэт хивс компанийн үйлдвэрт очоод үнэхээр сайхан санагдсан. Энэ үйлдвэр анхан, дунд, дээд шатны гэсэн технологийн гурван хэсэгтэй. Анхан шат нь ноосоо ялгаад угаадаг. Дунд нь ноосоо утас болгодог. Сүүлийнх нь утсаа хивс, бүтээлэг болгодог. Тус үйлдвэр 1200 ажилчинтай. Анхан шатанд 100, дунд нь 400, дээд нь 600 хүн ажиллаж байгаа юм. Захиргаа удирдлага нь 100-гаад хүн. Тэгэхээр боловсруулалтын технологи өндөр болох тусам ажлын байр нэмэгдэж, цалин нь өндөр байдаг. Монголчуудад өндөр цалинтай сайн ажлын байрыг ихээр бий болгоё гэвэл боловсруулалтынхаа төвшинг дандаа өндөр болгох хэрэгтэй. Лондонгийн бирж дээр зэсийн ханш 8000 ам.доллар байхад зэс труба 12000-20000 ам.долларын үнэтэй байгаа. Хуйлсан зэс ялтас болговол тонн нь 80 мянган ам.долларт хүрч байгаа юм. Тэр ялтсаа боловсруулаад орсон зэсийн хэмжээгээр нь тонноор хэмжвэл 120 мянгаас дээш ам.доллар болчихож байгаа юм. Тэгэхээр технологи шингээх тусам байгаа зүйлээ илүү өндөр үнээр борлуулна. Байгаа зүйлийг үнэтэй болгож хувиргадаг хүмүүс нь өндөр боловсролтой өндөр цалин авдаг хүмүүс байх болно. Тэдэнд зориулсан ажлын байр бий болгоно.
-Гэхдээ одоогоор тэр хүмүүс нь бэлэн биш шүү дээ?
-Хүнээ ч бэлтгэнэ, ажлын байрыг нь ч бий болгоно. Тэгэхээр Монголд 5000-10000 ам.долларын цалин авдаг инженер техникийн бүхэл бүтэн томоохон давхарга гарч ирнэ. Тэр нь бидний яриад байгаа дундаж давхаргын гол цөм байх юм. Бүх хүн тийм болох гэж тэмүүлж тэрний төлөө тэмцэнэ. Бүгд тэрбумтан болно гэж аль ч улсад байхгүй шүү дээ.
-Төр ер нь зах зээлд хуруу дүрээд ялангуяа үнийн зохицуулалт хийгээд байх нь хэр зөв алхам бэ?
-Ер нь бид чөтгөрийн тойргоос гарах зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл төр махны үнийг нь тоохгүй хаячихаар замбараагүй нийлүүлэлт, бодлогогүй урсгалаас болоод үнэ нь өсчихөж байгаа юм. Махны үнэ өсч, түрийвч дэх мөнгийг нь үнийн өсөлт аваад явчихаар инфляц нь болохоо байчихаж байгаа юм. Инфляц болохоо байхаар Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг багасгана гээд арилжааны банкууд дээр байгаа мөнгийг өөр дээрээ төвлөрүүлээд авчихдаг. Тэгэхээр бодитоор бизнес хийх гэж байсан хүмүүст нь зээл олдохгүй. Зээлийнх нь хүү өндөр болчихож байгаа юм. Хамгийн анх махны бизнес хийж ирсэн нөхөр өөрийнхөө явцуу эрх ашгаас болоод олсон хэдийгээ буцаагаад инфляцдаа тавиад туучихдаг. Үүнээс болоод бид хөдөлгөөнгүй царцанги байдалд орчихсон. Тиймээс гурил, мах, түлш гэсэн инфляцад нөлөөлөөд байгаа гурван зүйлийг бодлогоор барьж инфляцыг унагаах хэрэгтэй. Үүнийг унагасны дараа зээлийн хүүг унагавал бизнес өөрөө сэргээд эхэлнэ. Тэгж байж эдийн засаг сэргэнэ. Эрх ашгийн зөрчилтэйгээр зах зээлд оролцож байгаа олон оролцогчийг дунд нь зохион байгуулж хэм хэмжээг нь тогтоож байх нь төрийн үүрэг. Энэ үүргээ л чадлаараа сайн биелүүлэхийн төлөө ажиллана даа.
-Монгол хүн, тэр дундаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарынхан маань өрнөөс өрөнд л ажиллаж амьдарч байна гээд хэлбэл буруудахгүй байх. Малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид маань бүгд өртэй байгаа нь нууц биш. Хэзээ энэ өрнөөс салах вэ?
