Өмнөд Солонгосын К-поп урсгалаас дэлхийн хэмжээнд хамгийн их танигдсан PSY-гийн “Gangnam Style” дуу ээлжит рекордоо тогтоолоо. Гэхдээ энэ удаа “Gangnam Style” зөвхөн к-попын хэмжээнд биш, дэлхийн хэмжээний дээд амжилтыг тогтоосон нь “Youtube”-ээр бүх цаг үеийн хамгийн олон удаа үзсэн видео болсон юм. Өнгөрсөн долдугаар сарын 15-нд анх “Youtube”-д байршуулснаас хойш өдий хүртэл дөрвөн сарын хугацаанд дэлхий даяар 810 сая удаа энэхүү видеог үзжээ. “Gangnam Style”-ийн үзэгчдийн тоо 808 саяд хүрснээр өмнөх бүх видеоны хүрч чадаагүй босгыг давсан бөгөөд өнөөдрийн байдлаар 810 сая 795 мянгад хүрээд байгаа нь энэ амжилтаа улам бататгаж байгаа хэрэг юм. Түүгээр ч барахгүй эдгээр үзэгчдийн 5,3 сая нь энэ клипэнд “like” дарсан нь хамгийн олон хүнд таалагдсан гэдэг үзүүлэлтээр Гиннесийн дээд амжилт тогтоогоод байгаа билээ.
К-попын төлөөлөгч, рэппер PSY-гийн энэхүү клип цоглог хэмнэл, өнгөлөг байдал, хамгийн гол нь бага зэрэг ил задгай мэт боловч олон хүнийг хөгжилтэй байдлаараа татдаг морины бүжгээрээ дэлхийн олон сая үзэгчдийг татсаар байгаа билээ. Энэхүү бүжгийг Венец, Сиднейн залуусаас эхлээд Филиппиний шоронгийн хоригдлууд хүртэл дэлхийн хэдэн мянган хүн флэш мобоор бүжиглэж тэрхүү бичлэг нь Youtube-д цацагдсанаас гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунаас эхлээд Бритни Спирс, Мел Би, Хайди Клум хүртэл олон арван алдартан PSY-тай хамтарч олны өмнө бүжиглээд байгаа юм. Тийм ч учраас дэлхийн 28 орны хит дууны жагсаалтыг тэргүүлсэн энэхүү клипийг MTV-гийн Европын хөгжмийн шагнал гардуулах ёслолоос 2012 оны шилдэг видеогоор нэрлэсэн юм.
PSY-гийн “Gangnam Style”-аас өмнө Жастин Биберийн алдарт хит “Baby” дууны клип нь 804 сая удаа үзсэн амжилтаар энэхүү рекордыг эзэмшиж байсан билээ.