Улс үндэстнүүдийн соёл, ёс заншил, байгаль, ан амьтан зэрэг өнө эртнээс эдүгээг хүртэлх түүхийг агуулж байдаг зүйл бол музей. Дэлхий дахинд тэр дундаа Европын орнуудад музейн соёл өндөр төвшинд хөгжсөн байдаг. Европод улс төр, уран зураг, байгаль зэргээс эхлээд нохойны хүзүүвч (Их Британи), давс, хоол амтлагчийн савны (Герман) гэх мэт хачирхалтай үзмэртэй музей олон бий. Хэний ч санаанд оромгүй, Холливудын оддын дотуур хувцасны (АНУ), үсний (Турк), рамён гоймонгийн музей ч (Япон) энэ дэлхий дээр байх юм. Манайд улсын тодотголтой 50 гаруй музей бий. Хамгийн отгон нь энэ сарын 13-нд нээгдсэн “Чингис хаан” музей ховор нандин 400 гаруй үзмэртэй ажээ. Манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй музейнүүдийн цуглуулга дотор дэлхийд ховор нандинд тооцогдох олон үзмэр буй. Манай орны тэргүүлэх таван музейн тухай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна

Монголын үндэсний түүхийн музей 10 танхимтай. Танхимуудад 800 мянган жилийн тэртээд амьдарч байсан хүмүүсийн үлдээсэн багаж зэвсэг тэргүүтэй эд өлгийн зүйл, Хүннү гүрэн, Хядан, Түрэг, Уйгарын үеийн археологийн олдвор, XVII-XX зууны эхэн үеийн монголчуудын төрийн ёслолын хувцас, гоёл чимэглэл, Монголын эзэнт гүрний үеийн төрийн бэлгэдэл, туг сүлд, цэргийн хуяг, дуулга, зэр зэвсэг гэх мэт үзмэр байдаг. Мөн монголчуудын оюуны соёлын үнэт өв болох бичиг үсэг, ном судрын уламжлал, хөгжмийн зэмсэг, ардын тоглоом, гэр сууц, уналга ачлагын тоног хэрэгсэл, Манжийн эрхшээлийн үе, Богд хаант Монгол Улс, социализмаас ардчилсан хувьсгал хүртэлх бүх үеийн түүхийг агуулсан ховор нандин үзвэрүүдийг сонирхох боломжтой.

Байгалийн түүхийн музей урьд нь хэн нэгний бүтээсэн эд өлгийн зүйлийг үзмэрээ болгодоггүй, байгаль дээрээс цуглуулсан цуглуулгаа лабораторын төвшинд боловсруулдгаараа онцлогтой. Нийт 18 танхимтай, хамгийн сонирхолтой нь хөхтөн амьтдын үзмэр юм. Хөхтөн амьтны сан хөмрөгт найман баг, 21 овгийн 90 зүйл амьтны чихмэл, арьс, эвэр, гавлын ясны цуглуулга бий. Хөхтөн амьтдыг үзэгчдэд ойр сонирхолтой байлгах үүднээс тайга, ойт хээр, хээр, говь цөлийн бүсийн экосистемийг байгалийн зурсан зурагтай хослуулан тавьсан байдаг.
Хөхтөн амьтны чихмэлүүдийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цэвэл, Д.Дагиймаа нар хийжээ. Хөхтөн амьтны сан хөмрөгт Монгол орны улаан номонд орсон 30 зүйлийн хөхтөн амьтдын 23-ынх нь чихмэл байдаг.
Монголын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамбад зориулсан “Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд”-ийг 1893-1903 оны хооронд барьжээ. Богд хааныг нас барсны дараахан түүний эзэмшилд байсан түүх, соёлын дурсгалт зүйлийг өвлийн ордонд нь төвлөрүүлж, музей байгуулах шийдвэр гаргасан байна. Тус музейд XVII-XX зууны эхэн үеийн шашин, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд хадгалагддаг.Эдгээрт Богд хаан, Дондогдулам хатдын өмсч байсан дээл хувцас, гадаад, дотоодын зочдын өргөсөн бэлэг дурсгал, худалдан авсан эд зүйлсүүдийг нэрлэж болно.
Музейд тавигдсан үзмэрүүдийн ихэнх нь эх хувилбараараа хадгалагдаж байдгаараа онцлогтой. Цутгамал бурхад, шороон будган уран зураг(танка), торгон зураг, зээгт наамал, модон сийлбэр, цаасан шуумал, бурхан тахилын эд зүйлс, амьтны чихмэл, төрөл бүрийн цуглуулга, туслах эд зүйлс, уран барилга гэсэн 12 төрлийн ангилалтай. Үзмэрээ дотор нь хосгүй үнэт, үнэт, ердийн гэсэн гурван зэрэглэлд хуваадаг. 2003 оны байдлаар хосгүй үнэт үзмэр 68 ширхэг, үнэт үзмэр 23 ширхэг бүртгэгдсэн байна. Хосгүй үнэт үзмэрийн тоонд Г.Занабазарын өөрийн урласан алтан шармал цутгамал бурхад, Жүгдэрийн 1912 оны Нийслэл хүрээг харуулсан зураг, Монголын орчин үеийн уран зургийн эх суурийг үндэслэгч “Марзан” гэж алдаршсан Б.Шаравын бүтээлүүд зүй ёсоор ордог.

Yүний зэрэгцээ хааны ордны уран хатгамалчдын бүтээсэн үнэт чулуун шигтгээ, чимэг бүхий зээгт наамлууд бий. Энэхүү ордон музей нь муу ёрын сүнснүүдээс хамгаалсан хаалттай буюу Яншай хаалга, Богд хаан болон түүний хатан, ойр төрлийн садангийн хүмүүс нь ордог нээлттэй буюу Асарт хаалга, нэг ч хадаас хэрэглэлгүйгээр 108 төрлийн оньсоор угсарч барьсан Амгалан энхийн гэсэн гурван хаалгатай. Мөн Махранзын, Ранса буюу Сэрүүн, Торгон зургийн, Уран зургийн, Цайдан, Бурхны, Даврин гэсэн зургаан сүм байдаг.
Богд хааны ирвэсийн арьсан гэр нь үзэгчдийн хамгийн их сонирхлыг татдаг. Богд гэгээний 25 насны ойд зориулж 1893 онд Сэцэн хан аймгийн бэйс Сангилигдорж тус гэрийг бэлэглэжээ. Энэ гэрийн бүрээсэнд 150 ирвэсийн арьс орсон ба гэрийн хаалга, тооно, унийг үндэсний хээгээр зүмбэрлэж чимсэн ба тавилга, бурхан тахил, эд хэрэглэл бүр нь уран хийцтэй. Богд хаан гэрийг бороо хургүй цагт гадаа бариулж 10 хоног -бясалгал үйлддэг байж.


Өндөр Гэгээн Занабазарын урласан Цагаан дарь эх, Язгуурын таван бурхны дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд тус музейд хадгалагддаг тул 1995 оноос Г.Занабазарын нэрэмжит болгосон юм. Мөн XIX-XX зууны үеийн нэрт мастеруудын бүтээсэн ардын урлагийн бүтээлүүд, шүрэн баг, есөн эрдэнэ, шороон будгаар өнгө хослуулан бүтээсэн бурхдын хөрөг, Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Гүүний үрс гаргалт” зэрэг хосгүй бүтээлүүд тэнд бий. Нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 10000 гаруй үзмэртэй, 12 танхим тус музейд байдаг.