Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АВРАХ, АЛДАХЫГ ДЭНСЛЭХ БОНД

Бонд буюу өрийн бичиг гэдэг нь мөнгийг тодорхой хугацаанд зохих хүүтэй зээлснийг гэрчлэх үнэт цаас. Гэхдээ хүү нь банкны зээлээс бага юм. Эдийн засгийн өндөр өсөлттэй, зөв бүтэцтэй, баялаг ихтэй эргүүлж төлөх бяртай хөгжингүй орнууд олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан бонд гаргаж хөрөнгө оруулалт татдаг.
Монгол Улсыг өнөөдөр Таван толгой, Оюу толгой болон бусад байгалийн баялгийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх томоохон ордтой, олон төрлийн ашигт малтмалтай тул хөрөнгө оруулагчид их сонирхож байгаа. Ийм ч учраас Монголыг чиглэсэн хөрөнгийн урсгал эдүгээ жилд 10 тэрбум ам.доллар хол давсан гэдэг. Манай улсыг бонд гаргах болоход түүнийг худалдаж авахаар хөрөнгө оруулагчид 15.5 тэрбум ам.долларын санал ирүүлсэн нь нөгөө л ашигт малтмалын нөөц баялгийн ач гэж болно. Засгийн газар 2012-2014 он хүртэл таван тэрбум ам.долларын бонд гаргахаар шийдвэрлэсэн. Үүний эхний шатны 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд арилжаалагдлаа. Энэ бондын 500 сая ам.доллар нь жилийн 4.125 хувийн хүүтэй аж.
Хүүг нь 2018 онд төлж, дуусгах төлөвлөгөөтэй. Гэхдээ жилд хоёр удаа хүүг нь төлж явна. Ирэх жил төлөх мөнгө нь улсын төсөвт тусгасан байна. Саяхан арилжаалсан бондын нэг ам.долларыг нь 2-3 болгож төлөх аж. Үлдсэн нэг тэрбум ам.доллар нь 10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хүүтэй. Тэгээд  2020 он гэхэд бондоо бүрэн төлж дуусгах  тооцоо хийжээ.
Энэ мөнгө Монгол Улсын иргэн бүрт ногдох өр нэмэгдэж буй нэг хэлбэр. Хөрөнгө оруулагчид бидэнд мөнгөө бэлэглээгүй. Эргүүлээд нэхэж, авч л таараа. Тэгэхээр олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон мөнгөө Монгол Улс яаж төлөх вэ, бидэнд ямар боломж, бололцоо байна вэ гэдэг асуулт хамгийн түрүүнд гарна. Өрөө төлөхийн тулд манай эдийн засгийн өсөлт өндөр, зөв бүтэцтэй, бат суурьтай байх учиртай.
Манай улсын эдийн засаг сүүлийн гурван жилд огцом өссөн. Судлаачид дэлхийн эдийн засаг хямралтай байгаа ч манай улсын эдийн засаг хоёр оронтой тооноос буурахгүй хэмээсэн билээ. Энэ өндөр өсөлт нь ганцхан ашигт малтмалын үнэ, экспортоос шалтгаалж буй. Ингээд ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд хямдарлаа л бол манай улсын төсөв бүрдэхээ байж эдийн засгийн  өсөлт түүнийг дагаад буурч  эхэлдэг болсон. Үүнийг энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн байдлаас харахад хангалттай гэхэд хилсдэхгүй. Тухайн үед манай улсын эдийн засгийн өсөлт 10.2 хувьтай гарсан. Уг нь,  оны эхэнд 16.5 хувьтай байсан юм. Эдийн засгийн өсөлт ийнхүү саарсан нь экспорт зургадугаар сараас хойш буурсантай холбоотой. Эдүгээ экспорт 7.2 хувиар буурсан статистик бий. Гэтэл импорт 8.7 хувиар өссөн байна. Ингээд гадаад худалдааны алдагдал 1.3 тэрбум ам.долларт хүрсэн таагүй үзүүлэлт гарав. Энэ бол урд хөршийн манай улсаас авдаг  нүүрсний үнэ хямдарч, экспорт зогсонги байдалтай болсноос шалтгаалсан билээ. Тэгэхээр бид ашигт малтмалын үнэ хямдрахгүй байгаасай гэж залбирч суухгүй бол болохгүй нь. Хэрэв ашигт малтмалын үнэ хямдарч бид авсан мөнгөө төлж чадахгүйд хүрвэл өрийн ангуучид отож суугаа. Бонд гаргаад баларсан жишээ бол Аргентин улс. Тус улс эдийн засгийн чадавхиараа дэлхийд 21-т жагсдаг, үхрийн махны экспортоор тэргүүлдэг, ашигт малтмалын нөөц ихтэй юм. Гэтэл арван жилийн өмнө эдийн засаг нь хямарч, нэг бүр нь 10 ам.