Зэсийн үнэ Лондон болон Шанхайн металлын бирж дээр хэлбэлзэлтэй байна. Хятад болон АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтээс уг металлын үнэ шууд шалтгаална хэмээж байгаа. Учир нь, өнгөрсөн есдүгээр сард эдгээр улс эдийн засгаа сэргээх арга хэмжээ авсны үр дүнд түүхий эдийн ханш нэмэгдэнэ гэсэн найдвараар зэсийн үнэ бага зэрэг өсч байж. Харин дараа сард дундаж үнэ нь 7772 ам.доллар болсон ажээ. Хэдийгээр дээрх улсуудын эдийн засгийн үзүүлэлт сайжирч буй ч зэсийн үнэ нэмэгдэнэ гэдэгт хөрөнгө оруулагчид тийм ч итгэлгүй байгаа гэнэ. Судлаачид он гартал үнэ нь бага зэрэг буурах бөгөөд худалдан авалт нь нэмэгдэхгүй гэж тодорхойлж буй юм. Ирэх гурван сарын хугацаанд худалдан авах зэсийн гэрээний үнэ ам.долларын ханшийн хэлбэлзэлд мэдрэмтгий байгаа аж. Тухайлбал, ам.долларын ханш чангарахад нэг тонн зэсийн үнэ 117 ам.доллараар буурчээ. Харин чангарахад 40 ам.доллараар нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Лондонгийн металлын биржийн зэсийн нөөц 240 мянган тонн болжээ.