-Ер нь дааж давшгүй их өрөнд орчихсон улс шиг бодож болохгүй. Өмнө нь ч гэсэн зээлтэй л байсан. Зах зээлийн нийгэмд тодорхой хэмжээгээр өөрсдийн чадлыг үнэлээд зээл аваад ажиллаж байгаа нь буруу биш. Бидний хувьд өндөр хүүтэй богино хугацаатай зээлийг нь хүү багатай урт хугацаатай зээлээр л сольж өгсөн. Малчдын зээлийн хувьд малчид маань арилжааны банкуудтайгаа шууд харилцаатай, харилцан гэрээ хийгээд иргэний үүднээс зээлээ аваад төлөөд явдаг. Бидний хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн малчдаа л урамшуулж байна. Урамшууллаараа малчид маань зээлээ төлнө үү, өөрсдийнхөө амьжиргааг өөд татна уу хүссэнээ хийнэ.Тариаланчдад бол мөнгөн зээл олгоогүй. Техникийн, үрийн, дизель түлшний зээл олгодог. Намар ургацаа хураахаар нь зээлийн төлбөрт нь үнэлээд авчихдаг. Тийм болохоор тариаланчид маань үндсэндээ хүүгүй зээл авсан гэсэн үг. Хөнгөн үйлдвэрийнхний хувьд жилийн 15-20 хувийн хүүтэй зээлийг нь таван жилийн хугацаатай, жилийн долоон хувийн хүүтэй зээлээр сольж өгсөн. Тэгэхээр зээл, урамшуулал маань зөв тийшээ явж байгаа гэж хэлж болно. Төсвийн мөнгийг хэнд ч хамаагүй май гээд өгчихөж болохгүй. Хэнд нь зүгээр өгөх ёстой вэ, хэнд нь өгөхгүй вэ гэдэг асуудал гарна. Хөгжүүлье гэсэн хэсгүүддээ боломж олгож байгаа.
-Зээлийн тогтолцоо манайд харьцангуй хариуцлагагүй байдаг гэхэд хилсдэхгүй. Хөдөөнийхөн жижиг дунд үйлдвэрийн зээл олгох явцад гонсгор л байдаг?
-Яамнаас хяналт тавина гэдэг хүнд. Хэдэн төрлийн зээл байгаа. Сумын Засаг дарга сумын хөгжлийн сангаар дамжуулаад Сангийн яамнаас шууд тамгын газрынхаа данс руу хийж авдаг зээл бий. Тухайн сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид Засаг даргатайгаа хуралдаж байгаад жилийн гурван хувийн хүүтэй зээл барьцаагүйгээр олгодог. Энэ нь сумын өөрөө удирдах ёсыг хөгжүүлье. Сумынхан хэндээ зээл өгөхийг өөрсдөө мэдэг, хяналтаа өөрсдөө тавиг гээд өгсөн зээл. Тэгэхээр толгойлж байгаа Засаг дарга мэдэж өгөхөөс аргагүй. Харин зээл нь хэр шударга олгогдож байна вэ гэдгийг сумын иргэд хяналтаа тавиад Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа дамжуулаад өөрсдөө арга хэмжээ авах хэрэгтэй. Харин жижиг дунд үйлдвэрийн сангаар олгогдож байгаа зээл бол арилжааны банкаар дамжуулж олгож байсан. Тэгэхээр буцаан төлөгдөх бүр эрсдэлийг арилжааны банкууд хариуцаж байгаа. Нөгөө утгаараа төсвийн энэ мөнгө алга болохгүй гэсэн баталгаа. Хугацаа нь дуусахаар арилжааны банкнаас үг дуугүй буцааж авна. Нэг талаасаа энэ бол сайн. Нөгөө талаараа арилжааны банкаар оруулахаар бизнес эрхлэгчид маш хатуу шаардлага тавьдаг. Юм гэдэг хоёр талтай байдаг гэдэг л энэ. Өмнө нь Засгийн газраас янз бүрийн дэмжлэг зээлүүд өгч байсан л даа. Тэгэхэд арилжааны банкаар дамжаагүй зээл нь бүгд эргэж төлөгдөөгүй, зарим нь ор сураггүй алга болсон, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн зүйл болж таарсан. Тийм учраас бид хариуцлагыг нэгдүгээрт тавьсан.
-Уул уурхайг ашиглах талаар таны бодлыг сонсмоор байна. Хэдийгээр уул уурхайн яам гэж байдаг ч энэ салбарыг түшиглэсэн үйлдвэрүүд танайд хамааралтайгаар байгуулагдаж эхлээд байгаа?
-Бид томоохон ордуудаа нэг нэгээр нь ашиглах замаар өртөг нэмсэн хамгийн сайн үйлдвэр байгуулж, уул уурхайгаа ашиглах ёстой гэж боддог. Өндөр ашиг өгөх, байгаль орчныг бага сүйтгэх тийм үйлдвэрийг нэг хоёроор нь ээлж дараатайгаар ашиглалтад оруулах нь зүйн хэрэг. Сүүлийн үед малчид нь эсэргүүцээд байгаа ч орон нутгийнхаа төсвийг бодоод Засаг дарга нар нь уул уурхайгаар өөрсдөө хөөцөлддөг болчихсон. Үүнийг төрөөс багасгах бодлого баримталж байна. Уул уурхайн олборлох лицензийг техник эдийн засгийн үндэслэлд нь тулгуурлаад Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байх зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл ашигласныгаа ашигласан шиг ашиглая, олон юмыг ухаж байгалиа сүйтгэхгүй гэсэн бодлого барьж байна.