долларын нэрлэсэн үнэтэй бонд гаргажээ. Эхлээд бонд нь нэрлэснээсээ өндөр үнээр арилжаалагдаж байж. Харин Засгийн газар нь буруу бодлого явуулснаас бондын үнэ нь навс унаж, нэг нь нэг цент болжээ. Ингээд зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрчээ. Энэ үед нь өрийн ангуучид болох хөрөнгө оруулалтын томоохон сангууд бондыг нь авахаар хошуурсан аж. Тэгээд  “NML Capital Ltd”-д бүх бонд нь төвлөрч, арван жилийнх нь бүх хүүг төлөөд бондоо буцааж авахыг шаардаж эхэлжээ.  Маргаан дээд цэгтээ тулж, шүүхдээд 23 улсад суугаа Аргентины Элчин сайдын яамдын газрыг татахдаа тулсан гэдэг. Одоо ч энэ асуудал шийдэгдээгүй байна. Аргентины Засгийн газар хүү төлөхгүй, нэрлэсэн үнээрээ тооцож  бондоо худалдаж авна гэсэн байр суурьтай байгаа ажээ. Бид  эрсдэлээ сайн тооцож бондоор босгосон мөнгөө  зөв зарцуулж, хариуцлагатай хандахгүй бол болохгүй нь. Улс төр, эдийн засгийн байдлаа тогтвортой хадгалж, эдийн засгийн өсөлтөө алдахгүй дэмжиж явах нь чухал юм.
Санхүүгийн аливаа хэрэгсэл ашиглаж мөнгө босгож болно. Харин яаж зөв зарцуулах, юунд хөрөнгө оруулалт хийвэл урт удаан хугацаанд, найдвартай үр ашгаа өгөх вэ гэдэг нь чухал. Учир нь, бид зах зээл дээр бэлэн баялгаа худалдаад мөнгөө халаасалж буй хэрэг биш. Ирээдүйгээс газар доорхи баялгаа барьцаалж мөнгө зээлж байгаа явдал гэж болох юм. Засгийн газар бондын арилжаагаар татсан мөнгөөрөө уул уурхай, авто зам, төмөр замд хөрөнгө оруулалт хийнэ хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан нар мэдэгдээд байгаа. Тухайлбал, Таван толгойн ордын үнэлгээг өсгөх, нүүрсийг нь олон улсын зах зээлийн жишигт хүргэхийн тулд тээвэр, дэд бүтцийг нь шийдвэрлэх шаардлагатай юм. Иймд хамгийн түрүүнд  тус  ордоос нүүрс тээвэрлэх төмөр зам тавихад зарцуулах аж. Энэ төмөр зам ашиглалтад орвол ганц нүүрс ч бус зэсийн баяжмал, газрын тос, жонш, цайр зэрэг Монголын өмнөд нутгаас олборлож, боловсруулж буй баялаг дэлхийн зах зээлд хүрэх замтай болно гэсэн үг. Судлаачид Монгол Улс эдийн засгийн бүтцээ өөрчлөх ёстой, тэгэхгүй бол дан ганц ашигт малтмал олборлож зараад хөгжихгүй гэж анхааруулдаг. Жишээлбэл, хамгийн олон ажлын байр бий болгодог аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбараа орхигдуулалгүй хөрөнгө оруулалт хийх учиртай хэмээж буй. Манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал ч үүнийг бэлээхэн харуулах болсон. Иймд дээрх мөнгөнөөс нүүрс, нефть нэрж шатахуун гаргах, сүү, мах, ноос, ноолуур гээд мал аж ахуйн гаралтай түүхий эдээ дотооддоо боловсруулахад зарцуулах нь. Бас цахилгаан станц барих, аймгийн төвүүдийг нийслэлтэй авто замаар холбох, Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Өнөөдөр таван тэрбум ам.доллар гэдэг том том үйлдвэр барих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бага мөнгө. Гэхдээ л нүдийг нь олж хөрөнгө оруулалт хийж чадвал чамлахааргүй хэмжээний мөнгө.
Уг нь, нүүрс, зэсийн үнэ гялалзаж дээш тэмүүлж байх үед монголчууд 1.5 тэрбум ам.доллартай бараг тэнцэх  хэмжээний мөнгө байсан. Харамсалтай нь, түүнийгээ зөв ашиглаж чадалгүй  хуваагаад идчихсэн. Өөрөөр хэлбэл, 1.9 их наяд төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын иргэн бүрт бэлнээр нь олгосон юм. Цаашид бүтээхэд бус үрэлгэн байдлаар хандвал байгалийн баялгаа ашиглаад баяжаад хөгжих бус баларсан улсуудын түүхийн хуудсыг нэгээр нэмж, хар жагсаалтад орж мэднэ.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан